Хурдан морь унаач хүүхдүүдийг өрөвдөөч

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Хурдан морь унаач хүүхдүүдийг өрөвдөөч

Хурдан морины унаач хүүхдүүд  тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж байгаа талаар өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг мэдээлэл хийлээ.

Монголчууд түүхэн өв уламжлал, өвөрмөц содон зан заншлаараа дэлхийд ганц эрийн гурван наадамтай хэмээн омогшиж, бахархан ярьдаг улс. Тиймдээ ч эрийн гурван наадмын хүрээнд тухайн жилийн түрүү бөх, цэц мэргэн харваач, шандаст хурдан хүлгийг алдаршуулж, байлдаг. Гэвч хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал ард хоцордог нь нууц биш.

Морь унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар, салхи, бороо, шуурга, цастайг үл анхааран 10-30 километр газар туулдаг. Өвлийн улиралд хацар, чих, гар хөл нь хайрагдах, бүр хөлдөх ч тохиолдол бий гэнэ. НҮБ-аас үүнийг бага насны хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж шүүмжилдэг ч морины уралдаан бол эртнээс уламлжлалтай Монголын ёс заншил, их баяр наадам, уралдааны морийг жаахан хүүхэд л унадаг гэж муйхарлан хаацайлдаг нь гашуун үнэн.

2013 он гарсаар улсын хэмжээнд хурдан морины зургаан уралдаан болжээ. Гэтэл энэ хооронд хурдан морь унаач нэг хүүхэд нас барж, 10 хүүхэд мориноосоо унаж, гэмтсэн гэсэн тоо баримт байна. Гэмтэж бэртсэн хүүхдүүд 9-15 насны, мориноос унаж, чирэгдсэний улмаас тархи толгой, нугас нуруундаа хүнд гэмтэл авч, эмчлүүлж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, гуравдугаар сарын 17-нд Ховд аймгийн Жаргалант суманд болсон цэргийн баярт зориулсан хурдан морины уралдааны үеэр нэг хүүхэд мориноосоо унаж, чирэгдэн нас барсан байна.  Ийм сэтгэл сэртхийлгэм явдал дахин болохгүй гэх баталгаа даанч байхгүй. Үнэ цохиж авсан шандаст хурдан хүлгээ хайрлана уу гэхээс унаач хүүхдийн эрхийг тэд бодолцдоггүй бололтой. Унаач хүүхдийн эцэг, эхтэй нь тохиролцож хэдэн төгрөг өгчихөөд уралдаанд хоцорч ирвэл гар хүрдэг асуудал ч мэр сэр дуулддаг.

Аливаа уралдааныг зохион байгуулахад Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байдаг ч ихэнх уралдаан зөвшөөрөл аваагүй байдаг гэнэ. Нэгэнт зөвшөөрөл аваагүй бол тэр уралдаан хууль бус гэсэн үг. Хууль ёсны ч бай, хууль бус ч бай аливаа уралдаанд морь унаач хүүхдийн эрх ашгийг хүндэтгэж, зохих шаардлага хангасан байх учиртай. Уг нь хүүхдийн хувцас, хамгаалалт, гутал, эмээл, бүр морины хазаарт нь хүртэл стандарт тогтоож өгсөн байдаг ч дагаж мөрдөх нь ховор гэдгийг албаны хүн хэлж байна. Стандартын дагуу хувцас хэрэглэл өмсүүлээгүй иргэнийг 10-20 мянган төгрөг, аж ахуй нэгжийг 50-100 мянган төгрөгөөр торгодог гэх инээдтэй ч гэх юм уу, эмгэнэлтэй ч гэх юм уу дүрэм байдаг аж.

Энэ мэт морь унаач хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалахын тулд Хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ хүрээнд 2014 оны НҮБ-ын Хүүхдийн эрхийн илтгэлд хурдан морины унаач хүүхдийн асуудлыг оруулах, УИХ-д унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгайлж тавих, Монголын морин спорт уралдааны холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах талаар шаардлага хүргүүлэх, зохиогдож буй уралдаан дээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянах ажилтан ажиллуулах зэргээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн ажлуудыг хийхээр бэлтгэж буй тухай мэдээллээ.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж