
Гэтэл саяхан гэмт хэрэгт сэжигтнээр татагдаж, төрийн хамгаалалтад орчихсон байсан дуучин залуу галд шатаж түлэгдсэн хэрэг гарлаа. Урьдчилан хорих төвд хоригдож байсан түүнийг сахилгын өрөөнд оруулсны дараа гал гарч тэрээр “шатсан” гэсэн мэдээлэл байгаа ч хууль хяналтынхан түүнийг өөрийнхөө амийг хорлохыг завдсан хэмээж байна. Харин шоронд гал гарч, хүний амь нас хохирох шахсан эл үйлдлийг өөрсдийн албан тушаалаараа хариуцдаггүй юм гэхэд учир шалтгааныг нь олон нийтэд үнэн зөвөөр мэдээлэх үүрэг хууль хяналтын удирдлагуудад баймаар юм. Согтуурхсныхаа төлөө эрүүлжүүлэхэд орсон хүмүүсийн амиа хорлож болзошгүй бүхий л зүйлсийг хурааж авдаг байтал урьдчилан саатуулах төвд хоригдож байсан түүнд өөрийгөө “зулын гол” болгохоор гал гаргах зүйл хаанаас олдов гэдэг эргэлзээтэй.
Энэ мэт амьдаараа шатсан хэрэг үүгээр дууссангүй. Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн нутаг V хороо Монелийн гудамжинд хоёр хүүхэд гэртээ байх үед нь гал гарч, нэг хүүхэд нь шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон хүний зүрхийг шимшрүүллээ. Тухайн үед 6, 14 настай хоёр хүүхэд гэртээ байсан бөгөөд зургаан настай хүү галаар тоглон гал алдаж, ахынхаа аминд хүрсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан таамаглаж байгаа аж. Хавар болж хуурайшилтын цаг болохоор ой хээрийн түймэр гарч олныг хиртхийлгэдэг байсан бол энэ мэт “хүний түймэр” ар араасаа гарч олон сайхан хүмүүсийн алтан амийг авч одсоор байна. Нийгмийн сэтгэлзүй ямархан байгаа, хүний мөс чанар ямар хэмжээнд хүрсний тод илрэл энэ буюу.