Өмдгүй байж өвдөг цоорхойтыг шоолов

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Өмдгүй байж өвдөг цоорхойтыг шоолов

Өмнөд Америкийн Уруг­вай улс Бразиль, Аргентины хооронд хавчуулагдсан жижиг­хэн орон. Яг манай Монгол шиг. Ерөнхийлөгч нь дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгчид тооцогддог. Хосе Мухика гэгч ная хүрсэн өвгөн Ерөнхийлөгч ядуу улсынхаа ард түмэнд авдаг цалингийнхаа 90 хувийг зарцуулдаг гэнэ лээ. Сайн үйлсийн аянд цалингаа бараг бүгдийг нь өгчихдөг болохоор хамгийн өгөөмөр төрийн тэргүүнд тооцогддог юм байх. Сардаа 12500 ам.долларын цалин авдаг ч өөртөө 1250 ам.долларыг л үлдээдэг гэж байгаа. Эхнэр нь ч бас сенатын гишүүнийхээ цалинг хандивт өгчихдөг. Төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хоёр 1945 ам.долларын үнэтэй “Фольксваген Битл” автомашин унадаг бөгөөд энэ хоёр банкинд дансгүй, бас хэн нэгэнд өргүй гэнэ. Ганц нохойтойгоо мөр бүтэн, гэдэс цатгалан л байвал болоо гэдэг бодолтой юм байх. Ёстой тэнэг хүн юм аа гэчихвэл яадаг бол. Ард түмэндээ хайртай хүн болж харагдах гээд ингэж зовж байх ч гэж. Өгөөмөр байлаа гээд хэнд хэрэгтэй юм бэ. Манайхнаас жаахан юм сурч авмаар юм. Цалингаараа “тансаглаад” сардаа нэг хөрш Бразиль, Аргентинаа байг гэхэд Америк мэтийн мөрөөдлийн орнуудаар аялаад байх хэрэгтэй шүү дээ. Манай Ерөнхийлөгчийг бодвол “аймар” өндөр цалин авдаг юм байж, тэгж өгөөмөр загнах хэрэг юу байна аа. Хосе Мухика гуайн 12500 ам.долларын цалин­тай харьцуулахад манай Ерөнхийлөгч, УИХ-ын гишүү­дийн цалин бол үдийн будаа л гэсэн үг. Эд маань тиймхэн цалин авдаг байж тансаг амьдралд умбаад, хагас бүтэн сайныг алсын оронд казино тоглож, бүтэн биеийн иллэг хийлгэж амарч, жаргаад, хэдэн үеэрээ ч идэж уугаад барахгүй их хөрөнгө цуглуулж чадаад байхад. Ингэхэд манай томчууд довыг уул болгож, шалбаагийг далай болгох чадалтай юм чинь. Ёстой нөгөө Итгэлт баяны худ хөгшний хэлдгээр аль ч засгийн үед амьдарч чадах овтой хүмүүс шүү. Хосе Мухикаг дуурайж цалингийнхаа 90 хувийг бүү хэл, бүтнээр нь хэн нэгэнд өгчихөөд зогсч байхаас ч сийхгүй. Ер нь олонхи нь хэдэн төгрөгийн цалинтайгаа мэддэггүй юм билээ. “Өө бас цалин өгдөг юм уу” гэх вий.  Өмдгүй байж өвдөг цоорхойтыг шоолов гэгчээр би юу гэчихэв ээ.

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж