Си Жинпин В.Путиныг сайн найз гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Си Жинпин В.Путиныг сайн найз гэв

Хятадын шинэ удирдагч Си Жинпин Мосвка хотод айлчлах үеэрээ Хятад, ОХУ-ын нөхөрлөл дэлхийд стратегийн тэнцвэр, энх тайвны баталгаа болдог хэмээн мэдэгджээ. Си Жинпин гадаад дахь анхны айлчлалаа ОХУ-аас эхэлж, тус улсын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан байна.

Си Жинпин Владимир Путиныг сайн найз хэмээн тодорхойлсон юм.

Өнгөрсөн баасан гаригт Оросын төрийн өмчит эрчим хүчний компани “Роснефть” Хятадаас зээлсэн хоёр тэрбум ам.долларын хариуд газрын тосны нийлүүлэлтээ гурав дахин нэмэгдүүлэхээ амлажээ. ОХУ, Хятадыг холбосон хийн хоолой байгуулах тухай гэрээний нөхцөлүүд дээр хоёр тал тохиролцоход удаан хугацаа шаардлагатай гэж ажиглагчид үздэг боловч хоёр орны төрийн тэргүүд хийн хоолой байгуулах урьдчилсан яриа хэлэлцээ явуулахаар болсон байна.

ОХУ дэлхийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч орон бол Хятад эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Хоёр орны гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 88 тэрбум ам.долларт хүрсэн ч энэ нь Хятад, Европын холбоо, АНУ-ын хоорондох худалдааны эргэлтийн хаана ч хүрэхгүй байгаа юм.

ОХУ, Хятад хоёр сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээний улс төрийн асуудлуудад холбоотон болж, нэг байр суурь илэрхийлэх болсон.

Үүний нэг жишээ нь ОХУ, Хятад хоёр Сирийн Засгийн газар, Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг арга хэмжээ авах гэсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа билээ.

Нөгөө талаар ОХУ, Хятад хоёр орон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээнд гол байр суурь эзэлдэг.

Хятадын шинэ удирдагч Си Жинпин ОХУ дахь айлчлалынхаа хоёр дахь өдөр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудтай уулзахдаа “Хятад Улс бусад улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох явдлын эсрэг байр суурь дээрээ цаашид ч зогсох болно хэмээн ярьсан байна. Си Жинпин "Бид дэлхийн улс орон бүр өөрийн хөгжлийн замыг бие даан сонгох эрхийг хүндэтгэх ёстой” гэжээ.

Айлчлалын үеэр хоёр тал бие биенээ магтаалаар булж байсан гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Энэ бол эерэг үр дагавар авчрах түүхэн айлчлал гэдгийг хэлмээр байна” гэжээ.

Си Хятадын төрийн тэргүүн болох урт удаан үйл явцын эцэст өнгөрсөн долоо хоногт албан үүргээ хүлээн авсан. Хятадын хэвлэлүүд Си Жинпинийг өмнөх удирдагч Ху Жинтаог бодвол бусдын бишрүүлэн дагуулах увадистай хэмээн бичих болсон гэнэ. Си Жинпин олны танил, алдартай дуучин эхнэрийн хамт ОХУ-д айлчилж байгаа юм байна.

Орчуулсан Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж