Засгийн газар буюу ажлын байр

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Засгийн газар буюу ажлын байр

Ажилгүйдлийн тоо, ажлын байрны төвшин ижил хэмжээнд байгаа гэх тоо баримт байдаг ч ажилгүйдэл нүүрлэсэн хөдөлмөрийн салбарт Ерөнхий сайд анхаарлаа хандуулж эхэллээ. Асуудал арвинтай энэ салбарын ажилтай биечлэн танилцахаар шийдсэн гүйцэтгэх засаглалын тэргүүн өчигдөр Хөдөлмөрийн биржээс ажлын гараагаа эхлүүлэв. Ирэх гурван жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгох амлалтаа биелүүлэх гэсэн Засгийн ажил ийн эхлэв бололтой.
Ерөнхий сайдын маршрутын эхний зогсоол нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс байлаа. Иргэдэд үйлчилж буй анхан шатны байгууллагын ажилтай танилцсан тэрбээр дараа нь Хөдөлмөрийн төв биржид зочилж, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хоёрдугаар шатны бүртгэлийн үйл ажиллагаатай танилцсан. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлыг танилцуулж, энэ жилийн хувьд ажил олгогчдын захиалгаар МСҮТ-үүдээр дамжуулан 6600 ажилтан бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буйг дуулгав.

Тус хөтөлбөрийн эхний шатанд 6950 ажил хайгч Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлснээс 4784 суралцагч ажил олгогчтой гэрээ байгуулж, сургалтад хамрагдаж эхэлсэн байна. Тэд эхний хоёр сарын хугацаанд танхимын сургалтад хамрагдаж, ирэх сарын 1-нээс гэрээ байгуулсан газартаа очиж, гурван сарын хугацаатай дадлага хийх гэнэ. Ингээд ажилтай болж, амьдралаа өөд нь татах боломж нээгдэх ажээ.

Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Улаанбаатар хотод 18, хөдөө, орон нутагт 38 МСҮТ ажилтан бэлтгэж байгаа юм байна. Суралцасад Засгийн газраас олгож буй 190 мянга 400 төгрөгийн тэтгэмж авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж буйгаараа онцлогтой.

Хөтөлбөр хэрэгжиж буй байдал, хамрах хүрээгээр нь авч үзвэл Өвөрхангай аймгийн МСҮТ-д хамгийн олон буюу 296 суралцагч мэргэшиж байгаа гэнэ. Мөн Увс аймагт 291, Ховд аймагт 258 суралцагч байгаа бол нийслэлийн хэмжээнд ШУТИС-ийн политехник коллежид 196, Монгол-Солонгосын политехник коллежид 166 хүн  суралцаж байгаа гэх дүн байна. Түүнчлэн нийслэл хот, хөдөө орон нутагт суралцаж байгаа хүний тоогоор харьцуулж үзэхэд хөдөөд 3523, нийслэлд 1261 байна.

Хөтөлбөрийн нэгдүгээр шатны сургалтын суралцагчид танхимын сургалтаа дуусгаж, хоёрдугаар шатны бүртгэлийн ажиллагаа өндөрлөх шатандаа ороод байгааг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав танилцуулсан. Мөн хөтөлбөрийн хоёрдугаарт шатны хүрээнд 72 ажил олгогчийн 2171 ажлын байрны захиалгыг хүлээн аваад байгаа бөгөөд 1588 ажил хайгч ярилцлагад орсон гэх сайшаалтай мэдээг Ерөнхий сайдад танилцуулав.

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд салбарын ажил олгогч байгууллагуудтай уулзалт ярилцлага хийж, нэгдсэн дүнгээр нийт 184 ажил олгогчийн 6149 ажлын байрны захиалыг хүлээн авсан байна. Сургалтад хамрагдах хүсэлтэй 7455 иргэнийг бүртгэснээс давхардсан тоогоор 11 мянга 31 хүнийг ярилцлагад дуудаж, 6027 иргэн ярилцлагад ороод байна. Үүнээс одоогийн байдлаар 5343 иргэн ажил олгогчтой гэрээ байгуулж, 4784 ажил хайгч сургалтад хамрагджээ.

Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд олон бүтээн байгуулалт, барилга, зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээрт оролцох ажиллах хүчин дутагдаж байгааг Ажил олгогч эздийн холбооноос хэлж буй. Гэвч МСҮТ-д бэлтгэгдэж байгаа хүмүүс нь шаардлагатай ажлын байранд хүрэлцэхүйц тоо биш гэдгийг дээрхи тоо баримт илхэн харуулна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногийн туршид ажил олгогч, ажил хайгчидтай уулзалт хийхээс гадна Хөдөлмөрийн бирж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, зарим нэг жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, энэ салбарын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Ямартай ч энэ долоо хоногт хөдөлмөрийн салбар, ажил хайгчид, ажил олгогчдын хувьд сонирхол татсан, хариултгүй олон асуултад хариулт өгөх долоо хоног байх нь.

Ажил олгогчдын өгсөн ажлын байрны захиалгыг салбараар нь авч үзвэл:

Салбар

Ажил
олгогчийн тоо

Ажлын
байрны тоо

1

Уулуурхай

4

102

2

барилга

35

1482

3

Боловсруулах үйлдвэр

7

92

4

Замтээвэр

3

141

5

эрчимхүч

2

50

6

Худалдаа үйлчилгээ

14

265

7

Хөдөө аж ахуй

6

35

8

Боловсролын салбар

1

4

Нийт

72

2171

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж