
“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэгчлэн үүрэн холбооны оператор компаниудаас санал болгож буй нэг секундын ярианы төлбөр одоогийн төлбөртэй харицуулахад хоёр дахин их байна. Дуудлага хийгээд нэг минутаас бага ярьсан тохиолдолд өмнөхөөс бага төлбөр буюу ярьсан секундын мөнгөө төлнө гэж бодож байсан бол харин ч эсрэгээрээ илүү төлбөр төлөх нь. Бага ярьдаг хүнд л ашигтай, их ярьдагт нь өмнөхөөсөө хоёроос гурав дахин илүү тусч буй “үйлчилгээгээ сонгох” энэ ажил нүдээ олсон зохицуулалт мөн эсэх талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий “Хэрэглэгч өөрийнхөө ярьсан хэмжээгээр төлбөрөө төлөх боломж бүрдсэн нь том дэвшил. Гэхдээ үнийн хувьд секундээр нь тооцвол үнэтэй мэт санагдаж байгаа юм. Хүмүүс гуравдугаар сарын 1-нээс эхлэн бидний ярьсан төлбөр автоматаар секундээр тооцогдоно гэж ойлгож байсан. Гэхдээ энэ бүгд хуучнаараа зөвхөн шинэ үйлчилгээ гарч байгаа юм. Хэрэглэгч секундын үйлчилгээг сонгож болно, таалагдахгүй бол хуучин үйлчилгээ рүүгээ шилжиж болно” гэв.
Секундээр тооцох шинэ журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэг секунд ярианы төлбөр хэдэн төгрөг байхыг салбартаа монополь гэгдэх “Мобиком” компанид тогтоож өгсөн байна. Ингэхдээ тус компанийг 1,7 төгрөгөөс доош тарифтай байж болохгүй гэж журамлажээ. Уг нь зах зээлийн хуулийг зөрчин үнийг хүчээр хязгаарладаг байсан төр энэ удаад хүчээр нэмэхийг шаардсан гэж болно. Товчхондоо бол “Мобиком” секундын тариф нь 1,7 төгрөгөөс доош байхаар тогтоовол бусад оператор компаниудын зах зээлд оршин тогтнох эсэх асуудал бэрх болох тул ийнхүү “Мобиком”-ын тарифын доод хэмжээг тогтоож, бусад нь өрсөлдөөний журмаар арай бага үнэ тогтоосон гэнэ.
Ингээд “Мобиком” нэг секунд нь 2,2 төгрөг, “Скайтел” 1,8, “Юнител” 2,0 төгрөг зэргээр үнээ тогтоожээ. Хамгийн бага үнийг тогтоохоос бус дээд үнийг тогтоодоггүй тул өнөөдөр 2,2 төгрөг гэх тариф мөрдөгдөж эхэллээ.
“Мобиком”-ын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч өмнө нь сүлжээндээ 50 секунд яриад 70 төгрөг төлдөг байсан. Харин шинэ, бас шударга гэгдэж буй секундын үйлчилгээ рүү шилжвэл 50 секунд яриад 110 төгрөг төлөхөөр болж байна. Тэгэхээр нэг минут хүрэхгүй ярьдаг хэрэглэгчдэд бус, 10 секундээс дотогш ярьдаг хүмүүст зориулсан зохицуулалт бололтой.
М.НАРАН