“Иргэн бүр Элчин сайд”

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

“Иргэн бүр Элчин сайд”

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын зорилго нь Монгол Улсын гадаад харилцааг олон нийтэд сурталчлан таниулахад хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэй оролцоно гэж үзэн “Гадаад харилцааны элч сэтгүүлч” төв байгуулж ажиллах болсон тухайгаа дуулгасан юм. Энэхүү төв нь мэргэжлийн дадал туршлагатай сэтгүүлч, нийтлэлчээр баг бүрдүүлж, Монгол Улсын гадаад харилцаа, дипломат үйл ажиллагаа, гадаад сурталчилгаатай холбоотой мэдээ, мэдээллийг түгээж олон нийтэд сурталчлан таниулахад оршжээ. Нөгөөтэйгүүр, олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, гадаад сурталчилгааны чиглэлээр сонирхдог, бичдэг, эрэл хайгуул хийдэг сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх, мэргэшүүлэх туршлага солилцуулах боломжоор хангах, шаардлагатай мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ “Монгол Улсын гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа бол зөвхөн нэг яамны, нэг салбарын хүрээний асуудал биш монгол иргэн,  монгол өрх айл бүрт хамааралтай юм. Тиймдээ ч орчин үеийн дипломат алба мэргэшсэн дипломатчид гэхээсээ ард иргэддээ түшиглэн, “Иргэн бүр-элчин сайд”  зарчимд тулгуурлах болсон. Мэдээллийн эрин зуунд Монгол Улсыг гадаадад таниулан сурталчлах хамгийн гол арга хэрэгсэл бол мэдээлэл. Өнөөгийн нөхцөлд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчиллын ололт амжилт, олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэхэд Монгол Улсын гадаад харилцааны бодлогоос гадна 4 дэх засаглал хэмээгддэг сэтгүүлч та нарын үүрэг оролцоо үлэмж их. Хэдийгээр Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбар эрчимтэй хөгжиж, мэдээллийн хэрэгслийн хэлбэр, тоо олшрон энэ салбарт ажиллаж буй боловсон хүчний тоо тогтмол нэмэгдсээр байгаа ч гадаад харилцааны асуудлаар мэргэшсэн, олон улсын харилцааны талаар зохих ойлголттой, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагын хувьд шаардлага хангасан сэтгүүлч, тоймч, нийтлэлчид учир дутагдалтай байна. Иймд олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, гадаад сурталчилгааны чиглэлээр сонирхдог, бичдэг, эрэл хайгуул хийдэг сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх, мэргэшүүлэх туршлага солилцуулах боломжоор хангах, шаардлагатай мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам дэргэдээ “Гадаад харилцааны элч сэтгүүлч төв байгуулж байгаа” гэлээ. Мөн сайд Л.Болд Монгол Улсад ирэх сард болох томоохон арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, ирэх дөрөвдүгээр сарын сарын 27-29-ны өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн хамгийн том хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Дэлхийн бүх ардчилсан орныг эгнээндээ нэгтгэсэн энэ нийгэмлэгийг Монгол Улс 2010 оноос эхлэн даргалсан. Одоо ажлаа тайлагнаад, дараагийн дарга-оронд эрх мэдлээ шилжүүлж өгөх юм.

Гадаад харилцааны сайдын тэмдэглэснээр энэ нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурал, зөвхөн сайд нарын хурал биш, дэлхийн ардчилсан орнуудын Залуучууд, Эмэгтэйчүүд, Иргэний нийгэм, Бизнес, Парламентын төлөөллийн бие даасан таван форум болох аж. Ингэхдээ тус нийгэмлэгийн гишүүн нийт 140 орчим орноос 131 улсын Гадаад хэргийн сайд, 20 орчим олон улсын байгууллагыг одоогоор урьжээ.

Үүнээс 40 орчим Гадаад хэргийн сайд, Нигерийн Ерөнхийлөгч, Тайландын Ерөнхий сайд гэх мэт нэр хүндтэй өндөр дээд түвшний 50 орчим төлөөлөгч оролцохоор болоод буй м байна.

Түүний дотор Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, Мьянмарын Үндэсний ардчилсан лигийн тэргүүн, хатагтай Ан Сан Сү Чи биечилэн оролцох болсноо мэдэгджээ.

Энэхүү хуралд 800-1000 орчим төлөөлөгч хүрэлцэн ирнэ хэмээн тооцоолж бэлтгэл хангаж буй аж.

Дээрх томоохон хуралдааны дараа орох бас нэгэн олон улсын чанартай хурал нь 1972 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдөр тэмдэглэж ирсэн Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон явдал юм байна.

Энэ оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Кени улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улс эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсныг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр албан ёсоор зарлажээ.

Харин эдийн засгийн хувьд, манай орны хөгжлийг урагш дэвшүүлэх бас нэг томоохон үйл явдлыг ирэх есдүгээр сард төлөвлөсөн байна. Энэ бол “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Монголын ирээдүйн тухай стратегийн ярилцаа” юм байна.

Дэлхийн бизнесийн томчууд хуралдаж, тухайн жилийн бизнесийн өнгийг хэлэлцэж, хаанаас хаашаа хөрөнгө оруулахаа үндсэндээ шийддэг өндөр нэр хүндтэй Давосын чуулга уулзалтаар Монголын ирээдүйн талаарх судалгаатай танилцах ажээ.  Дээрх арга хэмжээний үр дүнд бүтээн байгуулалтын том том төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан татах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж