Спортын ертөнц дэх мөнгө

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Спортын ертөнц дэх мөнгө

Мэргэжлийн спортын цаана асар их хэмжээний хөрөнгө, мөнгө эргэлдэж байдаг.  Санхүүгийн хувьд хэдий чинээ баталгаатай байна, төдий хэмжээний амжилт дагуулах нь бий. Орчин үеийн мэргэжлийн спортууд дундаас АНУ-ын NBA, NFL, NHL зэрэг лигүүдэд хамгийн их  хөрөнгө мөнгө эргэлдэж байгаа гэж “Форбес” сэтгүүлийн сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар батлагджээ.  

Флойд Мэйведер хамгийн их орлоготой тамирчин

“Форбес” сэтгүүл өнгөрсөн жил хамгийн их ашиг олсон тамирчдыг танилцууллаа. Энэ жил анх удаа эхний 100 тамирчинг нэрлэсэн бөгөөд 11 спортын төлөөлөл багтжээ. Эдгээр 100 тамирчинд 30 америк хөлбөмбөгч багтсан нь энэ спортынхон хамгийн баян болохыг баталсан үйл явдал боллоо. Энэ жилийн “Хамгийн их орлого олсон тамирчин”-аар “Money” хочит, үйл хөдлөл болгон нь асар их мөнгө авчрах болсон Флойд Мейведер жагсаалтыг тэргүүллээ. Тэрээр өнгөрсөн жил ердөө хоёрхон удаа тулалдаж, рингэн дээр цаг хүрэхгүй хугацааг өнгөрөөсөн ч 85 сая ногоон халаасалжээ. Түүний байгуулсан Мейведер промотер компани ч ашигт нь багагүй хэмжээгээр нэмэр болсон байна. Харин хоёрдугаар байранд Филиппиний домог Мэнни Пакьяо орлоо. Тэрээр өнгөрсөн улиралд хоёр тоглолт хийж, 62 сая ам.долларын ашиг олсон байна. Үүнд Филиппин дэх телевизийн эрх, Найк, Хеннеси гэх мэт компаниудтай хийсэн сурталчилгааны гэрээнүүд орсон байгаа. Мөн энэхүү жагсаалтад АНУ-ын 64 тамирчин орсон юм. Тэгэхээр АНУ-ын мэргэжлийн спортод хамгийн их мөнгө эргэлддэг аж. Харин хамгийн өндөртэй орлоготой хөлбөмбөгч Дэвид Бэкхем тэргүүтэй Их Британиас долоон тамирчин жагсаалтад багтжээ. 2001 оноос хойш уг жагсаалтыг тэргүүлсэн Тайгер Вуудс энэ жил гуравдугаар байранд орлоо. Харин түүний өмнө энэ цагийн хамгийн шилдэг хоёр боксчин бичигджээ. Жагсаалтын “дархан аварга” Тайгер Вудс өнгөрсөн улиралд гольфдоо эргэн ирсэн ч түүний орлого өмнөх улирлаас 16 саяар бага буюу “ердөө” 59,4 сая ам.доллар байна. Харин дөрөвдүгээр байранд энэ жагсаалтад орсон 13 сагсчинг, ЛеБрон Жеймс тэргүүлсэн байна.  

Уимбли хамгийн үнэтэй цэнгэлдэх

Спортын ертөнцөд цэнгэлдэх хүрээлэн чухал байр суурийг эзэлдэг. Зарим баян багууд  цэнгэлдэх хүрээлэн барихын тулд хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулдаг. Тэдний хувьд том, нүсэр цэнгэлдэх барихад хэдий хэр мөнгө зарцуулж байгаа нь чухал биш. Учир нь багтаамж сайтай, олны анхаарлыг татаж чадахуйц цэнгэлдэхтэй байна гэдэг олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн хүлээн авна гэсэн үг. Тэр чинээгээр санхүүгийн таатай нөхцөл бүрддэг аж.

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй цэнгэлдэх хүрээлэн бол Английн Лондон хотын Уэмбли цэцэрлэгт хүрээлэнд байрлах хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн юм. 1923 онд анх баригдсан Уэмбли цэнгэлдэх хүрээлэнг засаж, 2007 онд шинээр ашиглалтад оруулснаар дэлхийн хамгийн үнэтэй, чамин тансаг цэнгэлдэх болжээ. Энэхүү цэнгэлдэх нь 90 мянган хөгжөөн дэмжигчийн багтаамжтай. Уимбли 1,57 тэрбум еврогийн үнэтэй.

Манчестер Юнайтед хамгийн баян баг

Английн “Манчестер Юнайтед” спортын багуудаас хамгийн баянд тооцогддог. Английн “Улаан чөтгөрүүд” 2,235 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр нэгдүгээр байранд шалгарсан байна. Тус багийг ийнхүү баян багаар шалгарахад тоглолтоо хийдэг цэнгэлдэх хүрээлэн, багийн тоглогчид, ивээн тэтгэгчдийн мөнгийг тооцон оруулжээ. “Ман Ю”-гийн  эзэн Глейзерийн гэр бүл 2005 онд “Ман Ю”-г 790 сая фунтээр худалдан авсан юм.

Мөн ивээн тэтгэгч “АОН”  өмсгөл дээр нь нэрээ тавиулдаг юм. “АОН” “Улаан чөтгөрүүд”-тэй дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Бас том ивээн тэтгэгчдийн нэг бол NIKE компани. NIKE “Манчестер Юнайтед”-тай 13 жилийн 300 сая фунтын гэрээтэй.

NBA-гийн шүүгч хамгийн өндөр цалинтай

Спортын тэмцээн уралдааныг зөв шударга өрсөлдөхөд шүүгчид голлох үүргийг гүйцэтгэдэг. NBA-гийн шүүгчид хамгийн өндөр цалинтайд тооцогдоно. Тэд NBA-гийн улирлын 82 тоглолтыг шүүснийхээ төлөө 550 мянган ам.долларын цалин авдаг.  Харин WNBA-гийн шүүгчид 170 мянган ам.долларын цалинтай аж.  

Б.ОЙНБИЛЭГ

Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №004

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж