20 компани саналаа ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

20 компани саналаа ирүүлжээ

Манай улсын хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын ажил энэ дөрөвдүгээр сард эхэлнэ. Эхний ээлжинд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 260 орчим километр төмөр замын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд дараагийн ээлжийн төмөр замын судалгаа хийгдэж буй юм.

Засгийн газар Тавантолгойгоос хилийн боомт хүртэлх төмөр замын 51 хувийг бондын мөнгөөр хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 49 хувьд оролцох саналыг Орос, Хятад, Япон зэрэг гадны орнуудад тавьсан. Учир нь бондын мөнгөнөөс хуваарилсан мөнгө энэ 260 километр төмөр замыг барихад хүрэлцэхгүй уч­раас 49 хувьд гадны хөрөнгө оруу­лагчдыг татах бодлого барьж байгаа юм. Гэтэл саяхан зарим хэвлэлээр оросууд манай саналыг хүлээж авахаас татгалзсан бөгөөд энэ төслийг эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүй гэж үзсэн талаар мэдээлсэн байсан. Мөн “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунины захидал “Эдийн засгийн хувьд Монголын талын санал болгож байгаа хэлбэр оновчтой биш нь илт” хэмээсэн байсан талаар дурьдсан байв. Гэхдээ энэ захидал ОХУ-ын Засгийн газрын албан ёсны байр суурь биш бололтой. Энэ талаар Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхөөс тодруулахад “Одоогоор ийм мэдээлэл байхгүй байна“ гэв. Түүнчлэн зарим эх сурвалж “Ерөнхий сайдад ийм захидал ирээгүй“ гэж байгаа юм.

Тавантолгойгоос хилийн боомт хүртэлх төмөр замын 49 хувьд оролцох урилгыг манай улс өнгөр­сөн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хөрөнгө оруулагчдад тавьсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт санал авах хугацаа дууссан байна. Өнгөрсөн хугацаанд энэ ажилд ажилд хөрөнгө оруулья гэсэн 12 улсын 20 компанийн санал ирсэн бөгөөд эдгээрий зургаа нь манай улсын компани байгаа аж. Ямар ч байсан энэ төмөр замын ажилд оролцох сонирхол хөрөнгө оруулагчдад байна. Өөрөөр хэлбэл шинэ төмөр замын бүтээн байгуулалт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа аж. Одоогийн байдлаар манай талаас хөрөнгө оруулагчдын ирүүлсэн саналыг нягталж байгаа бөгөөд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хөрөнгө оруулагчид удахгүй тодорхой болох аж.

Хэвтээ тэнхлэгийн дагуу барих 1800 километр төмөр замын ажилд нийт таван тэрбум ам.доллар шаарлагатай гэж тооцож байгаа. Энэ жилийн хувьд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын ажилд зориулж эхний ээлжинд 200 сая ам.долларыг Засгийн газраас баталсан бөгөөд санхүүжилтыг Хөгжлийн банкаар дамжуулан хийнэ. Өмнө нь төмөр замын бүтээн байгуулалтад 55 сая ам.доллар төсөвлөсөн байсан бөгөөд цаашид нэмж 200 сая ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Хэвтээ тэнхэлэгийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг нийт гурван жилийн хугацаанд хийхээр төлөвлөж байгаа бол энэ их ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна.

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж