“Гэгээн муза Х” наадмын хүрээнд өнөөдөр Хүүхэлдэйн театрт Коссовагийн жүжигчин Мэнтор Зумбраж “Хайрцган доторх жүжигчин” нэртэй ганц хүний жүжгээ тоглолоо. Тэрээр эл жүжгээрээ “Гэгээн муза Х” наадмын ганц хүний жүжгийн төрөлд “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид өрсөлдөж байгаа юм.
…Нэгэн жүжигчин урлагийн тайзаа орхин улс орноор аялан өөрийн тоглолтоо хийн явдаг. Тэрээр ийнхүү гурван жил аялахдаа нэгэн уурхайн олборлолтын гол цэгт очдог. Санаандгүй уурхайн гүнд нэвтрэн орсон жүжигчин хаа сайгүй нижигнэх дэлбэрэлт дундаас зугтан гарахыг хичээсэн ч хэдийнэ гарц хаагдан тэр ганцаараа түнэр харанхуйд түгжигджээ. Тэрээр энэ л алслагдсан уурхайд орон гэр, гал тогоо, хувцасны шүүгээ нь хүртэл болдог жижигхэн хайрцагтайгаа үлддэг. Энэ бүхэн түүний төрсөн өдрөөр тохиожээ. Өөртөө л зориулан төрсөн өдрийн дуу аялан, өнөөх л мэддэг, өмнө нь тоглож байсан жүжгүүдээ өөртөө зориулан тоглож, өөрийн амьдралын талаар ганц хүний хэсгийг тоглож үзүүлдэг. Тэрээр би жүжигчин ч, “од” эсвэл нэр хүндтэй хүн болохыг хүсэхгүй байна гэдэг хувь хүний ширүүн тэмцэлд автана. Од болохын тулд их зүйлийг үүрэх хэрэгтэй байдаг бол уран бүтээлч хүн уран бүтээлчээрээ л үлддэг аж. Тэрээр өөрийн гэр бүл, найз нөхөд, театрын мэргэжил нэгт нөхдүүдээ санагалзан сэтгэлээр унаж, цаг хором бүрт бүтээж байсан уран бүтээлүүдээрээ амьсгалан өөрийгөө хөгжөөн басхүү зэмлэн бухимдана.
Тэрээр хүмүүст хандан “Та бүхэн уран бүтээлчдийг тухайн уран бүтээлч танд хэр их хайртай, тэр хэмжээнд хэзээ ч таалагддаггүй. Та нарын хийж чадах зүйл бол ердөө л бишрэх, шагших” хэмээн хашгирна. Тэрээр өөрийнх нь талын аль нэг хүн зорилгоо биелүүлэхэд нь тусалж энэхүү “үхлийн хөндий”-г нээнэ хэмээн бяцхан тайзандаа хүлээн сууна. Тэрээр хэдэн арван хоногоор хүлээсээр… Түүний сүнс уурхайн гол цэгт хүмүүсийн амийг авран хэсэн тэнүүчилнэ. Тэрээр энэ хорвоо ертөнцөд золиос болон төржээ. Магадгүй, хэзээ ч үхэхгүйгээр….