Борис Березовский Их Британид нас барсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн гол мэдээ боллоо. “The New York Times” сонинд түүнийг “Зөвлөлтийн дараах үеийн Оросын хамгийн баян бөгөөд хүчирхэг олигархиудын нэг” гэж нэрлэв. Харин Британийн “The Independent” сонинд “тэр дайсангүй хүн биш байсан” хэмээн өгүүлжээ.
АМЕРИК, БРИТАНИЙН ХЭВЛЭЛД:
Британийн "The Independent" сонин Кремлийн нөлөө бүхий хүн байсан түүнийг Владимир Путиныг хамгийн хатуу шүүмжлэгч гэж үнэлсэн байв. “Их Британид улс төрийн орогнол авсан 67 настай Березовский дайсангүй хүн байгаагүй” хэмээн тус сонинд онцолжээ.
Америкийн “The Atlantic” сонинд Березовскийг 1990-ээд оны Кремлийн хамгийн нөлөөтэй хүн бөгөөд 1996 оны сонгуулиар Борис Ельцинийг ялагдлаас аварч, сонгуулийн кампанийн үеэр хэдэн зуун сая ам.доллар бэлнээр өгч, Оросын тэргүүлэх үйлдвэрүүдийн хувьцааг авсан хүн хэмээн тодотгов. Мөн тэрээр өвчтэй байсан ерөнхийлөгчид залгамжлагчийг нь зааж өгсөн гэж тус сонин онцолжээ.
“Оросын өөр нэг олигарх Роман Абрамовичийн эсрэг дуулиант заргаа алдаж, хувийн сүйрэлд орсноос хойш хэдхэн сарын дараа тэр нас барлаа. Энэ зарга Березовскийн нэр хүндийг унагасан” хэмээн Британийн “The Guardian” сонинд бичжээ. Түүнтэй танил байсан Британийн нэртэй сэтгүүлч Люк Хардинг (Luke Harding) бичихдээ, “Тэрээр Британийн хууль зүйд үргэлж итгэдэг байсан. Борис Березовский нэгэн багт багтаж байсан Владимир Путинтэй муудалцаад, 2000 онд Лондонд зугтан гарсны дараа Их Британи л түүнд улс төрийн орогнол өгсөн юм. Ингэснээр Кремлийн уур хилэнг бадраасан” гэжээ.
Английн “The Independent” сонин түүний үхлийн дараа Москва болон Орост түүнийг амиа егүүтгэсэн гэх цуу асар хурдацтай тархсаныг тэмдэглэв. Березовский нас барсан тухай мэдээлэл цацагдсаны дараа 30-аад минутын дотор нэрээ нууцалсан редактор түүний тухай мэдээ гаргаж, Беревзоскийг хөнөөсөн гэжээ. Түүний үхлийн талаар мөрдөн байцаалтын мэдээ гараагүй байхад тэр дээрх материалаа бичсэн бөгөөд хойшид ч түүний үхэлд эргэлзэж буй тухайгаа бичих болно гэсэн байна.
Америкийн “The Wall Street Journal” сонинд өгүүлэхдээ, ноён Березовский тооны ухааны хүн байгаад “хувьчлалын болон ерээд онд Оросын өршөөлгүй харгис капитализмын үеийн хамгийн нэртэй олигархиудын нэг болсон, харин Британид зугтан гарсны дараа Орост түүний нөлөө буурсан” хэмээн онцолжээ.
Борис Березовский нас барахаасаа хэдхэн цагийн өмнө Америкийн “Forbes” сэтгүүлийн орос хувилбарын сурвалжлагчтэй “хэвлэлд зориулагдаагүй” хэмээсэн ярилцлага хийсэн байв. Сэтгүүлчийн хэлж буйгаар, “Эх нутагтаа буцахаас өөр юу ч хүсэхгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан ч би буцахыг л хүсч байсан. Елена Боннерийн (Сахаровын эхнэр) зөвлөснөөр л би үлдсэн юм. Хамгийн гол нь би Орос орон надад ямар үнэтэйг, цагаачлан амьдарч чадахгүйгээ би үнэлсэнгүй” гэж Березовский ярьсан гэнэ. Мөн тэрээр “өөрийн үнэлгээ дүгнэлтээ олон талаар өөрчилсөн. Орост очоод зөвхөн шинжлэх ухаанаа л хөөцөлдөнө" гэж хэлсэн ажээ.
Британийн “The Daily Mail” сонины уншигчид Березовскийн үхэлд тайлбар хийхдээ, олигархийн засаглалд гарсан цагийн уур амьсгалд дүгнэлт өгсөн байв. “Хүйтэн дайныг дуусгаж, Зөвлөлт Холбоот улсыг задлан өөрчилсөн цорын ганц хүн бол Михаил Горбачев. Түүнийг дэмжин, ХХ зууны агуу лидерүүдийн нэг хэмээн ойлгохын оронд Барууныхан “либерал биш” Ельцинийг дэмжсэн юм… Тэр нь улс орныг мафи эсвэл мафи мэтийн хүмүүс удирдахад хүргэлээ. Бид Оростой тун тааруу харьцжээ” гэж тэдний нэг нь өгүүлсэн байв.
“Дансандаа тэрбум ам.долларртай, дарвуулт завьтай, тансаг шилтгээнтэй орос хүн ч бай, ер нь ямар ч хүн байсан таалал төгсөнө гэдэг гунигтай. Гэхдээ үнэн хэрэгтээ бид тэдэнгүйгээр амьдарч чадах учиртай” гэж өөр нэг тайлбарт өгүүлжээ.
Америкийн “The Huffington Post” сонины уншигчид нас барсан Оросын олигархид нэлээд шүүмжлэлтэй хандав. “Орос орон зах зээлийн эдийн засагт орохоор шийдсэн үед хувьцаа болгон тараасан улсын үйлдвэрүүд дэх ихэнх оросуудын хувийг Березовский залилангаар завшин авсан юм. Тэр Оросын эдийн засгийг сулруулахад нөлөөлж, олон сая хүнийг ядуурал руу хөтөлсөн. Тэр нас барсан нь түүний шинж агуулгыг өөрчлөхгүй. Хэрэв Путин түүний үхэлд буруутан болж байгаа бол тэр Аль Капонег хөнөөсөн хорлонт доктор л гэсэн үг” гэж нэг уншигч дүгнэжээ.
“Ноён орос олигарх Киприйн банкин дахь бөөн мөнгөө эргүүлэн авч чадахгүйгээ ойлгосон байж магадгүй. Тийм магадлал байгаа гэж би бодож байна” хэмээн өөр нэг уншигч бичжээ.

ЯПОНЫ ХЭВЛЭЛД БЕРЕЗОВСКИЙН ҮХЛИЙН ТАЛААР:
Asahi Shimbun: Березовский Путины Засгийн газарт ойр харилцаатай гэх олигарх Абрамовичтай хийсэн шүүхийн тулалдаанд ялагдаж, асар их өртэй үлдсэн юм. Үүний хажуугаар сүүлийн хэдэн жилд Оросын мөрдөн байцаах алба Березовскийн өнгөрсөн үеийн хэд хэдэн хэргийг авч үзээд түүнд эчнээ ял өгснөөс гадна онцгой их хэмжээгээр хөрөнгө завшсан хэмээн эд хөрөнгийг нь хураасан байв.
Березовскийн өмгөөлөгч Оросын хэвлэл мэдээлэлд тэр хүн өрөнд баригдан цөхрөлд орсон учраас амиа хорлосон байж магадгүй гэх мэдэгдэл хийж байна. Нөгөө талаас талийгаачийн ойр дотны хүмүүс, найз нөхөд нь амиа егүүтгэсэн гэдгийг эрс үгүйсгэж байна.
Yomiuri: Цагдаагийн албанаас үхлийн шалтгааны талаар тодорхой тайлбарыг хийгээгүй ба хэргийн газрыг битүүмжлэн, шалтгааныг тогтоох ажиллагаа явуулж байна.
Ельциний Засгийн газарт тэр Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, Тусгаар тогтносон улсуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байв. Нөлөө бүхий улстөрч, бизнесмен болоод тэр парламентын депутатаар сонгогдсон байлаа.
Гэхдээ, дараагийн ерөнхийлөгч Путинтэй хатуухан сөргөлдөөнд ороод Березовский 2000 онд Британид туугдан гарсан юм. Үүний дараа тэрээр Путины засаглалыг унагаах чиглэлд ажиллаж, сөрөг хүчинд санхүүгийн дэмжлэг үзүүлж байв. Мөн түүнийг Британийн тагнуулын МI 6 албатай хамтран ажиллаж буй мэдээлэл гарсан байлаа. Дэд хурандаа А.Литвиненког 2006 онд хөнөөсөн хэргийн талаар тэр Оросын хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгч байжээ.
Путины Засгийн газар Березовскийг шилжүүлэн өгөхийг Британиас шаардаад татгалзсан хариу авсан юм. Сүүлийн жилүүдэд Березовский шүүхээр заргалдаад ихээхэн хэмжээний мөнгөө алдсан ба түүний санхүүгийн ажиллагааг зогсоосон байсныг ВВС мэдээлж байна.
ГЕРМАНЫ ХЭВЛЭЛД БЕРЕЗОВСКИЙН ҮХЛИЙН ТАЛААР:
Der Spiegel: “Березовскийн үхлээр бүхэл бүтэн үе дуусч байгаа нь тодорхой”. Зохиогчийн тэмдэглэснээр сэтгүүлч Пол Хлебников Березовскийг Кремлийн загалмайлсан эцэг гэж нэрлэж байсныг сануулжээ. “Хожим тэрээр Путиныг Кремльд суулгасан гэж ярих дуртай байжээ. Харин хууль эрх зүйт улсын төлөөх дуу шуугиантай хүнээр тэр хилийн чанадад гарсныхаа дараа тодорсон юм. Березовский сэтгүүлч эмэгтэй Анна Политковскийн алагдсаны бурууг Путинд тохохоор оролдсон. Мөн Pussy Riot панк хамтлагийн үйлдлийг санхүүжүүлэгч гэгдэж байв. Березовский 2007 онд Кремлийн эсрэг хүч хэрэглэсэн бослого гаргахыг уриалан өөрөө уриа бариад Лондоноор алхаж явлаа” гэж уг хэвлэлд бичжээ.
Die Welt: “Березовский – “Би амьдралын учир утгаа алдлаа” гэсэн гарчигтайгаар Оросын олигархийн үхлийн талаар бичсэн байна. “Бодлогоширсон 67 настай энэ эрхэм өөрийн сүүлчийн ярилцлагадаа Оросыг орхин гарсандаа харамсан байлаа” гэж сонин өгүүлэв.
Die Zeit: Германы долоо хоног тутмын энэ сонинд Березовский Оросын сөрөг хүчнийг санхүүжүүлж байсан гэв. Ельциний захиргааны үед тэрээр “Кремлийн саарал кардинал гэгдэж байгаад Чеченьд хийсэн үйлдлийнхээ төлөө хууль хяналтынхны хараанд өртсөн” гэдгийг сонин сануулав. Мөн сонинд бичсэнээр “Аюултай гэмт хэрэгтэн Путиныг зогсоосон хүнд Березовский шагнал амлаж байжээ".
ОРОСЫН ХЭВЛЭЛД:
Березовскийг нас барсны дараа Кремльд хамаг гай зовлонгийн шинэ булгийг хайх хэрэг гарлаа хэмээн “Газета.ру” онлайн сонинд мэдээлэв.
Березовскийн хамт бүхэл үе төгслөө гэж болно. Улс төрийн идэвхтэй он жилүүдэд тэр ердийн нэг хүн байгаагүй. Бүхэл бүтэн төлөөлөл байсан. Тэрээр атгаг муу санаа, эсрэгээр итгэл найдварын али алиныг төлөөлж байсан юм. Ельциний үед Березовский бараг л улсын эзэн гэж байв. Тэрээр төв телевизийг эзэгнэж, интернэт хараахан гараагүй үед иргэдийн ухаан бодлыг эргүүлж байлаа. Түүнд үйлдвэр заводууд, иргэний агаарын тээвэр байсан, түүний төлөө мянга, мянган хүн ажиллаж байв.
Березовский Чеченийн сөргөлдөөн мэтийн хэрэгт ч чухал үүрэг гүйцэтгэж байв. Тэр самуунт бүсэд очихоос айдаггүй, хамгийн харгис ширүүн дайчидтай нь гар барин инээлдэж явлаа. Хууз сахалтай, далдлах дүрэмт цастай Шамиль Басаев, Аслан Масхадов нар түүнийг найзаа гэнэ. Чеченийн эдийн засгийг сэргээх гэсэн нэрээр тэдэнд сая сая ам.доллар өгдөг байжээ. Энх тайван тогтооход юу ч харамсалтай биш гэж тэр хэлж байлаа. Тэр мөнгө юунд зарцуулагддаг байсан нь ойлгомжтой.
Березовский өрөө шийтгэгдэхгүй гэдгээ бүрэн мэдэрсэн, төрийн ивээлд багтсан байлаа. Ихэнх иргэд түүнийг засгийн төлөөлөл гэж үзнэ. Израилийн иргэн байсныг нь үл анзааран түүнийг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон байв.
Түүний оролцоотойгоор үндэсний лидертэй Засгийн газрын талын нам гарч ирсэн юм. Тэрээр “Нэгдмэл”-ийг гарган Путиныг засагт оруулсан хүн. Гэхдээ Путин гарч ирснээр түүний дүр бүрэн хувирч тэр хөөгдсөн. Лондонд суугаад тэр өөрийг нь шүүмжилдэг байсан сөрөг хүчний ухаан санаанд ардчиллын төлөө тэмцэгч болсон гэж “Газета.ру” бичжээ.
Лондонд амьдарч байсан түүнд Оросын эрх баригчид хамаг бурууг өгөх болсон юм. Одоо түүний үхлийн дараа Путиныг засагт орж ирж байсан үеийн материалуудаас гарч ирж магадгүй. Тэр нь засгийн нэр төрд халтай. Үүнээс биш Березовскийн үхэл ердийн зүйл гэж энэ сонин онцолжээ.