“Гучин сая хүн амтай орны “ардчиллыг” үл анзаарагч хэсгийг Чавес улс төрд түлхэн оруулсан юм. Тэд бол хүн амын хамгийн ядуу, хамгийн боловсролгүй давхарга. Тэд Чавесийн бодлогоос урамшуулал хүртэгчид нь болсон юм. “Карибийн тэнгисийн дээрэмчид”-ийн үр удам гэгдэх тэдний хувьд үнэгүй угаалгын машин, цахилгаан зуухаар баталгаажуулсан удирдагчийн анхаарал халамж тааламжтай байлаа”.
Фидель Кастро л 2011 онд эмнэлгийн бүрэн шинжилгээ хийлгэ гэж ятгасан хэмээн Уго Чавес хэлсэн байдаг. Гэтэл яаралтай мэс засал хийлгэх шаардлага гарлаа. Хавдар нь бейсболын бөмбөг шиг томорсон байж. Тэгэхлээр өвчнийг оношлох хугацаа оройтсон болж таарав. Тухайн үед Чавес Латин Америкийн гурван ч лидерийг хорт хавдраас эмчилж чадсан Бразилийн нэртэй эмнэлгээс татгалзаж, Кубыг сонгосон юм. Шалтгаан нь нууц байдлаа баталгаажуулсан хэрэг. Өөрийн өвчинд хэрхэн хандсан шиг тэр улс орныхоо эдийн засагт тэгж л хандсан. Тун хайхрамжгүйгээр…
Чавес 1998 онд засагт гарч ирэх нь ойлгомжтой болсон байлаа. Тэр үед ардчилсан Латин Америкийн “загвар” болсон хоёр намын системээс хүн амын ихэнх нь залхсан байв. Эрх чөлөө хангалттай, гэтэл улс төрийн элит нь бүхнийг хамаарсан авлигад автагдаж, нийгмийн давхрагуудын ялгаа сүйрлийн хэмжээнд хүрсэн байв. Чавес олныг дагуулах увидасаараа сонгуульд шударгаар ялж, 56 хувийн саналаар засгийн эрхэнд гарлаа. Үүнээс хэдэн жилийн өмнө тэрээр засаг авах гэж цэргийн эргэлт хийн бүтэлгүйтэж байсан юм.
Тэрбээр 14 жилийн турш засгийн эрхийг атгахдаа ямагт сонгогчдын дийлэнх болох давхрагад тулгуурлан цөөнхийн улс төрийн эрмэлзлэлийг хатуугаар дарж ирэв. Дэнжигнэж байхаас хүч үзүүлэх нь хамаагүй үр дүнтэй байв. Тэрээр сөрөг хүчний лидерүүдийг шоронд суулгаагүй, сонгуульд ч оролцуулж байсан. Америкчууд сонгууль будилаантай л гэдэг байлаа. Нэгэн удаа Чавес Үндсэн хуулиар явуулсан бүх нийтийн санал асуулгад ялагдал хүлээсэн юм. Хоёрхон хувиар, тэр түүнийг “сунгаж татахаар” оролдоогүй. Гудамжид эсэргүүцэл гаргагчдын эсрэг тэр 2002 онд ганц удаа буудах тушаал өгөөд хуйвалдаанд өртөж, засгийн эрхээ алдах шахаж байв. Ер нь бол хоёр хоног алдсан. Харин одоо сөрөг хүчний лидерүүд түүнийг нас барсны дараа хамгийн түрүүнд шахам эмгэнэл илэрхийлсэн билээ.
“Гучин сая хүн амтай орны “ардчиллыг” үл анзаарагч хэсгийг Чавес улс төрд түлхэн оруулсан юм. Тэд бол хүн амын хамгийн ядуу, хамгийн боловсролгүй давхарга. Тэд Чавесийн бодлогоос урамшуулал хүртэгчид нь болсон юм. “Карибийн тэнгисийн дээрэмчид”-ийн үр удам гэгдэх венесуэльчуудыг зэвсэгтэй байх эрхийг хүлээн зөвшөөрсөнд тэд талархаж явдаг.
Тэгээд ч Чавес 2012 оны сүүлийн сонгуулиараа цугласан олныг есөн цагийн үг хэлэлтээрээ барьж чадсан, хүнийг татах чадвартай лидертээ ердийн сонгогчид нь татгалзаж чадсангүй өдийг хүрчээ. Хэрэв сонгуулийн сурталчилгааны цуглаанд угаалгын машин, цахилгаан зуух үнэгүй тарааж байсан гэвэл есөн цагийн яриаг тэсвэрлэж л таарна. Эдгээр үнэгүй бэлэг нь Венесуэлийн Хятадад төлөх 43 тэрбум ам.долларын зээлэнд орсон нь ердийн хүмүүсийг догдлуулахгүй нь мэдээж.
Уго Чавес ардчиллын сахиусан тэнгэр байгаагүй. Хэтэрхий харгис хатуугаар эсэргүүцлийг дарах хэрэг түүнд бараг гараагүй гэж болно. Нэгэн удаа, 2004 онд сөрөг хүчин түүнийг засгаас халахын төлөө 3,6 сая гарын үсэг цуглуулж чадсан байв. Удалгүй жагсаалтад гарын үсгээ тавьсан хүмүүсийн жагсаалтыг сонин хэвлэлээр нийтэлжээ. Олон ч хүн тэр гарын үсгээсээ болж ажлаа, карьераа алдсан юм. Тэгээд л сөрөг хүчин орон нутгийн засаг захиргааны сонгуульд ялах боллоо. Чавес нутгийн захиргаануудыг татан буулгав. Парламентын олон эрхийг хасаад өөрийн гарын доорх засаглалын босоо тэнхлэгийг бий болгосон юм. Гэсэн ч сөрөг хүчин захирагчдын сонгуулиар гайгүй амжилт үзүүлэв. Тэрээр массмедиаг цэвэрлэн албан ёсны сурталчилгаа явуулдаг сувгуудтай болголоо. Бие даасан шүүх засаглалыг өөрийн дор дарж авав. Ардчиллын доод бүтцийг “боливарианы хороо нэртэйгээр бий болгосон ч тэр “ядуусын хороонууд” нь цэвэр чимэглэх үүрэгтэй байв. Бүх шийдвэрийг Чавес өөрөө гаргаж байлаа.
“Боливарианы хувьсгал”-ыг зарлан ХХI зууны социализм байгуулна гэсэн Чавесийн бодлогод улс төр нь үү, эдийн засаг нь уу аль нь тэргүүлж байсныг тодорхойлоход бэрх. Эдийн засгийн чухал шийдвэрийг тэрээр телевизийн шууд нэвтрүүлэгтээ гэнэтхэн гаргаж ирдэг арга барилтай. Чавес телевизийн нэвтрүүлгийг ням гаригт хөтлөн явуулдаг байсан ба тэр нь заримдаа 12 цагийн турш үргэлжлэх нь юу ч биш. Гэхдээ л Венесуэлийн удирдагч засаг барихдаа тодорхой хэмжээний амжилт олсон гэж болно.
Тухайлбал, “тэгш бусын индекс” (Жинийн коэффициент) буурч “скандинавын төвшин”-д ойртон 0,39 (харьцуулбал тэр нь хэдийгээр түүхэн доод хэмжээндээ хүрсэн ч Бразилид 0,52, АНУ-д 0,47, Орос бас л тэр орчим байгаа) болсон байна. Эдийн засгийн “бялуу” нь арай тэгшээр хуваарилагдах болсон байв. Чавесийн засаг барьсан эхний арван жилд ядуусын тоо бараг тал хувиар буурч, хүн амын 30 хувийг эзэлсэн юм. Хүүхдийн үхэл 30 хувиар, хүнсний дутагдлаас нас барах нь 50 хувиар буурч, коллежийн сурагчдын тоо хоёр дахин нэмэгджээ. Чавес ядууст зориулсан 27 үндэсний хөтөлбөр санаачилсан байв. Анагаах, боловсролын салбарт хөтөлбөрүүд нь “үйлс” гэж нэрлэгдэн тэднийг хэрэгжүүлэхэд Кубын мэргэжилтнүүд тусалсан юм. Эмч, спортын дасгалжуулагч нарын хамт Куба Венесуэльд тусгай албадын 5000 орчим мэргэжилтэн илгээсэн байлаа. Түүний хийсэн хамгийн сүүлчийн бэлэг нь ядууст тараасан 240 мянган байр сууц болжээ.
Өнгөрсөн жилийн сонгуулийн сурталчилгаандаа тэр 2018 он гэхэд ядууст зориулсан гурван сая байр барихаар амласан байв. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зардал нь зөвхөн сонгуулийн 2012 онд 30 хувиар өссөн байлаа. Эдгээрийн эх сурвалж нь нефть юм. Чавесийг засаг барьсан он жилүүдэд нефтиэс нэг их наяд гаруй ам.доллар орж иржээ. Америкийн эсрэг үг, яриагаар алдартай байсан ч Чавес АНУ-ын хамгийн найдвартай нефть нийлүүлэгч байлаа. Тэндээс 350 тэрбум гаруй ам.доллар Венесуэлийн сан хөмрөгт оржээ.
Венесуэль амжилтад хүрсэн нь ойлгомжтой. Гэхдээ юуны түрүүнд 1980–90-ээд оны “ялзарсан ардчилал”-тай харьцуулахад тэр. 2000-аад оны эрчимтэй хөгжиж байгаа бусад орнуудтай харьцуулбал, тэр нь дунджаас доогуур. Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох үзүүлэлт энэ орны хувьд бас л зүүний дэглэмүүдтэй Перу, Бразильтай харьцуулахад хамгийн тааруу бөгөөд бодит орлого унасан байв. Латин Америкийн хамгийн амжилттай “зүүний хөтөлбөр” нь Чавес биш, Лула да Сильва ерөнхийлөгчтэй Бразиль болж байгаа.
Чавесийн эдийн засгийн загвар нь маш үр дүн муутай, тултлаа авлигажсан, “нефтийн тариурын зүүн дээр” (импортын орлогын 90% гаруй) суусан хагас улсын эдийн засаг. Гол саалийн үнээ нь нефтийн PDVSA гэх улсын компани. Мөн Засгийн газрын бүрэн хяналтад байдаг Төв банк (түүний бие даасан байдлыг ярих нь тус оронд буруу ном болдог) бас л “саалийн үнээ” нь болох бөгөөд тэр нь удирдагчийн нийгмийн хөтөлбөрийг төсвөөс гадуур санхүүжүүлэх гол эх булаг нь юм. Нефть олборлолтыг шинэчлэх хөрөнгө байхгүй учраас олборлолтыг 2012 онд өдөрт 5,8 сая баррель болгоно гэсэн амлалт эсрэгээрээ өрнөж, 3,5-аас 2,8-3 сая баррель болтлоо буурчээ. Гэхдээ шатахуун түгээгүүрт банк дүүрэн бензин нэг ам.доллар хүрэхгүй хямд үнэтэй. Чадвес нийт 400 мянган баррель нефтийг өдөр бүр Латин Америкт АНУ-ын эсрэг байгуулсан эвслийнхээ холбоотнуудад татаасын үнээр илгээдэг. Кубад гэхэд л өдөрт 100 мянган баррель нефть өгч байна.
Чавес улсын олон тооны “хөрөнгө оруулалтын сан” байгуулсан нь инфляци нь 20 хувиас буухгүй байгаа эдийн засгийн байдлын энэ үеэр авлигын гол саалтуур нь болж байгаа. Латин Америкийн хувьд инфляци 5 хувьд байгаа. Дэлхийн банкны тооцоогоор энэ жилд төсвийн алдагдал нь ДНБ-ний 12 хувь болох бөгөөд өсөлт нь унтарч 1,8 хувь орчим байх гэнэ. Уналтад орох ч магадлал байгаа.
Улс орны эдийн засагт хөрөнгө оруулах асуудлын гуравны нэгийг хариуцсан улсын мэдлийн Fonden гэх корпорацид 2005 оноос хойш 100 гаруй тэрбум ам.доллар зам барих, үйлдвэр босгох нэрээр урсаад алга болжээ. Тус орны дэд бүтэц маш өрөвдөлтэй байдалд байгаа гэнэ. Цахилгаан станцууд нь өөрийн нефтиэр ажилладаг ч цахилгааны саатал, хязгаарлалт жил жилээр үргэлжилж буй. Нийслэлд ч мөн ялгаагүй. PDVSA станцуудаа байгалийн хийгээр хангаж чадахгүй байгаа. Саяхан автын гол замуудын нэг дээр элэгдлийн улмаас гүүр нурсан байв. Хуучирснаас эмнэлгүүд ч мууджээ. Энэ бүгдийг гэмт хэрэг дагалдаж буй. Венесуэльд хүн амины хэрэг 100 мянган хүнд 70 ноогдож байгаа нь дэлхийд гэмт хэргийн гаралтаар тэргүүлэх хэмжээнд байна.
Чавесийн үеэр хүнд сурталтнууд хоёр дахин өсч, 2,4 сая хүн болов. Эдийн засгийн нийгмийн салбарт ажиллагсад 15-20 хувьд хүрч, нэмэгджээ. Хувийн бизнес хавчин шахагдаж байна. Чавесийн хувьд бизнесийн жишиг нь тун энгийн. Улсаас бүрэн хамааралтай, жижиг, өрсөлдөх чадваргүй байх ёстой. Сурталчилгаа нь ямагт дамчид, мөнгө хүүлэгчдийг муулахад чиглэдэг. Үнийн зохицуулалтад орсон олон бараа бүтээгдэхүүн нь байнгын хомсдолд оржээ. Албан тушаалтнуудаас үл хамаарах үйлдвэрлэгч нар зохицуултын хэм хэмжээ төгсгөлгүй лиценз зэргээс хамааран хаагдаж байна.
Газар эзэмшигчдээс хэдэн сая акр газрыг нь нийгэмчлээд харин хүнсний хангамжаа импортоор бүтээх болсон байна. Хүнд сурталтнуудад ойр импортын компаниуд л гадаад валютын арилжаанд орох эрхтэй. Бизнесменүүдэд гэнэтийн шалгалт, “дамлахаар нуусан сахар зэргийг” олж илрүүлэх ажиллагаа байнгын заналхийж байна.
2000-аад оны дунд үеэс эдийн засгийг нийгэмчлэх, засаглалын босоо тэнхлэгээ бэхжүүлэхээр Чавес эрс эргэлээ. Зуу орчим том компани, бараг 900 арай жижиг компаниудыг нийгэмчлэв. Гэтэл Венесуэлийн хөрөнгийн зах зээл тэнгэрт дэгдэн өсөлт нь 2000-2010 онд 870 хувь хүрэв. Энэ үзүүлэлт нь Чилид 275 хувь, Бразильд 299 хувь, Мексикт 554 хувь байна. Энэ бол эдийн засгаа хувьчилсан, авлигад идэгдсэн хүнд сурталтнуудын хувьд ердийн хэрэг.
Гадаад бодлогодоо АНУ-ын эсрэг хувьсгалт аян өрнүүлж байсан Чавес бас ч үгүй “оч үсэргэх” маягаар хандаж байлаа. Түүний догшин ширүүн яриаг дэмжигчид олдож, Чавес хэд хэдэн бүсийн холбоотнуудтай болсон байв. Жишээлбэл, Америкийн эсрэг Боливарианы холбоо байна. Венесуэлийн угжиж байсан дэглэмүүд л тэнд нэгдсэн. Тухайлбал, Гаити жилдээ 400 саяыг, Никарагуа ч бас л тэр хэмжээний мөнгийг Чавесаас авч байв. Кубад өгсөн Чавесийн жилийн татаас нь 3-4 тэрбум ам.доллар. Одоо ямар ч шинэ засаг энэ бүгдээс татгалзах байлгүй. Венесуэлийн эдийн засгийн хүнд байдал үүнийг үргэлжлүүлэх боломж өгөхгүй байх.
Нөгөө талаасаа Чавесийн үг хэллэг хурц байсан ч АНУ-ын хувьд гомдоод байх зүйлгүй байв. Тэр давраад байгаагүй. Үүнийхээ төлөө Америкийн зэвсгийн хориг болох ёс төдий “шийтгэл” амсчээ. Энэ цагаар Латин Америк орнуудын АНУ-ын эсрэг эв санааны нэгдэл нь арилах болоогүй байна. Тэр нь Латин Америкийн “зүүний хөтөлбөрүүд” хэрхэн хэрэгжихээс хамаарна. Мөн Америкийн шинэ неолиберал эдийн засгийн онол АНУ-даа хэрхэн нэр төр нь буурахаас бас хамааралтай.
Чавес зэр зэвсгээ бусад газруудаас хангалттай хэмжээнд, тодруулбал, 15 тэрбум ам.доллараар худалдан авсан байгаа. Голчлон Оросоос. Одоо тэр нь шинэ засаг гарахад хумигдах биз. Тус оронд тийм их зэр зэвсэг хэрэггүй, байлдаад байх орнууд ч түүнд алга байна. Үүнээс багагүй түгшүүрийг тус орон дахь Оросын нефтийн төслүүдэд авчирч байгаа. Орос нь тус орны “Хунин-6” гэх том төсөлд орсон бөгөөд 40 жилийн дотор 20 тэрбумын хөрөнгө оруулах ёстой. “Роснефть”, “Лукойл”, “Сургутнефтегаз”, ТНК-ВР, “Газпромнефть зэрэг нефтийн үндэсний консерциум нь тэнд ажиллах ёстой байгаа. Мөн “Роснефть” нь PDVSA компанитай хамтран “Карабобо-2” төслийг хэрэгжүүлэхэд 16 тэрбум ам.доллар оруулахаар тохиролцсон байгаа билээ. Лидертээ найдсан авлигатай энэ улс оронд 40 жилээр гэрээ хийж болох уу гэдэг нь бас найдвваргүй юм. ExxonMobil ч тухайн үедээ том төлөвлөгөөтэй байсан ч түүнийг ямар ч нөхвөргүйгээр Чавес хөөсөн түүхтэй. Хөрөнгө оруулалт нь асуудалгүй байгаа ч орлогоо хэрхэн авах вэ гэдэг нь том хүндрэл үүсгэнэ.
Одоогоор Чавесийг залгамжлах хүн нь Кубатай сайн холбоотой дэд ерөнхийлөгч Николас Мадуро харагдаж байна. Сөрөг хүчний лидер Каприлес өнгөрсөн сонгуулиар Чавесаас 11 хувиар хоцорсон ба дараа нь сөрөг хүчин захирагчийн сонгуульд амжилтгүй оролцоЖ, 26 мужийн дөнгөж гуравт нь ялсан байв.
Одоогийн сонгуульд залгамжлагчийн төлөөх өрөвч сэтгэл л чухал байх болов уу. Залгамжлагчийн Нэгдсэн социалист намын доторх гол өрсөлдөгч, Үндэсний ассамблейн спикер Диосдадо Кобейо цэргийнхний дэмжлэгтэй ч өөрөө татгалзсан. Одоо бол Чавесийн өвийн үр дагавартай зууралдах цаг биш. Тэгэхлээр залгамжлагч нь л түүнтэй зууралдах болж байна. Мадуро үндэсний валютын ханшаа 30 хувиар буулгаад байна. Венесуэлийн эдийн засагт “химийн эмчилгээний” цочролтын арга хэмжээ хийх нь зайлшгүй тулгараад байна. Тийм “эмч нар”-ын улс төрийн нас даанч богино байдаг.