
2012 оны зуны олимпийн “нийслэл” Лондон хотноо энэ сарын 17-нд болох марафонд Монголын тамирчин анх удаа оролцох гэж байна. Дэлхийн топ таван марафон гүйлтийн нэг болох Лондонгийн марафон жил бүрийн хавар болдог. 1981 оноос хойш тасралтгүй зохиогдсоор ирсэн 31 дэх удаагийн Лондонгийн марафонд энэ жил 50 мянга гаруй хүн оролцохоор мэдүүлгээ ирүүлсний дунд Монголын марафон гүйлтийн спортын шилдэг тамирчин, ОУХМ Б.Сэр-од багтжээ. Эх орноо төлөөлөн анх удаа Лондонгийн гудамжаар гүйх болсон тэрбээр эхний 10-т багтаж, олимпийн эрхээ биелүүлэх, мөн хувийн дээд амжилтаа ахиулах зорилго өвөртөлжээ. Тэрбээр Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд хамгийн сүүлд тогтоосон түүний амжилт хоёр цаг, 12 минут, 42 секундээр хадгалагдаж байна.
Дашрамд сонирхуулахад, Б.Сэр-Од Их Британийн “Морпит” багт хоёр сар гаруй хугацаанд бэлтгэлээ базааж байна. Тэрбээр 2010 онд мөн “Морпит” багийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийж байгаад Брайтоны марафонд түрүүлсэн билээ.
С.Цэлмэг