Намд мөнгө гэх шалгуураар л ордог болсон

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Намд мөнгө гэх шалгуураар л ордог болсон

Ерээд оны цагаан морин жил Монголчууд эх орныхоо эзэн нь болно гэх халуун дулаан итгэлээр ардчиллын салхийг сэвэлзүүлж байсан. Харамсалтай нь тэр үеийн итгэл өнөөдөр үгүй болсон нь нам хэмээх бүлэг дээрэмчдийн уйваггүй авираас үүдэлтэй. Харин УИХ-ын гишүүн асан, Чингис хааны менежментийн холбооны тэргүүн Д.Энхтайван монголчуудын төрдөө итгэх итгэлийг сэргээхийн тулд төрийн тахилгат уулын лус савдагийн өмнө төрийн түшээдийг хатуу тангараг өргүүлэх хэрэгтэйг ярьж байна. Улс төрчид амандаа орсныг амлаж юу дуртайгаа ярьж гарч ирчихээд дараа нь хэлсэн амандаа хүрэх нь битгий хэл юу ярьснаа санах ч үгүй тас мэлздэг бол тэр хатуу савдагийн өмнө тангараг өргөсөн Монгол хүнд айж эмээх сэтгэл эрхгүй төрнө гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж.

-Ардчилсан хөдөлгөөнд анхнаас нь оролцож явсан хүний хувьд танаас асуухад тэр үеийн хүмүүсийн төрдөө итгэх итгэл одоо эрс өөр болсон юм шиг санагддаг?

-90 онд Монголын ард түмэн бүгдээрээ бид эх орныхоо эзэн нь болно, одоо л сайн сайхан юм болох гэж байна гээд гарч жагссан.  Чамайг жагсвал тэгнэ гэсэн юм байгаагүй. Хэн нэгэн ухаантан нь ном уншаад тэрийг ойлгонгуутаа ардчилал гэж чухал юм байна энийг л авья гээгүй. Монголын ард түмэн тэр үед төр барьж байсан нь ч төр бариулж байсан нь ч хүүхэд нь хөгшид нь ажилсаг нь залхуу нь ч бүгдээрээ эх орныхоо эзэн нь болъё гэдэг дээр нэгдсэн. Мартагдсан сайхан заншлаа эргүүлье. Мартагдсан соёлоо сэргээе. Уул уурхайн  баялагаа хэдүүлээ сайхан хүртээмжтэй авч ашиглая гэсэн сайхан сэтгэл, итгэлээр нэгдэж байсан юм. Тэрнээс биш баруун зүүний үзэл, хэл хугармаар гадаад нэр томъёог судлаад ойлгоод хэрэгжүүлэх гэсэн юм ерөөсөө байгаагүй. Жинхэнэ Монгол хүний Монголоо гэсэн итгэлийн хувьсгал байсан. Одоо бол итгэл гээч юм бараг үгүй болсон.  Бид одоо итгэл гээч юман дээр бүгдээрээ сайхан нэгдмээр байгаа юм. Тэр итгэлийн хувьсгалыг явцын дунд нь янз бүрийн гадаад нэртэй хүмүүс жолоо цулбуурыг нь аваад өнөөдөр бид амаараа шороо үмхээд сууж байна. Би Эрдэнэтэд 90 оны ардчилсан хөдөлгөөнд оролцож, зохион байгуулж явсан хүн. Миний санаанаас нэг дурсамж гардаггүй юм.Тээр жил Эрдэнэтэд их түймэр гарч билээ. Эрдэнэтийн хойд талын Бүтээлийн, Бүрэнгийн нуруу шатаж байлаа. Эх орон шатаж байна, ардчилсан холбооны гишүүд дэмжигчдээс түймэрт явах хүн байна уу гэсэн чинь маргааш нь Эрдэнэтийн соёлын ордны урд талын талбай дүүрэн хүн цуглачихсан байж билээ. Хэдэн зуун хүн байсан юм мэдэхгүй, маш олон хүн пүүгээ хувцастайгаа ирчихсэн байсан. Тэр үед Эрдэнэтийн дивизийн захирагч Нацаг гуай “Ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ. Манай армийнхан тэртээ тэргүй  эх орны даалгаврыг биелүүлээд  ажиллана. Танай наад улсууд ямар сайхан юм” гэж гайхаж байсан. Ард түмэн 90 онд ийм гоё байсан байхгүй юу. Нэгэнт улс орон даяар бүх нийтээрээ улс орныхоо эзэн нь больё гэсэн цорын ганц итгэл дээр нэгдэж байсан тул энэ хүчирхэг анхан шатны бүтэц дээр АН бий болсон юм.

-Та 90 оны л АН-ын гишүүн. Одоо намдаа байгаа бил үү?

-Тиймээ. Би энэ хүчирхэг тогтолцооны суурийг тавьсан хүн. Иймээс би энэ намын гишүүн хэвээрээ байгаа. Мөнгө хэмээх ганцхан шалгуураар нам хэмээх эрх мэдлийн тусгай бүсэд нэвтрэн ордог болсноор 90-ээд оныхны дүрэлзсэн халуун итгэл сэтгэл салхинд замхарч хөрсөн ч би АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Яагаад гэвэл 90-ээд оныхны тэр итгэл сэтгэл дээр суурилсан хүчирхэг сүлжээг ашиглан улс оронд хортой муу зүйл хийж байгаа хүмүүст орон зай байр сууриа бүрмөсөн алдахгүйн тулд би намаасаа гарахгүй.

– Монголчууд төрөө дээдэлдэг олон зуун жилийн уламжлалтай. Төрийн минь сүлд өршөө гэж залбирч төрийн хүн ариун байх ёстой гэдэг үздэг. Харин энэ ёс одоо жаахан хазайгаа юу гэж бодогддог?

-Төрийн хүн гэж бусдын төлөө өөрийгөө золиослодог хүнийг хэлдэг. Тийм ч учраас бүтэн бие маань алдарваас алдартугай. Бүрэн улс маань бүү алдартугай гэж хэлж байсан. Төр түвшин бол бусад нь болно гэж сүсэглэж явдаг. Миний “Монгол эр хүн” дуун дээр байгаа “Халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулах Монгол эр” хүн бол ёстой л энэхэн биеэ бусдад зориулж байх ёстой төрийн түшээд юм. Төрийн түшээ хүн энэхэн биеэ зориулж байгаа учраас түмэн олон нь түүнийг эрүүл байгаасай урт наслаасай гэж залбирдаг. Мөнгө төгрөг дутагдах гачигдах,  өөрийнх нь амьдралд янз бүрийн бэрхшээл тохиолдох бол хамаагүй ш дээ. Тэр хүн байдгаараа хичээж байна. Болохоосоо болохгүй хүртэл нь зүтгэж байна. Тэрийг ард түмэн ойлгодог хүндэтгэдэг дээдэлдэг ийм харилцан сайхан итгэлцэл байж төр улс хүчирхэгжиж хөгжинө.

-Түмэн олны төрдөө итгэх итгэлийг сэргээхийн тулд та төрийн их ёслол хийх санаа гаргасан гэсэн. Энэ ямар учир жанцантай ёслол байх юм?

– Би сая Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шадар сайдтай уулзах гээд дийлсэнгүй. Харин Их хурлын дарга Д.Дэмбэрэлтэй уулзсан. Энэ жил Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой. Энэ ойд ач холбогдол өгье та минь. Ой гэхээр л хэдэн бөх барилдуулаад архи уугаад өнгөрдөгөө больё. Төрийн тахилгатай уулыг тахиж байгаа нь гээд баахан хог хөглөрүүлээд хаядаг больё. Үүнийг утга агуулгажуулъя гэдэг үүднээс би сая УИХ-ын даргатай уулзсан юм. Энэ 100 жилийн ойг төр түшиж байгаа хүмүүс жинхэнэ мөн чанараар нь, жинхэнэ зүрх сэтгэлээсээ ойлгож тэмдэглэх ёстой юм. Төрийн тахилгатай уул овоо тахих гэж байгаа бол чин сэтгэлээсээ тахих хэрэгтэй. Үнэхээр л монгол түмний заяа буянг шийдвэрлэх онгон дагшин хайрхан сахиуст нь улс Монголоо даатгах гэж байгаа бол чин сэтгэлээсээ энэ ажлыг хий. Уул овоо руу очихын өмнө дотоод сэтгэлээ ариусга. Өвгөд дээдсийн тэр шүүлтүүрт та тэнцэж байна уу гэдэг энэ бясалгал бодролыг өөрөөсөө олны өмнө асуу. Төрийн түшээ та үнэхээр шүдний махаар хоол хийж, шүлсээр унд хийж, бусдын төлөө өөрийн биеийг зориулж чадна гэдгээ ариун нандин шүтээний өмнө тангараглаж  чадах уу. Энэ тангараг хатуу цээртэй. Тоглоом болгож болохгүй. Олны өмнө түмний нүдэн дээр их хайрхны эзэн савдагийн дэргэд андгайлсан андгайнаасаа няцвал гэсгээл хүртэх хатуу тангарагийг тавьж, дотоод сэтгэлийн өндөр зарчимч шаардлагыг өөрөө өөртөө тавих зан үйлийг би хийе гэсэн юм. Би үүнийг зохион байгуулья. Надад хариуцуулчих. Би олон түмэнтэйгээ нийлж байгаад тэр зан үйлийг хийгээд өгье. Чавганцын хэрүүл шиг юм ярьдаг  төрийн том алба хашиж байгаа, хашиж байсан хүмүүсийн эмс охидын хов жив шиг юмыг болиулмаар байна. Чихрээ булаалдсан хүүхдүүд шиг сандал суудал булаалддаг. Тэр тусмаа том албан тушаал хашиж байгаа нөхдүүдийг зогсоож байгаад “Чи энэ лус савдагийнхаа өмнө, энэ том хайрхан савдагийн өмнө монголчууд бид эв нэгдэлтэй, нэгэн сэтгэлээр улс орноо хөгжүүлнэ. Хор найруулахгүй, хоосон амлахгүй гэж хэлүүлнэ. Түмэн олны өмнө худлаа ярьж болдог бол төрийн тахилгат хайрхан уулын савдгийн өмнө худлаа ярьж болохгүй. Лус савдаг таныг шийтгэнэ. 

-Нээрээ таны энэ чинь санадаг санаа байна шүү. Лус савдгийн өмнө андгай тавина гэдэг дөрвөн хананы дунд тангараг уншихаас өөр л дөө?

-Одоо бол том дарга нар уулын орой дээр гараад “Намайг баян болгоод өгөөрэй. Манай гэрийг гоё болгоод өгөөрэй, хойтон жилийн сонгуульд намайг ялуулаарай савдаг минь би олон дахин сонгогдмоор байна” гэсэн маягаар мөргөдөг залбирдаг. Ийм байхад улс орон яаж өнгөтэй өөптэй байх юм. Харин миний санаж сэдэж байгаа зүйл бол маш өргөн утга агуулгатай. Байгаль дэлхийтэйгээ түүх, зан заншил, уламжлалтайгаа холбогдсон асар том хэмжээний арга хэмжээ болох юм.  Байгаль дэлхийтэйгээ жинхэнэ утгаар нь хандаж байгаа хэрэг. Ингэх юм бол тэр жинхэнэ утгаараа ач тусаа өгнө. Нөгөө талаас төр түмний хооронд итгэлийг бий болгоно. Төрийн тахилга онгон шүтээний өмнө худлаа ярьж болдоггүй. Эрхэм төрийн түшээ эрхэм төрийн гурван өндөрлөг та нар хоёргүй сэтгэлээр энэ түмэн олныхоо төлөө явж байгаа бол айж ичилгүй хатуу андгай тавь. Төрийн их тахилгат уулын хатуу савдаг таныг зөв явбал таны түшнэ. Зүгээргүй явбал таныг гэсгээнэ. Тэр хатуу цээрлэлийн өмнө андгай тавь. Бид үнэхээр чин сэтгэлээсээ бишрэн шүтэж яваа бол итгэл бишрэлийг бас хуурч болохгүй. Итгэл бишрэлээ халтуурдаж хэлбэрдэж болохгүй. Ядаж тэрийг сэтгэлээрээ хийе. Тэгэхэд өөр болно.

-Одоо УИХ-ын гишүүд төрийн сүлдэндээ залбирч байгаа нь их л ёс жаяг муутай харагддаг. Зарим согтуу хөлчүү ч байх шиг?

-Одоо тэр өргөж байгаа тангарагны үг нь улс орны төлөө зүтгэхгүй бол яах юм гэдэг нь байхгүй.  Чин сэтгэлээр биш байвал яах юм. Хүнд мэдэгдэхгүй ч цаагуураа гадныхантай хуйвилдаад элдэв юм хийгээд байвал яах юм гэдэг нь байхгүй. Хэрвээ лус савдгийнхаа өмнө тангарагладаг болбол атаа таван тэнгэр нь төрийн тахилгат их хайрхны савдагууд нь тэрийг харж байгаа Монголчуудын таван сая хоёр зуун мянган нүд нь шийтгэдэг юм байгаа биз дээ. Энэ андгайгаа зөрчих аваас ямар ч гэсгээлээс айхгүйгээр шийтгүүлэхэд бэлэн гэж хэлж чадах хүн хэд байна. Тэд л УИХ-п суухаар зүтгэнэ дээ.

-Та Чингис хааны менежментийн холбоог тэргүүлдэг. Монголчуудын төрт ёсны уламжлалаас та нэлээд судалсан байх. Эртний уламжлалаас өнөөдөр юу дутаад байна гэж та хэлэх вэ?

-Наадахыг чинь би дөрвөн мөртөөр л хариулна. “Итгэлийн дээд төр минь, эгэлгүй ариун байх аваас Эвийг сахих төр минь, Ашид амгалан оршино” гэж. Энэ бол миний өөрийн амьдралаар улс төрийн тогоонд чанагдаж явсны хувьд бодол сэтгэлээ чилээж байж хэлсэн үг. Бид энэ дөрвөн мөртийг баримтлах ёстой. Итгэлийн дээд төр минь гэдэг чинь Монголчууд төрийн сүлд, төрдөө сүүний дээжээ өргөдөг, бурхнаас дээгүүр тавьдагийг хэлж байгаа юм. Төр толгойлж байгаа хүн ариун биш байвал 2 дугаар Чарльзийн гашуун түүхийг давтана. Англид болсон 1665 оны тэр их гай зовлон, 1666 оны их түймрийг хүмүүс мэднэ шүү дээ. Мөн эгэлгүй ариун байвал яаж хөгжиж болдгийг Английн хатан хаан Викториягийн жишээ харуулдаг. Олон сайхан охин төрүүлсэн ээж тэр сайхан ариун эмэгтэйг дээдэлснийхээ дараа улс гэр нь яаж гэрлийн хурдаар хөгжсөн түүхийг андашгүй мэднэ. Тийм учраас эвийг сахих ард түмэн ашид амгалан оршино оо гэж байгаа юм.

Эвийг сахигч түмэн минь ашид амгалан оршихын учир нь миний түрүүний ярьдаг итгэлийн дээд төр минь итгэл даах түшээдээр дүүрэн, эгэлгүй ариун явдалтай хар толбогүй байх. Одоогийн улс төрчид хор найруулах, тоглоомын дүрэм энэ тэр билиггүй юм яриад байх юм.Тэр өндөр дээд төрийн түшээ олон түмний бишрэл хүндэтгэлийг хүлээсэн хүн чинь тийм бусармаг юм яриад явж байж болохгүй. Дээр нь тэр муухай энэ муухай гээд л бие биенээ муулаад л. Ядарсан чавганцын юм яриад байгааг болиулмаар байна.

-Монгол айл гэрээ цоожилдоггүй. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Гэтэл одоо юу болоо вэ?

-Өнөөдөр дэлхий дээр хамгийн их  бүргэд хаалга борлогддог газар Монгол болсон байна. Жад шиг үзүүртэй төмөр тор манайд л хамгийн сайн гүйлгээтэй байна. Хамгийн их харуул хамгаалалт буу зэвсэг гав энэ тэндээ дүүжилсэн харуул хамгаалалтын албанд нөгөө залуучууд байна. Бизнесийн орчин нь алга. Итгэх итгэл гэж алга. Итгэл биш болж эхэллээ. Төр барилцаж байгаа тэр их мундаг том намууд нь өнөөдөр бие биедээ итгэхээ байчихсан. Жирийн иргэд нь ч ялгаагүй. Хулхидах түгжилдэх хор найруулах нь газар авсан. Намууд маань шүүх рүүгээ уралдаад давхичихлаа. Шүүх нь дийлэхгүй үндсэн хууль руугаа харайлаа. Манай энэ хэдэн шүүгчдийг хананаас нь тааз хүртэл хавтаст хэргүүд байна. Учир жанцанг олъё ч гэж бодохгүй. Тэгэхээр итгэл гэж юмыг бий болгоё. Би өндөр хөгжилтэй орнуудаар зөндөө л явж байлаа. Япон бум бужигнаж түм түчигнэнэ. Гэтэл бүх юм нь цэвэрхэн. Нулимаад л  хана туурга руу цовхчоод л тэндээс эндээс юм хулгай хийгээд л гэр рүүгээ хашааны банз хулгайлаад авах юм байхгүй. Тайваньд ч ялгаагүй. Хүнд туслах гээд л гүйдэг хүмүүс. Түрийвчтэй мөнгөө хаячихад эргээд ирэхэд байж л байна. Германчууд машинаа түгжихгүй. Хайс майс нь намхан. Гурван настай хүүхэд даваад гарчих хайстай байж л байна. Хаалга цонх гэж хөгийн юм байдаг. Түлхчихэд онгоймоор. Манайх бол битүүлээд байдаг. Хэрэм цайз харуул хамгаалалт. Төрийн ордон хүртэл аймшигтай тороор торлочихсон. Ард түмэн торны цаана орчихов уу төр торны цаана орчихов уу гэмээр. Төр ард түмэн хоёр торны цаанаас уулздаг ийм ардчиллыг би лав хүсээгүй. Дотооддоо учраа олоогүй намууд нь эв найрамдлыг бий болгоогүй байж гадаадад  очоод эв найрамдлын гэрээ хийх гээд давхилдаад байх юм. Эхлээд орон гэртээ эвээ олоод  тэгчихээд эвийн гэрээ хийхээр гадаад руу явдаг юм байгаа биз дээ. Надад ингэж ойлгогддог.

-Таны “Эр хүн дуу” их сайхан үгтэй. Энэ дуу үнэхээр Монгол эрчүүдийг огшиулдаг шүү?

-Сэтгэл маань үргэлж өвдөж, зүрх маань зүсэгдэж, энэ зовлонгоос миний “Эр хүн” дуу төрсөн юм. Зовлонгоос .. Энэхэн биеэ бусдыг төлөө зориулах Монгол эр хүн гэдэг… Хээрийн салхинд ариуссан энгэрийн ганц модны навч Энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн… Хээрийн салхинд ариуссан хүн чинь ариун байлгүй яах юм. хээрийн салхи гэдэг чинь байгалийн ямар их ариусгах хүчтэй гэж бодно.  Би хэн нэгнийг муулах гээгүй. Зүрх маань үргэлж энэ эх орны төлөө шаналж байна. Тийм учраас итгэлийн дээд төр маань эгэлгүй ариун байх аваас эвийг сахих түмэн минь ашид амгалан оршино гэж хэлсэн юм. Энэ үгийг маани мэгзэм шиг ард түмэндээ уншуулмаар байна. Бурхан багшийнхан тийм тарнийг тэдэн мянга уншихаар амьдрал тэгж сайжирна гэдэг ш дээ. Тэрэнтэй адил миний энэ дөрвөн мөрийг монголчууд бид амны уншлага болгоод  дараа нь зүрхний уншлага болгоод дараа нь итгэл сэтгэл болгосон цагт хэлбэр талаасаа биш бодит агуулга талаасаа та биднийг нэгтгэсэн нэг улс орны эрх ашиг гэж юм болно. Тэр тохиолдолд шууд хөгжил харагдаж байна. Бидний ирээдүй үр хойчийн маань ирээдүй гоё болно.

-Амьдрал хүнд байна. Өнөөдөр намгүйгээр явдаг ажил гэж Монголд байхаа больжээ?

-УИХ-ын гишүүд өнөөдөр юу дуртайгаа амлаад л гарчихаж байна. Өшөө юу амлаж болмоор байна бүгдийг нь амладаг. Гэтэл жирийн ард иргэд мөнх тэнгэрийн хатуу харгис савдаг биш тэд нар гэсгээж чадах биш яадгийн гэж сүүлээ өргөж амандаа орсныг амладаг биз. Тэгвэл энэ мянган  хүний нүдний өмнө, энэ олон том уулс, тэдгээрийн савдгийн өмнө, Монголын эртний зан заншил бөө ёсны өмнө, Монголд байгаа бүх шашны өмнө андгай тангараг тавь. Тэгж чадаж байвал би энэ хүмүүсийг шүтэхэд бэлэн байна. Тэр зан үйлийн дараа бол манай ард түмэн төрийн түшээдээ шууд шүтнэ. Ийм хатуу айхтар юмны өмнө зүрхэлж худлаа тангараг тавьж хэн дуртай нь навсаганаж Их хурлын гишүүн болно гэхгүй. Одоо нэг нам руу очоод нэрээ бичүүлсэн нь ямар ч байсан бусдыгаа бодвол ажил амьдрал нь ногоон гэрлээр явах боломжтой болчихсон. Ийм бусармаг байдлыг олон жил хүмүүс харж сонсож байна. Эхэндээ үүнийг муу муухай гэж жигшиж байсан бол яваандаа ажил нь бүтэхээ болиод намд байгаа улсууд ажлаа амархан бүтээгээд байхаар “За яршиг би ер нь тэнэг хүн болж таарлаа. Одоо сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гээд нам руу дугаарлачихлаа. Тэр бүү хэл спорт урлагаар ч амжилт олсон хүмүүс хүртэл намгүйгээр явахад хэцүү болчихсон. Би бол намгүйгээр амьдарч болдог намгүйгээр бие биендээ итгэж болдог намгүйгээр ямар нэг ажил бизнес эрхэлсэн болдог нийгмийг л хүсээд байна. Тэгэхийн тулд тэр хатуу шалгуурыг тавиад өгчихвөл ямар ч аргаар хамаагүй хэдэн цаас олсон нөхөр би тэр суудалд суухад бэлэн болчихлоо гээд харайгаад байгааг зогтусуулах гээд байна.Та улс төрд орох гэж байгаа бол учир ийм шүү хө. Зан үйлд оролцоно оо. Эцэг өвгөдийнхөө ариун нандин шүтээн сахиусны өмнө андгай тангараг тавинаа. Тэгэхээр тэр чинь хүн л юм болохоор бурхан шүтээнийхээ өмнө, дээр нь ард түмний өмнө, хатуу тангарагаа өргөчихөөд худлаа яриад хулгай хийгээд  хууран мэхлээд явахгүй байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж