
Улсын хэмжээнд нийт 68 төрлийн халамжийн үйлчилгээнд 510 мянган иргэн хамрагддаг гэсэн статистик дүн гарчээ. Байнга хамрагддаг эдгээр иргэдээс гадна цаг үеийн халамжийн шийдвэрүүдээс үүдэн Монголд халамж хүртээгүй нэг ч хүн үлдээгүй гэж болно. Энэ онд л гэхэд халамжийн үйлчилгээнд зориулж нийтдээ 262 тэрбум төгрөг төсөвлөжээ. Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ сард 103600 төгрөг байдаг бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ мөнгө сарын хэрэгцээний хаана нь ч хүрдэггүй ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл хүмүүсийг бодвол илүү их асаргаа, сувилгаа шаардахын дээр эм, тарианд ч багагүй мөнгө зарцуулдаг. Тиймээс нийгмийн халамжийн байгууллагаас хавтгайрсан халамжийг халж, зорилтот бүлэгт чиглэсэн мөнгөн тэтгэмж, тэтгэврийг нэмэгдүүлэх бодлогыг боловсруулж буй юм байна.
Д.ЦЭЭНЭ