Алтайн
алс хязгаарт төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” ХХК-ийг “Е
ангиллын жолооч ажилд авна. Цалин: 1000-2000 ам.доллар” гэсэн зарлалаар
нь ажил хайсан иргэд сайн мэдэх биз ээ. Иргэдийг шүүх дүрэм журмаар
сүрдүүлж, өдийг хүртэл дураар аашилсан “Алтайн хүдэр” ХХК-ийн “Таяннуур”
уурхайд БОНХЯ-ны энэ сарын 13-14-ний хооронд хийсэн шалгалт анх удаа
албан ёсны томоохон нь байсан юм. Өмнө нь шалгалт ирлээ гэдэг. Юу
болсон, ямар шалгалт хийснийг нутгийн иргэдэд хэлсэн удаа үгүй.
Шалгасан, шалгаагүйг нь мэдэх хүнгүй. Орон нутагт нь үйл ажиллагаа
явуулж буйн хувьд иргэдэд мэдээлэл хангалттай өгвөл зүгээр юм гэж иргэд
ярих нь бий. Тиймээс ч энэ шалгалтад нутгийн иргэд ихээхэн найдлага
тавьжээ.
-Замаа тавиач ээ. Шороо тоостой, үзэгдэх орчин муу
байгаагаас цөөн хэдэн монголчуудаас чинь амь үрэгдээд байна. Баяжуулах
үйлдвэрийнхээ тоосыг багасгаач ээ. Мал ахуй хэцүүдлээ гэхэд “Хатуу
хучилттай зам тавихаар ажиллаж байгаа” гэсээр өдийг хүрсэн “Алтайн
хүдэр” ХХК-ийнхан иргэдийн амыг таглана. Гэтэл энэ зам ашиглалтад
ороогүйгээс үүдэн байгаль ихээр сүйдэж, жолооч нар осолдож, алтан амиа
алдах болсонд нутгийн иргэд бухимдуу байна. Мөн шалгалтын хэсэг
“Таяннуур”-ын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх
168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай,
баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс
бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын
осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн нь
иргэдийн гомдлыг баталсан үйл явдал болсон юм.
Баттай эх
сурвалжийн мэдээллээр “Алтайн хүдэр” ХХК-ийн ажилчдаас 2010, 2011 онд
нэг, 2012 онд гурав, он гарсаар хоёр хүний амь эрсэджээ. Энэ бол
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй байгаа тоо баримт юм.
Үүний цаана олон хүн гэмтэж, бэртсэн, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол
ихээр дарагдсаныг маш цөөн хүн мэднэ. Мөн үйл ажиллагааг нутгийн иргэд
эсэргүүцэн хэрэглээний ус болон тээвэрлэлтийг нь хэд, хэдэн удаа
зогсоосон байна. Үүнийх хариуд “Таяннуур” уурхай “Манай компанид ийм
хэмжээний хохирол учруулсан” гээд мөнгө нэхэмжилдэг. Нэгэн удаа сумын
иргэд гол горхийн усыг боож, хэмжээгээр ус хэрэглэж эсэргүүцжээ. Тэд
сумын төвийн иргэдийн хэрэглээний худгаас ус авахыг эсэргүүцсэн байна.
Үүний хариуд “Алтайн хүдэр” ХХК 24,3 сая төгрөгийн хохирол учруулсан
гэж нөхөн төлбөр шаарджээ. Энэ мэтээр хуулийн нэр барин далайлгах нь
амжилтад хүрч, иргэдийн эсэргүүцэл ч багасчээ. Ингэснээр иргэд “Алтайн
хүдэр” ХХК-ийн ая тааваар чимээгүйхэн амьдрах болсон гэнэ. Харин энэ
удаагийн БОНХЯ-ны шалгалтыг “Цагаа олсон ажил боллоо” гэж нутгийн иргэд
үнэлж байх нь харагдсан.
Шалгалтын хэсэг “Алтайн хүдэр”
ХХК-ийн “Таяннуур”-ын уурхайтай танилцаж ажлаа эхлүүлсэн юм. Уурхайтай
танилцах ажилд нутгийн иргэд бас багтжээ. “Алтайн хүдэр” ХХК-ийн ажилчид
уурхайтай танилцах хүмүүст аюулгүй зорчих дүрэм журам, заавар зөвлөгөөг
өгснөөр “Таяннуур”-аар аялахаар боллоо.
Тавхан жилийн өмнө
айлын өвөлжөө, хаваржаатай байсан нөмөр дулаахан Бор үзүүр хэмээх газар
өдгөө нунтаглаж, овоолсон төмрийн хүдэрт дарагджээ. Газрынх нь хөрсийг
уурхайн хүчирхэг техник эргүүлж, уул босгосон байна. Бор үзүүрт 10
гаруй айлын буудал, бууц бий. Харин одоо эдгээр буудлуудын ихэнх нь
уурхайн мэдэлд очсон байна.
-Хадтууд хаана байдаг билээ? /Хадтууд гэдэг нь Бор үзүүрт байсан нэг өвөлжөө/ гэж нутгийн иргэд биенээсээ асуухад,
-Чимээгүй.
Газрын хөрснөөс “арчигдсан” хөөрхий тэр өвөлжөөний нэрийг дуурсч,
“ясыг” нь өндөлзүүлээд хэрэггүй гэж хоорондоо ярилцах нь нэгэн бодлын
инээдтэй ч, нөгөөтэйгүүр харамсалтай юм шиг. “Хайран сайхан нутаг минь
дээ” гэж Ш.Бадарч хэмээх буурал уртаар санаа алдав. Нутгийн иргэдийн
харамслын нүдээр харах энэхүү уурхайг “Алтайн хүдэр” ХХК-ийн “Уул
уурхайн их бүтээн байгуулалт” нэрийдээд,
-Энэ уурхай 88 сая тонн
төмрийн хүдрийн нөөцтэй. Одоогоор 4,2 сая орчим тонн хүдрийг хилээр
гаргасан гэв. Харин хөрсийг нь эргүүлж, хиймэл хар уул мэт болгосон
нарийн ширхэгтэй шороог заагаад “Төмрийн агууламж ядмаг хүдэр” гэлээ.
Үүнийгээ удахгүй ашиглахаар Техник эдийн засгийн үндэслэлийг нь
боловсруулж, судалж байгаа гэдгээ “Алтайн хүдэр” ХХК-ийн хөтөч ажлын
хэсгийнхэн, нутгийн иргэдэд хэллээ. Бага төмрийн агууламжтай, ийнхүү
овоолсон хүдрээ 2020 оноос ашиглаж болох аж.
-Тоос үнэхээр их юм аа гэвэл,
-Тоосгүй
уурхай гэж юу байхав дээ. Нүүрсний уурхай бол үнэхээр “аймаар” тоостой
гэлээ. Үүний дараа “Алтайн хүдэр” ХХК-ийнхэн баяжуулах үйлдвэр, эрчим
хүч, түлш нөөцөлдөг газар, автомашин засварын газруудаа үзүүллээ.
“Алтайн хүдэр” ХХК таван баяжуулах үйлдвэртэй аж. Харин яамныхан очих
үеэр дөрөв нь эвдэрсэн тул зөвхөн тавдугаар баяжуулах үйлдвэр нь ажиллаж
байлаа. Гэвч яамныхан буцсаны маргааш нэг баяжуулах үйлдвэрээ зассан
бололтой. Хоёр баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа нь харагдсан. Мөн
зургаагаас арван автомашин нэг цуваа болон хөдөлдөг байсан бол яамны
шалгалтын үеэр өөрчилсөн байна. Жишээлбэл, цагт нэг хүдэр ачсан
автомашин сайжруулсан замаар явна. Тэгэхдээ 20 км цагийн хурдтай явах
“тушаал” гаргажээ. Ингэснээр говиор хүдэр тээвэрлэж буй автомашинаас
тоос бага гарна гэж тооцоолсон байх юм. Энэ тушаалын “ачаар” хоёр
автомашин замаас гарсан харагдсан. Тэдний нэрийг, автомашины дугаарыг
дурдвал ажлаасаа халагдахад хүрнэ. Учир нь “Алтайн хүдэр” ХХК-д ажилчдын
эрх ашгийн хамгаалах зүйл огт байдаггүй аж. 1500 гаруй ажилчинтай гэх
атлаа үйлдвэрчний эвлэлгүй. Үүнээс үүдэн ажилчдын дур зоргоор халах
тохиолдол гарсан удаа бий. Өнгөрсөн онд гэхэд 26 ажилчныг ор үндэслэлгүй
халсан байна. Харин эдгээр ажилчид Монголын үйлдвэрчний эвлэлийн
хороонд хандсанаар маргаанаа шийдвэрлүүлсэн юм. Мөн шинээр ажилд орсон
иргэдийн туршилтын хугацаа гэж хоёр сарын хугацаанд цалин багатай
ажиллуулаад “тэнцэхгүй” гэж буцаасан тохиолдол ч Монголын Үйлдвэрчний
эвлэлд бүртгэлтэй байна.
Хамгийн сүүлд иргэдээс ихээр гомдол
ирсэн бохир ус цэвэрлэх байгууламжийг үзсэн юм. Уурхайн баруун талд
байрлах энэхүү бохир усны байгууламж нь нуур мэт болон тогтсон
харагдана. Удахгүй дулаан болоход “Таяннуур”-ын уурхай Улаанбаатарын төв
цэвэрлэх байгууламжийнх шиг үнэр ханхлахаар болжээ. Харин “Алтайн
хүдэр” ХХК-ийнхэн бохир ус цэвэрлэх байгууламжаа удахгүй барьж, өнгөгүй,
үнэргүй ус гаргахаар болсон. Тэрхүү усаа хүдэр баяжуулах үйлдвэртээ
ашиглах боломжтой гэдгээ ярилаа.
Ингээд ажлын уурхайтай
танилцсаныхаа дараа гол ажил бичиг, баримтын шалгалтаа үргэлжлүүлсэн юм.
Энэ ажил үүрийн 04:00 цаг хүртэл үргэлжилжээ. Маргааш нь ажлын
хэсгийнхэн “Алтайн хүдэр” ХХК-ийн дөрвөн жил ярьсан 168 замтай танилцсан
юм. Мөн нутгийн иргэд зам тавих нэрийдлээр дуртай газраа ухаж сэндийлж
байгааг болиулахыг яамнаас хүссэн юм.
Үргэлжлэлийг дараагийн цувралаас уншина уу.