Төр дайрч, хөрөнгийг нь булааж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Төр дайрч, хөрөнгийг нь булааж чадахгүй

Хувьцаагаа олон нийтэд зарсан  компани руу төр дайрч, хөрөнгийг нь булааж чадахгүй

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга, “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Болдтой ярилцлаа.

-Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй MMС өнгөрсөн жил  алдагдалтай ажилласанаа зарлачихлаа. Таван толгойгоос ганц гайгүй ажилладаг компани нь ийм байхад бусдынх нь хувьцаа ямар байгаа бол?

-MMC-ийн ярьж байгаа зүйл бол Хонгконгийн биржийн олон нийтийн компанийн шаардлага. Хэчнээн долларын алдагдалтай ажилласнаа заавал тайлагнаж байх учиртай. Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг TRQ-гийн хувьцаа гэхэд л  өнгөрсөн жил дээд тал нь 18 ам.доллар хүрч байсан бол долоон ам.доллар болтлоо буурчихлаа. Сая таны асуусан ММС-ийнхувьцаа найман хонгконг доллараас гурван доллар руу орж уруудсан. “Саусгоби ресурс”-ийнх 61 хонгконг доллар байснаа 15 болж буугаад байна. Энэ мэтээр дурдвал олон жишээ хэлж болно.

-Монголд лицензтэй гадаадын компаниудын хувьцаа ташраараа уначихсан нь хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой гэж ярьж, бичицгээж байна. Ер нь хэчнээн хувийн уналттай байна вэ?

-60-70 хувийн уналттай байгаа.

-Маш том тоо байна. Энэ уналт бидэнд ямар эрсдэл авчрах бол?

Уул уурхайн хувьд хайгуулын, ашиглалтын гэсэн хоёр янзын лицензтэй. Хайгуулын лицензийн үет шат өндөр эрсдэлтэй учраас банк зээл өгөхгүй. Тэгэхээр хувьцааны санхүүжилт босгохоос аргагүй болчихож байгаа юм. Монголд лицензтэй компаниудын хувьцаанууд ийм өндөруналттай үед хайгуулын мөнгө босгох ямар ч боломжгүй. Цаашдаа геологийн хайгуул хийхэд хүндрэлтэй болчихсон гэсэн үг. 100 төгрөгөөр авсан хувьцаа нь 30 төгрөг болчихсон байхад бас нэг хүн “Монголд өрөмдлөг хийх гэсэн юм, манай хувьцааг аваач” гэвэл авах хүн олдох уу. Алдагдал хүлээсэн хөрөнгө оруулагчид “Танайх ёстой бүтэхгүй газар, би Конго, Мозамбекэд хөрөнгө оруулна” гээд сууж байна.
 
-Саяхан Ванкуверт болсон геологчдын хурлын үеэр хөрөнгө оруулагчид Монголд лицензтэй төслүүдийн талаар сонсохыг ч хүсэхгүй байсан гэсэн. Байдал тэгтлээ хурцадчихаад байгаа хэрэг үү?

-Канадад байгаа ихэнх хувьцаа хайгуулын лицензийнх. Нэмж өрөмдлөг хайгуул хийх, хөрөнгө оруулалт татах төрлийн хувьцаанууд гэсэн үг. Тэнд хувь хүн гэхээс илүү хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд сууж байдаг.  Өөрөөр хэлбэл хөрөнгө багцын менежерүүд. Тэд хүмүүсээс “Та бидэнд хадгаламжаа өгчих, бид тандбанкнаас илүү өсгөж өгнө” гэж байгаад мөнгийг нь авч хувьцааны хуваарилалт хийдэг.  Монголд тэдийг, Орост төчнөөнийг гэх ч юм уу,  энэ хэсгийг нь эрчим хүчинд, үлдсэнийг нь  уул уурхайн салбарт гэх мэтээр хуваарилдаг юм. Тэгээд хувьцааны багцынхаа ашгаар цалинждаг. Жилд 10-20 хувийн ашигтай ажиллах ёстой хувьцааны багцан доторх нэг хувьцаа нь 70 хувийн уналттай байхаар тэр том уналт өөр салбаруудад олсон ашгийг нь идчихэж байна гэсэн үг. Тэгэхээр хөмсгөө зангидаад ууртай суух нь тодорхой шүү дээ. Наад улстөрийн тогтворгүй байдал чинь миний цалинд нөлөөлөөд байна гэж уурлах нь ойлгомжтой.

-Ингэхэд манай улсын нутаг дэвсгэрийн яг хэчнээн хувийг хайгуул, ашиглалтын лиценз эзэлж байна вэ. Эмх замбараагүй олгогдоод байсан лиценз одоо ямар хэмжээнд хүрсэн бол. Хүмүүсийн бухимдаад байгаа шиг тийм их хэмжээний газрыг хамарчихсан хэрэг үү?

-2005 онд Монгол улсад ашиглалтын болон хайгуулын лицензийн тоо 5913 буюу нийт газар нутгийн 40 хувийг эзэлж байсан. Үүнээс хойш замбараагүй олгосон лицензийн тоог багасгаж, эмх цэгцэнд оруулснаар дээрх тоо одоогийн байдлаар 3636 буюу нийт газар нутгийн эзэлж байгаа талбай нь 13 хувь болтлоо багассан. Ирэх хоёр жилд нэмж хайгуулын лиценз олгогдохгүй бол 2014 онд лицензтэй талбай нийт газар нутгийн долоон хувь, 2015 онд таван хувийг эзэлнэ. Ихэнх лиценз нь Өмнөговьд, Хөвсгөлд гэхэд бараг байхгүй. Хамгийн их хайгуулын лиценз Өмнөговь, Говь-Алтайд бий. Монгол улсын лицензийн талбай өнөөдөр 20 сая га дотор орчихсон.. Ашиглалтын лиценз дангаараа гэвэл нийт газар нутгийн 150 сая га талбайгаас ердөө 0,5 хувийг эзэлдэг. Тиймээс уул уурхайн ашиглалтын лиценз малын бэлчээрээс хомслох нь харьцангүй гайгүй байгаа юм. Дээр дурдсан 0,5 хувийн дийлэнх хэсгийг хайрга, нүүрснийх л эзэлдэг.  Алт, зэс зэрэг үнэт эрдэс нь бага шүү дээ. Маш цөөхөн хувийг  эзэлдэг. Тэгэхээр хаа сайгүй онгичоод байна гэдэг бол өрөөсгөл ойлголт..

-Оюу толгойн хувь нийлүүлэгчид өнөөдрийг хүртэл тохиролцоонд хүрээгүй байна. Хүмүүсийн таамаглаж байгаа шиг энэ орд тодорхой хугацаанд зогсвол Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Хэдэн тоо хэлье. Манай үндэсний нийт бүтээгдэхүүн 2009 онд 6,6 их наяд төгрөг байсан бол 2012 онд 14 их наяд төгрөг болсон. Сангийн яам энэ онд 17 их наяд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа.  Гуравхан  жилийн дотор хоёр дахин өснө гэдэг өндөр өсөлт. Төсвийн орлого ч ялгаагүй. Энэ хугацаанд хоёр их наядаас  5,5 их наяд болж өссөн. Гурван жилийн дотор 14 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт манайд орж ирсэн. Гадаадын энэ хөрөнгө оруулалтын 63, 64 хувь нь Оюу толгой. Оюу толгойг орж ирэхээрханган нийлүүлэгчид оффисоо нээж эхэлсэн. Тэдний шугамаар орж ирсэн хөрөнгө оруулалтыг оруулж тооцохгүйгээр Оюу толгой дангаараа жар гаруй хувийг эзэлж байгаа гэхээргадаадын хөрөнгө оруулалтыг таатай болгосон орчин бараг л  Оюу толгойн гэрээ болчихож байна. Хэрвээ Оюу толгойн төсөл эвгүйдвэл гурван жилийн өмнөх эдийн засаг руугаа буцаж хумигдах эрсдэлтэй. 2009 онд Оюу толгойн гэрээ зурагдахаас өмнө бид сард үсрээд 100 сая ам.доллар, жилдээ 800 сая.ам доллар гадаадын хөрөнгө оруулалтаас татдаг байсан. 2005 онд бол жилдээ 200 сая ам доллар л олж авчирдаг байлаа. Гэрээ хийгдэнгүүт хэдэн тэр бум доллар гэж яригдах болсон шүү дээ. Эдийн засгийн сүүлийн гурав, дөрвөн жилийн өсөлт хоёрхон том хүчээс шалтгаалсан. Нэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалт, нөгөө нь Өмнөговийн нүүрс. Огт экспортолдоггүй байж байгаад 22 сая тонныг экспортодог болно гэдэг том өсөлт.

-Банкуудад байршуулаад байгаа 1,5 тэрбум ам доллар бол баялгаа барьцаалж хөрөнгө оруулагчдаас авсан өр. Хөрөнгө оруулалтын орчин ингэж муудсан нь бондын эргэн төлөлтөд бас нөлөөлөх байх?

Мэдээж нөлөөлнө. Засгийн газар бонд босгохдоо “Бид Оюу толгой, Таван толгойгоо тун удахгүй ашиглах учраас өрөө  ямар ч асуудалгүй төлнө” гэж байгаад мөнгөтэй болсон. Бид 2015 оны 12 дугаар сард буюу 2016 оны сонгуулиас өмнө бондын эхний төлбөрийг төлж эхэлнэ. Тэгэхийн тулд бид орлоготой сууж байх ёстой. Үлдсэн 3,5 тэрбум ам.доллараа аваад төлчихнө гэсэн хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр үед санхүүгийн зах зээл  Монгол Улсыг таагүй хүлээж авбал байдал хэцүүднэ. Хөрөнгө оруулалтын орчин өнөөдрийнхөөс сайжрахгүй, илүү хүндэрвэл бүр ч аюултай. Яг өнөөдрийн хувьд гадныхан монголчуудыг мөнгө босгох тал дээр найдвартай түнш гэж харахгүй байна.

-Таныхаар энэ асуудлыг шийдэх ямар гарц байна?

-Ерөөсөөл тогтвортой байдал. Түүнээс биш хөрөнгө оруулагчидонцгой нөхцөл шаардаагүй. “Бодлого чинь тогтвортой байвал урт хугацааны хөрөнгө оруулалт татах боломжтой” л гэж байгаа. Тогтворгүй байдал асуудал үүсгээд байгаа учраас тэд өмнө нь гаргасан тодорхой шийдвэрүүдээ л үргэлжлүүлэх хүсэлтэй байна.

-Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд улстөрийн савлагаатай шийдвэрүүд сөрөг нөлөө үзүүлээд байна л даа. Улстөрийн нөлөөллийг багасгах ямар арга байна?

-Хувьцааны зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Хувьцааны зах зээл гэдэг  нийтийн өмчлөлийн хэлбэр. Дэлхийн нийт баялгийн 95 хувийг олон нийтийн хувьцаат компани бий болгодог. Оросын “Роснефть”, “Газпром” зэрэг бүх том компани 20-иос дээш, зарим тохиолдолд 50 хувиа олон улсын бирж дээр хувьцаа болгоод  гаргачихсан. Хятадынх ч ялгаагүй. Шинхуа, Чалко, Чайналкогоос эхлээд бүх том компани нь Хонгконгийн бирж дээр хувьцаагаа гаргасан. Хорь, гучаад онд Америкийн гэр бүлийн компаниуд дэндүү томроод ирэнгүүтээ өмчлөлөө задлах ёстой гэдгийг ойлгосон. Монголд л хувьцаат компани гэж яриад байгаа болохоос Орос, англиар бол публичная, public буюу олон нийтийн гэдэг шүү дээ. Дэлхийн компанийн 95 хувь нь олон нийтийн компанийн баялаг бүтээдэг хэлбэрт шилжчихээд байхадМонголд эсрэгээрээ. 95 хувь нь нэг  цөөхөн  гэр бүлийн, эсвэл төрийн мэдэлд байна. Энэ хоёрын аль нь ч компаниудынхаа өмчлөлийг олон нийтийн болгох тусам улстөрийн савлагаатай шийдвэр гарахаа болино. Р.Амаржаргал гишүүн шинээр батлагдсан Компанийн тухай хуулийн хэрэгжилтийг асуугаад байгаа нь цаанаа учиртай. Тэр хуульд төрийн өмчит хувьцаат компаниуд Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө гуравны нэгийг бие даасан гишүүдээс бүрдүүлнэ гээд заачихсан. Бас гүйцэтгэх захирал нь сонирхлын зөрчилтэй гэрээ хийж, эрх ашгаа бодож хэлцлүүд хийвэлмаш хүнд эрүүгийн хариуцлагад унахаар байгаа.Жишээ нь МИАТ-ийн 20 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр хувьчилбал  хувьцаа эзэмшигч хүмүүс, хөрөнгө оруулагчид МИАТ-ийн гүйцэтгэх захирлаас “Та түлшээ ямар үнээр хэнээс авдаг юм бэ” гэж асууж эхэлнэ. Өөрөөр хэлбэл  хяналтын систем тогтож эхэлж байгаа юм. Төрийн өмчийн тэр компанийн гүйцэтгэх захиралд нэг сайд шахааны бизнес хийх гэж оролдвол “Уучлаарай, би ингэвэл шоронд явна. Компанийн хуулиар ийм шийдвэрийг ТУЗ нь гаргадаг юм” гэчихэд л  өөрийгөөхамгаалахбүрэн хэрэгсэл болчихож  байгаа юм. Олон нийтийн компаниөмчлөлийн хосолсон хэлбэртэй учраас баялгийн хуваарилалтталаасаа зөв хэрэгсэл болохоос гадна төр хамгийн муу менежер гэдэг нэрнээс салах маш том боломж. Мөн баялаг бүтээгч хувийн хэвшлийнхэн компанийнхаа тодорхой хувийг олон нийтэд зарвал тэр компани руу нь улстөр дайрч, булаадаг үйл ажиллагаа хязгаарлагдана. Мянгаас арван  мянган хувьцаа эзэмшигч төрийн ордоны өмнө бас нэг юм болно оо доо.

-“Эрдэнэс таван толгой” уг нь энэ зарчмаар эхэлсэн ч одоо таг болчихлоо?

-Эхлэл нь тийм байсан ч хувьцаа тараах процесс нь  замын дунд зогсчихсон. Монголчууд энэ ордоосоо хувь эзэмшдэг ч юм шиг, эзэмшдэггүй ч юм шиг байдалд орчихоод байгаа. Үүнийг хувь хүн гэхээс илүү хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад хийж болно. Норвегид Баялгийн сан, Хөрөнгө оруулалтын сан гэж бий. Энэ хоёр сан улсынхаа биржийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Мөн тэтгэврийн сан гэж байдаг. Төр нийгмийн даатгалын шимтгэл гэж иргэдээсээ хураасан мөнгөө хуримтлуулж, хуримтлалынхаа тодорхой эх үүсвэрийг төрийн компаниудын хувь эзэмшлийг бий болгоход зарцуулдаг. Мөн хувийн компани бирж дээр тодорхой хэмжээний хувьцаагаа зарахад төрийн тэтгэврийн сан хувьцааных нь 3-5 хувийг авдаг. Нэг үгээр хэлбэл энэ сангууд бий болж буй баялгаа ирээдүйдээ өвлүүлэх том хэрэгсэл болчихож байгаа юм. Энэ хэлбэрийг манайхан судалж байх шиг байна. Норвегийн газрын тосны том компанийн 50 хувийг төр эзэмшдэг гэж буруу орчуулсан байна лээ. Төр биш, Норвегийн тэтгэврийн болон баялгийн сангууд эзэмшдэг юм.

-Гэхдээ бараг ялгаагүй юм биш үү?

-Маш том ялгаатай. Энэ сангуудын удирдлагын багт мэргэжлийн санхүүч нар ажилладаг.  Бас тусгай аудиттай. Монголын хувьд Дэлхийн банк ч юм уу Азйн хөгжлийн банк аудитлаж болно. Аль нам нь гарч ирэхээс үл хамаарч20, 30 магадгүй 100 жил идэх хоолоо арай өөр төлөвлөлт, менежмэнт, системээр явуулмаар байгаа юм. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг яаж ашиглах вэ гэдгийг ойлгож, тодорхой жим гарвал маш том боломж бий.  Өнөөдөр Монголын Оюу толгойн ордын 66 хувийг эзэмшдэг TRQкомпанийн хувьцаа Канадад унахад энд сууж байгаа бидэнд огт хамаагүй болчихож байгаа юм. Харин бид эндээ хөрөнгийн зах зээлийг бий болгоод ирвэл тэнд байгаа TRQ тодорхой хэмжээний хувьцаагаа Монголд зарахыг бодно. Тэр хувьцаанаас нь та бид хоёр тус тусдаа хоёр сая төгрөг гаргаад авчихлаа гэж бодъё. Нэг бүрийг нь 20 мянган төгрөгөөр автал 5000 төгрөг болоод уначихлаа. Нөгөө сая төгрөг маань 250 мянган төгрөг болж унана гэсэн үг. 750 мянган төгрөгөө алдсан та бид хоёр дуугүй суух уу. “Хөөе сайдаа, та болиорой, өдөр шөнөгүй зүтгэж байж хураасан сая төгрөгийг минь  та буруу савлуулаад байна шүү гэнэ биз. Ингээд ирэхээр улстөрчөө хүртэл зөв сонгодог болно. Энэ шийдлийг харсан гадны бирж дээр байгаа компаниуд энд хамгаалалтын хэрэгсэлтэй болох гэж Монголын  хөрөнгийн зах зээл дээр ирж хувьцаагаа гаргахыг бодно.

-Улстөрийн савлагаанаас хөрөнгийн зах зээлээ хамгаалах хэрэгсэл нь бэлэн байхад яагаад өнөөдрийг хүртэл оруулж ирэхгүй байгаа юм бол?

Үнэт цаасны шинэ хууль батлагдахгүй байна. Өнөөдрийн үнэт цаасны хуулиар Монголын аж ахуйн нэгж л Монголын бирж дээр хувьцаагаа гаргах эрхтэй. Оюутолгойн 66 хувийг эзэмшигч TRQ Монголын аж ахуйн нэгж биш учраас Монголд хувьцаагаа гаргаж чадахгүй байгаа юм. Шинэ хуулийн төслөөр бол гадны хөрөнгийн бирж дээр байгаа компаниудад хувьцаагаа энд зарах боломжийг нээгээд өгчихсөн.  Монголчуудаас хэдэн тэрбум доллар босгохдоо гол нь биш л дээ. Ашиг сонирхлын нэг завинд сууж эхэлж байгаа гэдэг нь л чухал. Хувьцаа эзэмшигчид нь “Энэ компанийг босгоод ирвэл цалингаасаа хадгалсан хэдэн бор цаас маань арвижих юм байна” гэж бодож эхэлнэ.

-Үнэт цаасны шинэ хуулийн төсөл яагаад батлагдахгүй байна вэ?

-Эдийн засгийн хөгжлийн сайд энэ төслийг УИХ-ын дарга  З.Энхболдод саяхан өргөн барьсан. УИХ-аар хэлэлцэхээс өмнө нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлмээр байгаа юм.  Дараа нь энэ салбарынханы санаа оноог тусгаад хаврын чуулганаар хэлэлцээд баталчихвал хөрөнгийн зах зээхлийн орчин зургаа, долдугаар сараас наашлах боломжтой.

-Бирж дээр хувьцаа нь идэвхтэй арилжигдаж байгаа олон нийтийн ямар компани байна?

-Өнөөдөр манайдолон нийтийн компани маш цөөхөн.  Эдийн засгийн таван хувь нь олон нийтийн хэлбэртэй компани байна. Харилцаа холбооны ганц ч компани олон нийтийнх биш. “Номин”, “Миний дэлгүүр” ч олон нийтийн компани биш. Барилгын компани гэхэд“Ремикон”-оос өөр алга. Бирж дээр арилжаалж байгаа тавхан идэвхтэй хувьцаа  нийт зах зээлийн 70-80 хувийг авч явж байна. Тэрний дөрөв ньтөрийн өмчийн оролцоотой нүүрсний компани. Гэтэл дөрөвдүгээр ДЦС гэхэд л миний тооцооллоор 600 сая ам долларын үнэлгээтэй компани. Станцынхаа шинэчлэлийг хиймээр байна, арван хувиа бирж дээр гаргая гээд 60 сая доллараар хувьцаагаа зарахад  хөрөнгө оруулагчид хангалттай байна.

-Сүүлийн үед төр төчнөөн хувийг нь буцааж авна, монгол хүн, монгол компанийн эзэмшил 50 хувь байх ёстой гэсэн үгнүүд хөрөнгө оруулагчдыг айлгаж байна. Шууд ингэж тулгах хэр эрсдэлтэй вэ?

-Индонезийн нэг жишээ бий. Индонез шууд “индонезийн хүн төчнөөн хувь эзэмшинэ” гэж хуулиндаа заагаагүй. Харин “хөрөнгө оруулагч та ороод ир. Гэхдээ арван жилийн дараа наад компанийн чинь 15-25 хувь нь заавал Индонезийн өмчлөлтэй аж ахуйн нэгж юм уу, индонезийн иргэний эзэмшилд байх ёстой, хорь, гучин жилийн дараа 50 хувийг нь манай иргэн юмуу аж ахуйн нэгж эзэмшиж байх ёстой” гэсэн.  Ийм  бодлогоор 30, 40 жилийн өмнө ажлаа эхэлсэн нүүрсний компаниудыг яваандаа индонезижуулсан. Гэхдээ индонезичууд “Бид наадахыг чинь зүгээр авахгүй, зах зээлийнх нь үнээр авна” гэсэн. Тэгэхээр аль аль талдаа  ашигтай болчихож байгаа юм. Мэдээж дэлхийн томчууд ирж үнэ цохин өрсөлдөж авахгүй учраас зах зээлийн үнэ нь тийм ч их биш. Иймэрхүү зөвөөр шийдэх тогтолцоо, гарцууд байгаа. Хүний хувийн өмчийг үнэгүй хурааж авна гэдэг бол бидний бий болгосон тогтолцоо лав биш. Уго Чавесын бодлого. Хүмүүс Чавесын бодлогыг их зөв байсан шиг ярьж эхэлж байна л даа. Энэ бол маш аюултай үзэгдэл. Бид социализмаас яаж саллаа. Бидтэгш боломжтой нийгэм болгоно гэснээс биш хүн бүр тэгш гэсэн үзлийг хүлээн зөвшөөрөөгүй. Хүн бүр адил тэгш гэдэг чинь социализм. Уго Чавес барууны том нефтийн компаниудыг нийгэмчлээд Венесуэлийнхээ өмчлөл болгосон. Өөрөө ямар ч зардал гаргаагүй хэрнээ хөрөнгө оруулагчдаас бүтээсэн бүхнийг нь булаасан. Тэгээд тэндээс олсон орлогоо өөрийгөө олсон гээд ойлгуулчихаж байгаа юм. Энэ буруу. Хөрөнгө оруулагчдадаа ядаж  зардлыг нь, тодорхой хувь ашигтай нь өгөх хэрэгтэй. Худалдаж аваад дараа нь орлогоо хуваана гэдэг бол зах зээлийн Үндсэн хуулиар хамгаалагдсан хувь хүний хөрөнгийг хүндэлсэн зарчим. Социалист дэглэмтэй Хятад улс хүртэл саяөмчлөлийн хэлбэрээс хамаарахгүйгээр бүх аж ахуйн нэгж адилхан боломжтой байх ёстой гээд бодлогодоо тусгачихлаа.

-Яг ямар бодлого гаргасан гэнэ ээ?

-Хятадын шинэ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар нь дундаж иргэнийхээ амьдралыг сайжруулна гэж байгаа. Тэр бодлогодоо хувийн хэвшил, төрийн өмчийн оролцоотой хоёр аж ахуйн нэгжийн шударга биш өрсөлдөөний талбарыг байхгүй болгоно гэж маш тодорхой заасан. Төрийн жаахан эзэмшилтэй учраас бүх зөвшөөрлүүд нь хурдан гардаг, хэн ч ирж шалгаж дарамталдаггүй, орон нутаг нь шахдаггүй байж болохгүй гэж байна. Гэхдээ азтай нь  бид ардчилалтай. Хэлэх гэсэн үгээ хэлж  үзэл бодолд нөлөөлөх боломжтой улс. Энэ бол бидний хамгийн том үнэ цэн. Ийм үнэ цэн байгаа  цагт бид зөв зам руугаа явж л таараа. Зүгээр л цаг хугацааны асуудал байгаа юм. Хэл амаа ололцох гэж бужигнаж байгаа түр хугацаанд л гадаадын хөрөнгө оруулалтын орчин тааруу болчихоод байна. Дахин хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалтын сайжруулах гол арга бол миний түрүүний хэлсэн хөрөнгийн зах зээл.

-Таныг “Алтан Дорнод Монгол”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэхэд гайхсан шүү. Татварын өртэй, байгаль орчны асуудалтай ийм хэцүү компанийн гүйцэтгэх захирал хийнэ гэдэг эрсдэлтэй биш үү?

-Мэдээж хувь хүн талаасаа харвал эрсдэлтэй л дээ. Гэхдээ энэ компанийн захирал Ганболд  миний багын найз, бизнесийн хамтрагч. Би найзыгаа Монголд маш том хоёр гавьяа байгуулсан гэж үнэлдэг. Эхний гавьяа нь  стратегийн ач холбогдолтой гурав дахь орд Төмөртэйг Монголын эзэмшилд 100 хувь эргүүлж авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хоёр дахь нь таны асуугаад байгаа хамгийн хэл амтай, хамгийн өртэй, хамгийн нэр хүнд муутай энэ компанийг иргэний зориг гаргаж авсан явдал. Бид энэ компанийг босгох гэж жил гаруй болж байна. Тодорхой хэмжээний үр дүнд ч хүрч байгаа. Монгол алт бол монгол төгрөгийн баталгаа шүү дээ. Яагаад Монголд үндэсний алтны компани байж болохгүй гэж, яагаад бид өөрсдөө 700 гаруй ажлын байр бий болгож баялаг  бүтээж болохгүй билээ гэсэн бодлоор ажиллаж байна.  Бидэнд Паушокийн үлдээсэн өв  гэвэл эвдрэлд орсон 1400 га талбай, 70 гаруй тэрбум төгрөгийн татварын өр байна. Эвдэрч сүйрсэн талбайгаас 150-иад га-г нөхөн сэргээлээ. 70 гаруй тэрбумын татварын өр гээд байгаа нь 68 хувийн гэнэтийн ашгийн татварын өр шүү дээ. Бид өнөөдөр хүчингүй болсон татвар төлөөд явж байгаа. Энэ татварыг Монголд төлсөн алтны  компани бараг байхгүй. Манайх хувийн өмчлөлтэй хэрнээ татварын орлого бүрдүүлэх алба шиг л ажиллаж байгаа. Сар бүр татвар төлөх графиктай. Графикаа алдахгүй төлөөд явж байна. Графикаа алдвал өөрсдөө хэцүү байдалд орох учраас байгаа юмнуудаа шавхаж барьцаалаад татвараа төлөөд явж байна. Одоо жар гаруй тэрбум төгрөгийн өр үлдсэн.

-Гэхдээ л таныг ийм эрсдэлтэй зүйл рүү орсон гэхээр гайхаад байх юм?

-Би хашир талдаа, Ганболд захирал илүү зоригтой. Энэ чанараараа бие биенээ нөхдөг байх.

-“Алтан Дорнод Монгол”-ыг мөнгө угааж авсан, улстөрчдийн мөнгө цаана нь явж байгаа гэж шуугиад байдаг. Компаниа худалдаж авсан  300 тэрбум төгрөгийг хаанаас босгосон юм бэ?

Манай захирлыг шалгадаг бүх газар нь шалгасан. Компанийн бүх бичиг баримтаа шалгадаг газраар нь оруулсан. Тийм юм байхгүй гэдгийг шалгадаг газар нь тогтоогоод бидэнтэй гэрээ байгуулсан. Өмнө нь хуримтлуулсан бүх эд хөрөнгөө барьцаалж  гадна дотноос зээл авч байж энэ компанийг худалдаж авсан. Түүнээс биш бэлэн мөнгөөр аваагүй. Бид хасах 300 тэрбумаас  явж байгаа. Аз хийморь, ёндоо гэж байдаг бол, лус савдаг маань байгалийн хишгээ нуухгүй, хайгуул хийгээд юм гараад ирвэл  цаана нь гарна. Хайгуул хийгээд юм олдохгүй бол хэцүүднэ. Тэгээс биш бүр хасахаас эхэлж байна л даа.Тэгэхдээ залуунас байна үзээд алдана даа гэж бодоод л ажиллаж байна.Мэдээж Ганболд захирал бид хоёр хоёулхнаа энэ бүхнийг хийгээгүй. Гадаадын том компаниудад ажиллаж байсан чадварлаг боловсон хүчнүүдээс бүрдсэн баг барууны стандартаар ажиллаж байгаа. Монголчууд одоогоор гадаадын хөрөнгө оруулалтад таатай хандахгүй байгаа ч ядахдаа монгол хөрөнгө оруулагчаа хайрлаж, дэмжих байлгүй дээ. Ингэж бодоод л ажиллаж байна. Эцэст  нь  хэлэхэд дотоодын аж ахуйн нэгжүүдээ хүчирхэгжүүлж, хувийн аж ахуйн нэгждүүдээ эрх тэгш өрсөлдөх орчинтой болгож, төрийн өмч давамгайлсан компаниудад яг адилхан өрсөлдөх нөхцөл бүрдүүлж, төрийн өмчийн ил тод биш шахааны бизнесийг болиулахын тулд өмчлөлийн хэлбэрийг нь задалж, олон нийтийн компани болгон ил тод болгож чадвал 2016 онд эдийн засгийн өсөлт харагдаж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж