Төсвийн алдагдал – Таны алдагдал

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал – Таны алдагдал

2011 оны улсын төсөв батлагдлаа. Сонин хэвлэлд ч энэ талаар их
бичиж байгааг та лав уншиж байгаа байх. УИХ энэ удаад Монгол улсын
түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр зарлагатай, мөн  хамгийн их
алдагдалтай төсөв баталлаа. 

Нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9
хувьд хүрч байгаа нь эдийн засагчдын болгоомжлуулж байгаагаас 2 дахин
муу үзүүлэлт юм.

Эрх баригч намууд амлалтаа биелүүлж байгаа дүр үзүүлэхийн тулд 805
тэрбум төгрөгийг бэлнээр тараах шийдвэрээ баталлаа. Хэдийгээр иргэд
хэсэг бүлгээрээ нийлж, бэлэн бус хэлбэрээр мөнгөө авч, хамтын хөрөнгө
оруулалт хийх боломжтой гэж сурталчилж, ярьж байгаа боловч хэр олон хүн
тийм алхам хийх бол. Ядуурал ихэсч 38 хувьд хүрэх болсон энэ цаг үед
олонх иргэд сар бүр 21 мянган төгрөгөө бэлнээр авахаа л илүүд үзэх болов
уу.

Та сар бүр 21 мянган төгрөг, жилд нийтдээ 21 000 x 12 = 252 000 төгрөг төсвөөс авна. Танай гэр бүлийн орлого нэмэгдэнэ. Гэхдээ …

Гэхдээ бэлэн мөнгө тарааснаас болж улс орны эдийн засгийн байдал муудаж, төгрөгийн ханш савлахгүй бол тэр шүү дээ.

Дэлхийн банк болон эдийн засгийн бусад томоохон байгууллагуудын
судалгаагаар улсын төсвийг дээрх байдлаар баталбал 2012 оны эцэст инфляц
25 хувьд хүрэх болно гэж анхааруулж байна. Энэ юу гэсэн үг вэ ?

Хэрэв та сар бүрийн 150 000 төгрөгийн төсөвтэй оюутан хүн бол жилийн
150 000 x 12 = 1800 000 төгрөгийн төсвийнхөө 25 хувийг буюу 450 000
төгрөгийг бодитоор алдана гэсэн үг.  

Хэрэв та сар бүрийн 400 000 төгрөгийн цалинтай төрийн албан хаагч бол
жилийн 400 000 x 12 = 4800 000 төгрөгийн орлогынхоо 25 хувийг буюу 1200
000 төгрөгийг алдана.  

Хэрэв та сар бүрийн 800 000 төгрөгийн цалинтэй бизнес эрхлэгч бол
жилийн 800 000 x 12 = 9600 000 төгрөгийн орлогынхоо 25 хувийг буюу 2400
000 төгрөгийг алдана.

252 000 төгрөг аваад … 450 000, 1200 000, 2400 000 –ийг тус тус алдана.

Өрх нэг бүрийг дунджаар 4-5 хүнтэй гэж тооцсон ч эцсийн дүндээ бүгд
алдагдал хүлээнэ. Амьдралын өртөг цаашид улам хурдан өснө, бизнесийн
орчин муудна, ажилгүйдлийг хөөрөгдөнө, улс орны өр нэмэгдэнэ …

Нэн өндөр алдагдалтай, улс орны эдийн засгийг хүнд гажуудалд оруулсан
энэ төсөв монголчууд бидний амьдралд ямар ч ашиг тус авчрахгүй нь
хамгийн энгийн тооцооноос тод харагдаж байна.

Энэ төсөв бүх иргэдэд, улс оронд нэн хохиролтой ч хэдхэн хүнд харин
ашиг тусаа өгч магадгүй. Магадгүй гэсэн нь, тэд ч бэлэн мөнгөний
хахуульдаа найдаж ийм шийдвэр гаргаж байгаа, бидний олонх маань ч түүнд
нь хууртаж сурсан учир.

Эрх баригчид 2012 онд ямар ч үнээр хамаагүй эргэн сонгогдохыг хүсч
байна. Тэд улс орныхоо биш … зөвхөн өөрсдийнхөө ирээдүйд санаа их зовж
байна. 

Тэдний тооцоо, найдвар энэ удаад хэр амар биелэх бол  ? … 

http://www.enkhbat.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж