&#34Авьяасын вант улс&#34-аар зочилсон нь

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

&#34Авьяасын вант улс&#34-аар зочилсон нь

Хүүхдүүд сонгодог хөгжмийн аялгуунд уран зураг зурж сууна. Ингэхдээ харандаа бас баллуур ашиглахгүй зөвхөн тосон балаар зурах бөгөөд  буруу зурчих вий гэсэн айдас тэндэнд огт алга. Зурсан зураас болгон нь амилж гайхалтай бүтээл гарахыг хараад зургийг баллуурдахгүй тэгсэн хэрнээ  алдаагүй зурж болдог юм гэдгийг  ухаарав. Зураг зурна гэхээр л юуны түрүүнд баллуур, харандаа л санаанд буудаг миний хувьд тэдгээр хүүхдүүдээр бахархах  сэтгэл төрсөн юм. Энэ авьяаслаг хүүхдүүд бол “Монгени” цогцолбор сургуулийн сурагчид.

Тус сургуулийн уран зургийн дугуйланг Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд удирдан явуулдаг  юм байна. Ц.Цэгмэд зураач хүүхдүүдийг "тэгж зур, ингэж буд" гэж заахаас илүүтэй тухайн хүүхдийн өөрийнх нь дотоод мэдрэмж, зөн зовингоор нь зуруулдаг онцлогтой аж. Тэрбээр  урландаа сонгодог хөгжмийн, эсвэл морин хуурын аялгуу тавьж хүүхдүүд тэрхүү аялгууг удаан сонсож эргэцүүлсний эцэст  өөрт буусан бодлоо цаасан дээр буулгадаг байна. Ингэхдээ харандаа баллуур ашиглахгүй зөвхөн тосон балаар зурдаг нь Ц.Цэгмэд багшийн сургалтын гол технологи энэ. Түүнийхээр бол буруу зураг гэж байдаггүй, бодсноо л зурах ёстой гэнэ. Монгени сургуулийн үе үеийн төгсөгчдийн ийм гайхалтай бүтээлүүдээр сургуулийн захиргаа галерей байгуулан нийтэд дэлгэн үзүүлдэг болсон нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээжээ.

Энэ бол “Монгени” сургуулийн нэг л сургалтын  дүр зураг. Тус сургууль нь хүүхдийн авьяасыг хөгжүүлэх талаар нийслэлийн тэр ч байтугай улсын хэмжээнд тэргүүлэх сургууль гэдгийг нүдээр үзсэн хэн бүхэн хэлдэг. Үнэхээр газар дээр нь очоод нүдээр үзсэн хүний хувьд тус сургуулийг "Авьяасын вант улс" гэж нэрлэмээр санагдсан. Учир нь тэнд  нисэх загвар, авто загвар, усан загвар, интерьер,  уран зураг, монгол зураг, драм, сонгодог бүжиг, монгол бүжиг, төгөлдөр хуур, ёочин, хийл, шанз, хуучир, гитар, бөмбөр, цахилгаан хөгжим, найрал дуу, бөх, бокс, теннис, сагс, гар бөмбөг, шатар, оёдол, радио холбоо  гэх мэт хүүхэд юу л сурах боломж байна тэр бүх орчныг бүрдүүлж, тоног төхөөрөмжийг суурилуулж  чаджээ. Тус сургуулийн 1500 хүүхдийн  нэг нь ч  дугуйлан секцээс ангид байх боломжгүй болтол нь орчин бүрдүүлсэн  болохоор тэнд хүүхэд бүрийн авьяас нээгдэхээс ч  аргагүй юм. Олон авьяастныг алдрын замд үдсэн энэ сургуульд  дээр дурдсан Цэгмэд зураачаас эхлээд  "Хурд" хамтлагийн хөгжимчин Нарсар, боксын  дэлхийн аварга тамирчин Баяртогтох, хошин урлагийнхны загалмайлсан эх  Даваахүү нараас гадна авьяаслаг залуу багш нар дугуйлан хичээллүүлж байна. 

Нисэх загвар, авто загвар, усан загварын дугуйлангийнхан удахгүй болох  тэмцээнд бэлдээд тун ч завгүй бэлтгэж байв.  Монгени сургуулийн  багш сурагчдын урласан загвар уралдаан тэмцээнд ёс юм шиг түрүү байр эзэлдэг учраас бусад оролцогч тэднээс зөвлөгөө авч ажилладаг болжээ. Тухайлбал, биднийг очих үеэр Ховд аймгийн гуравдугаар сургуулийн технологийн багш Н.Баяр хоёр шавийнхаа хамт ирчихсэн уралдаанд орох загвараа урлаад сууж байлаа. Баяр багш "Уралдаанд хүүхдээ бэлдэх гэж Монгени сургууль дээр тав дахь өдрөө ажиллаж байна. Бид аймаг орон нутагтаа болдог уралдаан тэмцээнд оролцож  2-3-дугаар  байр эзэлж байлаа. Энэ жил түрүү байр авах л санаа байна" гэж байсан юм. 

Ийм олон дугуйлан секц хичээлүүлж хүүхдийн авьяасыг нээхийн зэрэгцээ үндсэн ерөнхий эрдмийн хичээлээ  орхигдуулахгүй байгалийн ухааны чиглэлээр явагддаг олимпиадуудад тус сургуулийн хүүхдүүд мөн л дээгүүр амжилт үзүүлдэг нь яалт ч үгүй сургуулийн арга зүйн тусгай технологитой холбоотой юм.   

Монгени сургуулийн захирал Н.Лхагва Боловсролын үйл ажиллагааг эрэмбэлэн цэгцлэх, орвонгоор нь сайжруулах, агуулга үйл явцын суурь ойлголтыг эргэн авч үзэх, язгуурыг дахин дизайнчлах асуудлыг 1991 онд "Монгени-21" төслөөрөө дэвшүүлж гаргаж ирсэн байдаг. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь "Томчууд бид хүүхдээс чухам юу хүсч байгаагаар бус харин хүүхэд өөрөө юуг хүсч, юунд тэмүүлж байна тэр сэдлээр нь хөгжүүлэх.  Чухамдаа хүүхэд бүрийн сурах боломжид тулгуурлан боловсрол эзэмшүүлэх хамгийн боломжтой арга замыг л сонгож олох юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн төрөлх эрхийг дээдэлсэн, чөлөөт сонголт голлосон албадмал бус сургалт явуулах нь энэ сургуулийн гол зорилго бөгөөд энэ нь боловсролын хүнлэг хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэх ирээдүйн сургуулийн шинэ дүр төрхийг бий болгож байгаа юм" хэмээн Н.Лхагваа захирал онцолж байлаа.

Б.ЭНХ

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж