
Миранда Керр 13 настайдаа загварын ертөнц, шоу бизнест хөл тавьсан. Өсвөр насны охин “Impulse Fragrances” болон “Dolly” сэтгүүлээс зохион байгуулсан шинэ модель бэлтгэх уралдаанд оролцож, түрүүлжээ. Хэтэрхий бага залуу байсан тул загварынхны хүрээнд дуулиан гаргаж чадав. Түүний дотуур хувцасны зураг авалтыг “порно” хэмээн тодотгож байсан юм. Тэр өөрийгөө нүцгэн биш, загварууд нь өсвөр насныханд зориулсан хэмээж, өөрийгөө зөвтгөж чаджээ.
Үзэсгэлэн гоо төрхөөрөө тэр Австралийн “Chadwick Models Melbourne Division” агентлагийн модель болов. Миранда Керрийн өндөр 175 см байгаа нь тайзнаа хамгийн тохиромжтой хэмжээ юм. Жин 49 кг, байнга хоолны дэглэм барьж, жингээ хадгалдаг гэнэ. Сиднейн “Chic Management” агентлагтай холбоотой байсны ачаар тэр удалгүй Японд алдаршив. Харин дэлхийд түүнийг “Billabong”-ийн зураг авалт танилцуулж, нээж өгсөн юм. Ингээд Нью-Йоркт ажиллах урилга хүлээн авчээ. Удалгүй Роберто Кавалли, Жон Ричмонд, Блюмарин Свимвеар, Нейман Маркус, Анна Молинари зэрэг брэндүүдтэй хамтрах болсон юм.

Түүний зураг сэтгүүлийн хуудаснаа харагдах болж, яг энэ цаг үеэр “Victoria’s Secret” Миранда анхааралдаа авчээ. Ингээд л энэ бүсгүй Австралид төрсөн анхны сахиусан тэнгэр болсон юм.
Миранда Керр “Карибийн тэнгисийн далайн дээрэмчин” киноны од Орландо Блум хоёр 2008 оноос хамт амьдарч байна. Тэд 2010 онд хуримлаж, 2011 онд Флинн гэх хөөрхөн хүүтэй болжээ.
2010 оны тавдугаар сард “Forbes” хамгийн өндөр хөлстэй моделиудын жагсаалтын есдүгээрт Керрийг нэрлэв. «FHM» сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн дур булаам 100 эмэгтэйчүүд жагсаалтдаа тогтмол оруулж байна.


