Төр хамгаалалтандаа “минут” шатааж болох уу?

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Төр хамгаалалтандаа “минут” шатааж болох уу?

-Баавар муу хүн. Өөрөөсөө болсон биз…, амиа хорлохыг завдсан.., сагсуурч байгаад ингээ л биз… гэх туйлширсан, өрөөсгөл дүгнэлтийг түр азная.

Гэм буруутай, буруугүй эсэхийг шүүн таслах эрх нь шүүхэд л бий. Энд түүний гэм буруутай эсэхийг ярих нь өөрөө утгагүй. Тэр бол өөр асуудал.

Хар тамхи зөөсөн, татсан нь байтугай хүн алж, хүрээ талсан ч эрүүл аюулгүй орчинд байх эрхтэй. Үүнийг нь төр хариуцна гээд заачихсан. Хамгийн гол нь төрийн хамгаалалтад байсан хүний амь насанд аюул учирлаа. Хорих ангийнхан одоо ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байна. Учир нь тэд буруутай. Буруутай гэдгээ ч арьсаа хамгаалахыг оролдсон ярилцлагуудаараа нотолчихсон. “News” агентлагт өгсөн www.video.news.mn ярилцлагаас нь харахад л хангалттай. Түүний амь нас, эрүүл мэндийг нь бүрэн бүтэн байлгах үүрэгтэй хүмүүс “шалтгаан нь тогтоогдоогүй байна” гэх дөрвөн үгээр өөрсдийгөө хамгаалж байна.

401 дүгээр ангийн хамгаалалтын албаны дэд дарга Д.Өлзийбат “Нэг минутад аврах ажиллагаа явуулж, гаргаж авсан… Хоригдогчийг тусгаарлах явцад холбогдох үзлэг шалтгалт хийж, оруулсан. Өрөөний нөхцөл байдлын хувьд гал гарах болон цахилгааны асуудалгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан” гэж хэлсэн нь үнэндээ хэн буруутайг хэлээд өгөх шиг. Энэ хүн ингэж хэлж байхаар уг нь ажлаа сайн дураараа өгчихвөл асуудал ойлгомжтой болох байлаа. Ганцхан минутын дотор галын аюулаас гаргасан гэж байгаа ч гал гаргуулахгүй байх нь тэдний үүрэг. Хоригдогчийг тусгаарлах явцад үзлэг, шалгалт хийсэн юм бол Баавар өөрийгөө шатаачих элдэв шингэн, үгүйдээ галгүй орсон гэсэн үг. Өрөөний нөхцөл байдлын хувьд гал гарах болон цахилгааны асуудалгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан гээд байгаа. Урьдчилан үзэхэд ямар нэгэн цахилгааны асуудалгүй, гал гарах нөхцөлгүй байсан юм бол хаанаас гал гарсан байж болох уу?!

Хорих ангийнхны буруутай үйлдлийг би тогтоогоод ч байгаа юм биш. Өөрсдөө хэлээд, хууль заагаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  Тогтоол гүйцэтгэх газрын чиг үүргийн 8.2.2-т “Ялтны аюулгүй байдлыг хангаж, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, ялтнаас нийгэм, иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй” гээд заачихаж.

Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хүн “Цаашдаа хохирч мэдэх олон Бааварын өмнөөс хорих байгууллагын шинэчлэлийг тууштай хийх ёстойг ойлгож байна” гэж жиргэхийг ойлгоод “Ардын элч” кино шиг “Ийм хэрэг гарсан нь харамсалтай. Энийг магадлая. Тайван амгалан байцгаа” гэдэг төртэйдээ гомдох уу.

Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг яагаад гал гарсныг асуухаар “ялтнуудтай муудалцаад байсан учраас тусгаарласан” гэх ч юм уу, юуны улмаас гал гарсан тухай яригдахаар “нэг минутын дотор хоригдогчийг гаргасан”, хэн хариуцлага хүлээх вэ гэх асуудал байтал Бааварын хэрэг үйлдсэн тухай ярих нь асуудлыг бодитоор харах ухаан уу, баллуурдах шалтаг уу.

Хорих ангийнхан гал яагаад гарсныг одоо шалгуулах бус хоригдлын өрөөний камерийг сайтар хянасан бол ийм асуудал сөхөгдөхгүй л байсан. Тэд элдэв тайлбарынхаа оронд энэ бичлэг нь гээд хэвлэлийнхэнд биш гэхэд гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь үзүүлээгүй нь цаанаа нэгийг хэлээд ч байх шиг.       

Үүнтэй төстэй хэрэг өмнө нь гарч л байсан. Улсын начин П.Ганбаяр 2008 оны гуравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн эрүүлжүүлэх бай­ранд бусдын нөлөөтэйгээр амь насаа алдсан. Эрүүлжүү­лэх тасгийн цагдаа нарыг шалгасан ч С.Ган­зориг, Р.Цогбадрах, У.Золзаяа нар буруутай нь тогтоог­доогүй учир тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэ­хүүн үзсэн. Харин С.Бат-Очир талийгаачийн хувцсыг тай­лахаар ноцолдож байх үедээ болгоомжгүйгээр амийг нь хохироосон гэж шүүгчид үзээд таван жил хорих ял оногдуулсан юмдаг. Эрүүлжүүлэх ёстой хүнийг хөнөөчихсөн. Тэр нь болгоомжгүй явдал болоод л өнгөрсөн.

Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон хэрэгт сэжиглэгдэн Урьдчилан хорих төвд хоригдож байсан н.Занданхүү гэгч залууг гавлаж байгаад эрүүдэн ял эдлүүлэхийг завдсан тухай өөрөө гэрчилж байсан ч хэргийн эзэн нь олдоогүй.

Гэтэл зарим өндөр албан тушаалтнууд ял эдэлж буй нэртэй эмчлүүлж, асруулж байгаа талаар бодит жишээнүүд олон. Эцэстээ энэ нь бүр гаараад ялтныг энгийн иргэд ч  эмчлүүлж чаддаггүй эмнэлэгт эмчлүүлэхээр болгож дөнгөсөн. Шалтгаан нь хорихын эмнэлэг туссан өвчнийг нь эмчлэх боломжгүй учраас… Ер нь л төрд өндөр алба хашиж байгаад идсэн уусан нь илрээд ирэхээр хүнд өвчин тусдаг үзэгдэл энэ нийгмийн энгийн тусгал. Харин жирийн иргэд нь болохоор шатаж, эсвэл эрүүдүүлчих гээд байдаг нь өнөөгийн хорихын үнэн жишиг. Хэрэгтэнд ч гэсэн үйлчлэх ёстой хүний язгуур эрх эрх тэгш үйлчилж, түүнийг нь хангах ёстой төр нь хойд эцгийн сэтгэлгээгээр алагчлахгүй байгаасай гэсэндээ үүнийг бичив. Нэгийг нь эмчлүүлэх, асруулах эрхээр хангачихаад нөгөөг нь шатах, шатаалгахаар хангах боломжийг олгож болохгүй биз дээ.   
 
Эцэст нь, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлийн жиргээ болох “Хорих байгууллага дахь хүний эрхийн зөрчилтэй бид эвлэрэхгүй. Холбогдох этгээдүүдтэй хариуцлага ч тооцно” гэх  жиргээ битгий л “Цахилгааны гэмтлийн улмаас гал гарчээ” гэдгээр бүү үргэлжлээсэй гэж залбирья…

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж