БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин анхны айлчлалаа өнгөрсөн баасан гарагт эхлэв. Тэрбээр ОХУ-аас эхлэн Өмнөд Африк, Конго, Танзани зэрэг оронд айлчлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөр гадаад дахь айлчлал дуусгавар болох юм.
Өнгөрсөн баасан гарагт тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Кремльд хүрэлцэн ирсэн. Хоёр улсын эрчим хүчний, эдийн засгийн, гадаад бодлого болон бусад олон улсын үйл явдлын талаар санал бодлоо хуваалцсан билээ. Мэдээж ОХУ-ын хувьд түүхий эдийн хамгийн том экспортлогч. Харин БНХАУ-ын хувьд хамгийн их үйлдвэрлэл хөгжсөн эрчим хүч худалдан авагч орон. Тэр ч утгаараа хоёр улсын хамтын ажиллагаа өнгөрсөн жилд зөвхөн эрчим хүчээр 88 сая ам.долларын ашигтай ажилласан. Эдийн засгийн маш том орон зай БНХАУ-д бий. Тиймээс Владимир Путин хоёр орны хамтын ажиллагаа, ойрын таван жилийн ирээдүй айлчлалаас хамаарах талаар уулзалтын өмнө онцолсон.
Уулзалтын үеэр хоёр орны тэргүүд энэ сарын 26-27-ны өдрүүдэд болох БРИКС-ийн тав дахь удаагийн уулзалтад бүс нутгийн аюулгүй байдал, арлуудын маргаан, Сирийн нөхцөл байдал, АНУ болон Хойд Солонгосын хурцадмал байдлын талаар санал бодлоо хуваалцсан юм. БРИКС-ийн уулзалт энэ сарын 26-27-ны өдөр Өмнөд Африкт болох учиртай. Ажиглагчид энэ удаагийн уулзалтаар хоёр орны төрийн тэргүүн нар дээрх асуудал дээр ижил байр суурьтай байх болов уу гэсэн таамагтай байна.
Айлчлалын үеэр В.Путин “Манай хоёр улсын хамтын ажиллагаа маш сайн байгаад би бахархаж байна. Цаашид ч энэ хэвээрээ байна гэдэгт эргэлзэхгүй байна. Орос, Хятад улс нь олон улсын нийгэмлэгийн нөлөөтэй хоёр гишүүн байсаар ирсэн. Бүс нутгийн аюулгүй байдлын төлөө хамтдаа тэмцэнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, манай хоёр улс дэлхийн эдийн засагт томоохон нөлөөтэй. Тиймдээ ч эдийн засгийн чухал холбоо манай хоёр улсын ирээдүйг улам баталгаажуулна. Мөн армийн хамтын ажиллагаа ч чухал гэдгийг онцолмоор байна. Манай хоёр улсын хооронд тогтсон стратегийн түншлэл нь хоёр талын төдийгүй дэлхийн хэмжээний чухал ач холбогдолтой гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээжээ. Харин Ши Жинпин “Стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг бүх талаар дэмжиж, хөгжүүлэхэд БНХАУ бэлэн байна. Хоёр улсын хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй. Өвөг дээдсийн сайхан уламжлал, хамтын харилцааг үргэлжлүүлэн авч явах нь бидний үүрэг. Гадаад дахь айлчлалаа ийнхүү ОХУ-аас эхэлж байгаад баяртай байна” хэмээн мэдэгдсэн юм.
Ши Жинпин ирэх сарын 3-5-ны өдөр Ерөнхийлөгчийн суудлаа албан ёсоор хүлээн авна. Дараа жил хоёр улс дипломат харилцаа тогтоосон 65 жилийн баяр тэмдэглэх юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2009 онд Хятад Оросын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт Бээжинд болж байсан билээ. Түүхэн талаасаа ч маш эртний харилцаатай байсаар ирсэн. ЗХУ задрахад БНХАУ ОХУ-тай дипломат харилцаа тогтоосон. Энэ үеийг тус хоёр орны харилцаан дахь цоо шинэ эрний эхлэл гэдэг бөгөөд түүний үндэс суурь нь М.Горбачевын үед тавигдаж байж. Уг нь анх “сайн хөршийн харилцаа” гэж нэрлэгдэж байсан бол удалгүй “харилцан ашигтай хамтын ажиллагаа” хэмээн өөрчлөгдсөн. Үүнээс хоёр жилийн дараа “стратегийн түншлэл” хэмээн хоёр улсын хамтын ажиллагааг тодорхойлдог болсон юм.
Хоёр орны хамтын найрсаг харилцааг маш олон жишээгээр тодотгож болно. Жишээ нь, Владимир Путин энэ сарын 15-ны өдөр БНХАУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ши Жинпинд утсаар баяр хүргэсэн. Владимир Путин шинэ тэргүүний төрийн хариуцлагатай албан тушаалд амжилт хүссэн бөгөөд хоёр орны хооронд стратегийн түншийн харилцаа хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн удаатай.
Ямартай ч хоёр хөршийн төрийн тэргүүд бүх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа айлчлалын үеэр илэрхийлж, олон улсын тавцан дээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн эдийн засгийн зогсошгүй эргэлтийн төлөө хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн.
Дэлхийн бусад гүрнүүд БРИКС-ийн уулзалтаас хоёр улсын нөлөө хамгийн чухал гэдгийг онцолж байгаа бөгөөд бус нутгийн аюулгүй байдал БНХАУ-д маш чухал гэдгийг Ши Жинпинг айлчлалынхаа үеэр хэлсэн.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин