
Гэвч прокурорын байгууллага түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү гэдэг хүсэлтээ өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн Цэцэд хандан хоёр дахь удаагаа тавилаа. Цэцийн хариу хараахан ирээгүй байна. Хэрвээ өмнөх шигээ олонхиороо хүч түрэн “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргавал хуулийн байгууллагаас явуулж байгаа шалгалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж, Д.Сугарын хэргийг МИАТ-ийн хэргийн бусад холбогдогчдоос тусгаарлан Цэцийн гишүүнээс огцорсных нь дараа үргэлжүүлэн шалгах хэрэгтэй болно гэсэн үг.
Уг нь бол засгийн эрх улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд шилжсэний дараа улстөрчдийн “амны уншлага” шахуу болчихоод байсан “авлигатай тэмцэх” ажил нэг алхмаар урагшилж, төрийн авлигатай холбоотой томоохон хэргүүд шалгагдан өндрөө авч эхэлсэн билээ. Гэвч нийтийг алмайруулсан авлигын энэ том хэргүүд хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт хуулийн байгууллагуудын ажилтай холбоогүйгээр удааширч эхэллээ. Энэ нь өмнөх хорин жилд бий болгосон манай хууль тогтоомжуудтай холбоотой гэж болно.
Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудыг хэт их дархалсан хуулийн элдэв хамгаалалтууд, халдашгүй байдал, бүрэн эрх гэгч нь өнөөдөр гэмт хэрэгтнийг хамгаалсан хана хэрэм болон босч байна гэхэд хилсдэхгүй. УИХ-ын гишүүнээр сонгогдохгүй л бол гарцаагүй Ганцхудагт очих тул сонгогдохын тулд бүхнээ тавьж, улайрдаг гэсэн яриа байдаг.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг төрийн бусад албан тушаалтныг бодвол харьцангуй урт хугацаагаар /зургаан жил/ томилдог, халдашгүй байдал, бүрэн эрхийг нь хуульчлаад өгчихсөн учраас гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувьд хамгийн сайн “орогнох газар” болдог бололтой. Өмнө ч гэсэн УИХ-ын зарим гишүүдийн банк идсэн, казино тоглосон гээд цөөнгүй хэрэг дээр прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар хүсэлт гаргахад УИХ “халдашгүй байдал” гэж ярьсаар байгаад хуулийн байгууллагыг давж байсан нь олонтаа. Ингээд “Хуулийн өмнө хүн бүхэн тэгш” гэсэн Үндсэн хуулийн зарчим үндсэндээ унаж байна. Хэрэг шалгагдаад шүүхээр шийдэгдсэний дараа ч гэсэн энэ байдал үргэлжилнэ.
Яагаад гэвэл тэрбумаар нь мөнгө идсэн төрийн өндөр албан тушаалтнуудад оноодог эрүүгийн хариуцлага, түрийвчтэй мөнгө суйлаад баригдсан иргэн Дондогт оноодог ял шийтгэл газар, тэнгэр шиг ондоо. 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон Ц.Чимэдцэрэн дөрвөн жил суугаад магадлангаар гарч байхад 10 сая төгрөгийн зээлээ төлж чадаагүй эмэгтэй 20 жилийн “чанга”-тай сууж байна. Хуулиндаа ингээд заачихсан. Ийм байхад таван жилийн ялтайгаа мэдэж байгаа албан тушаалтан тэрбум төгрөг нуучихаад суллагдаад идэх нь ч гэсэн шударга л шүү дээ. Өнөөдөр манайд мөрдөж буй хуулийн заалт ч яг л үүн лүү түлхэж байгаа. Тэгэхээр хулгайчтай хийдэг тэмцлээ сайжруулахаас гадна хуулиа шударга болгох шаардлага биднийг шахаж байна. Ингээгүй тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нь биш, ялласан нь буруутаад л дуусна. Хуулийн байгууллага шударга ажиллаж, шүүхийн шийдвэр ялгаварлалгүй гарахын тулд тэнд мөрдөгдөж буй хууль нь тэгш, шударга байх ёстой.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №4
