“Best of Classics” сонгодог тоглолт айсуй

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

“Best of Classics” сонгодог тоглолт айсуй

Залуу уран бүтээлчийн ээлжит “Best of classics” тоглолт Central tower-ийн “Монет” ресторанд энэ сарын 30-нд болох гэж байна. Энэ үдэш хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар хамтран үзэгчдэд тансаг аялгуугаар бэлэг барихаар зэхээд байгаа юм. Тиймдээ ч тэд сонгодог тоглолтоо толилуулахаар “Монет” рестораныг сонгосон нь учиртай гэнэ. Цөөн тооны үзэгчдэд сонгодог хөгжмийн аялгуун дор тансаг үдшийг мэдрүүлэхээр сонгосон нь энэ аж.

Энэ удаагийн тоглолтод хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар Фредерик Шопен, Александр Скрябин, Камиль Сен-Санс, Г.Венявский, П.Чайковский зэрэг дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглохоос гадна Н.Жанцанноров, Ж.Чулуун, С.Гончигсумлаа зэрэг Монголын хөгжмийн зохиолчдын чихэнд хоногшиж, сэтгэлд шингэсэн дуунууд болон Ханс Зиммер, Эннио Моррикон нарын дэлхийд алдартай киноны хөгжмүүдийг хөгжмийн найруулагч Б.Анарын хийл, төгөлдөр хурт зориулсан найруулгаар тоглох нь ээ.

Уран бүтээлчид тоглолтыг үзэхээр ирэх зочдыг гоёлын даашинз, эрвээхэй зангиагаар гоёхыг санал болгож байсан шүү. Оройн тансаг зоог багтсан тоглолтын тасалбар 120 мянган төгрөг юм байна.

Та бүхэн тав тухтай орчинд сонгодог хөгжмийн гайхамшгийг илүү ойроос мэдрэхийг хүсвэл хаан болон хатан хөгжмийн тансаг хоршил “Best of classics” тоглолтыг зориорой.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж