Хосни Мубаракийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Хосни Мубаракийг баривчилжээ

Египетийн эрх баригчид тус орны ерөнхийлөгч асан  Хосни Мубаракийг баривчлан хорионд суулгасан тухай дөрөвдүгээр сарын 13-нд Agence France-Presse прокурорын мэдэгдлээс үндэслэн дамжуулж байна. Урьдчилсан мэдээгээр экс-ерөнхийлөгчийг 15 хоногийн хугацаатай саатуулжээ.

Жагсагчдыг харгисаар хөөн тараасан, мөн авлигын хэргээр түүнийг 10-ны өдөр шүүхэд дуудсан юм. Улмаар мягмар гаригт түүнээс мэдүүлэг авч эхэлжээ.  "Аль-Жазира" мэдээлснээр төрийн тэргүүн асанг Каирт ирэхийг хууль хяналтынхан шаардсан боловч тэрбээр бие муу гээд, татгалзсан хариу өгчээ. Байцаалт эхэлсний дараа экс-ерөнхийлөгч өлсгөлөн зарласан байна. Хожим түүний зүрхний ажиллагаа тасалдсан гэх шалтгаанаар эмнэлэгт хүргэжээ.  Экс-ерөнхийлөгч цагдаа нарын хамгаалалттайгаар эмнэлэгт ирсэн байна. Өмнө нь түүний хөвгүүдийг баривчилсан байв. Үүний зэрэгцээ ерөнхий сайд асан Ахмед Назифийг ням гаригт 15 хоногийн хугацаатайгаар барин саатуулсан гэнэ.

Хосни Мубарак Египетийн ерөнхийлөгчөөс 2011 оны хоёрдугаар сарын 11-нд огцорч, эрх мэдлээ цэргийнхэнд өгөөд Шарм-эль-Шейх дахь өргөөндөө очин амьдарч байв. Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр тэрбээр авлигад огт хамаагүй гэдгээ мэдэгдсэн видео бичлэг тараажээ. Хосни Мубарак өөрт нь таагүй хандаж байгаа хүмүүсийг илчилнэ гэдгээ тэр видеонд дурдсан байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж