
Өнгөрсөн даваа гаригт нийслэлд болсон оюутны эсэргүүцлийн үеэр нэг жагсагч алагдсан нь Дамаскт амь үрэгдсэн анхны хүн болжээ. Сүүлийн гурван долоо хоногт наад зах нь 170 хүн амиа алджээ.
Жагсагчид эсэргүүцлийг харгислан дарж байгаа тухай youtube сайтад видео тавьсан байв. Энгийн хувцас өмссөн аюулгүйн албаныхан оюутнуудыг бороохойдож байгааг видеод үзүүлжээ.
Ардчилсан шинэчлэлийн төлөө “Мусульман ахан дүүс” гэх лалын хэт даврагчдын хөдөлгөөн дэмжлэгээ эхэлжээ. Оюутнуудыг дэмжиж буйгаа Сирид хоригдоод байгаа Мухаммед Рияд Шакфа хөдөлгөөний удирдагч илэрхийлж байна.
Сирийн эрх баригчдын үйлдлийг Франц, Герман буруутгалаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн хэрэг явдалд нэн их түгшиж байгаагаа хэлжээ. Тэрбээр Сирийн ерөнхийлөгч Асадтай утсаар ярихдаа тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэж болохгүйг сануулаад болсон хэрэг явдлын араас мөрдөн байцаалт явуулахыг шаарджээ.
Сирийн хүний эрхийн “Дамаскийн тунхаглал” гэх байгууллага тус оронд Засгийн газрын эсрэг хөдөлгөөн эхэлснээс хойш наад зах нь 200 хүн алагдсан гэж мэдэгдсэн байв. Үүнтэй холбогдуулан хүний эрхийн төлөө тэмцэгчид Арабын лигид хандан Асадын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ.