Австрид автын том осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Австрид автын том осол гарчээ

Австрид сүүлийн хэдэн өдрийн турш их хэмжээний цас орсны улмаас өчигдөр Вена хотын ойролцоо “A1” зам дээр ойролцоогоор 100 автомашин мөргөлдсөн том осол гарчээ. Ослын улмаас нэг хүн нас барсан бөгөөд осолдсон машинууд хоёр км орчим урт цуваа үүсгэсэн байна.Осолд 40 орчим ачааны болон том оврын автомашин, 60 суудлын тэрэг өртжээ. Австрийн албаныхны мэдээлснээр ослын газарт зургаан галт унтраах албаны автомашин, түргэн тусламжийн автомашин болон нисдэг тэрэг ажиллажээ. ВВС-ийн мэдээлснээр Австрийн албаныхан урьдчилсан байдлаар ослын шалтгааныг их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдан, автозамд халтиргаа, гулгаа үүссэнээс үүдсэн хэмээн дүгнэсэн байна.

Түүнчлэн Австрийн зүүн хэсгийн “A2” автозам дээр өчигдөр хоёр ч осол гарснаас 29 хүн гэмтэж бэртсэний зургаагийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Тиймээс албаныхан автозамын хоёр урсгалыг түр хугацаагаар хаах арга хэмжээ авчээ.

Европ даяар сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, цас их хэмжээгээр орж байгаагаас автозамын түгжрэл, цахилгаан дулааны хангамжинд асуудал үүсэх болсон байна. Их хэмжээний цасны улмаас Украйны нийслэл Киевт автозамын осол аваар их гарч байгаагаас үүдэн оршин суугчид автомашины оронд цана ашиглах болжээ. Харин Румыны гурван бүс нутагт цасны улмаас цэцэрлэг сургуулиуд хаалгаа барьж, автозамын хөдөлгөөнд хүндрэл, саатал үүссэн байна. Түүнчлэн Унгар, Их Британид ч их цас орсны улмаас автозамын байдал хүнд байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж