
Хуримынхаа нэг жилийн ойгоос ердөө хэдхэн өдрийн өмнө Вилли тарган байхаас залхаж турахыг хүсч байгаагаа эхнэртээ хэлсэн аж. Тэр өдрөөс хойш Вилли эхнэрийнхээ хамтаар өөрсдийн турах төлөвлөгөөг нарийн судалсны үндсэн дээр гаргасан бөгөөд хамгийн түрүүн хийх алхам нь уйгагүй их хөдөлгөөн дасгал сургуулилт гэдгийг хосууд ойлгожээ. Түүнчлэн уг судалгааг хийхдээ Вилли дасгал сургуулилтаар хэрхэн үр дүнтэй хичээллэж жингээ хасахыг, Анжела ямар хоол хүнс хэрэглэвэл илүүдэл жингээ хасах талаар судалсан гэнэ.
Жингээ хасахын өмнө буюу 2011 оны нэгдүгээр сард Вилли 223 кг байсан бол эхнэр Анжела нь 154 кг жинтэй байжээ. Тэд турахаар шийдсэн эхний хэдэн сар долоон хоногийн зургаан өдөрт нь дасгал сургуулилт хийж, гүйлтийн зам дээр өдөр болгон 30 минут алхдаг байсан гэнэ. Аажмаар дасгал хийх цагаа нэмэгдүүлж хоол хүнсний хувьд эрүүл мэндэд тустай төдийгүй өөрсдийн дуртай илчлэг багатай хүнсийг турах төлөвлөгөөгөө эхэлсэн өдрөөсөө л хэрэглэж эхэлсэн байна.
Тэд ихэвчлэн өглөөний хоолондоо овьёос, жимс, эсвэл нэг шарсан өндөг иддэг бол өдрийн хоолондоо илчлэг багатай, алим эсвэл луувангийн хөнгөн зууш оройн хоолондоо хүнсний ногоо ихтэй бага зэргийн мах иддэг байжээ. Тэд хоолны дэглэм барин, дасгал сургуулилт хийх турах төлөвлөгөөгөө хоёр жилийн турш уйгагүй мөрдсөөр Вилл 136 килограм хассан бол Анжела 90 килограмыг ийнхүү хасч чаджээ.

