Үйлдвэржилтийн шинэ эрин үеийг сонирхуулна

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Үйлдвэржилтийн шинэ эрин үеийг сонирхуулна

“Үйлдвэржилтийн шинэ эрин-үе, ханган нийлүүлэлт” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулах тухай өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үзэсгэлэнг Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсруулах үйлдвэрийг дэмжих чиглэлээр тусгагдсан зорилтууд, ”Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 103 дугаар тогтоолын хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гуравдугаар сарын 26-28-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулах юм байна. Ингэхдээ Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, хувийн хэвшлийнхэн хамтран  зохион байгуулагчаар ажиллаж, нийт 160 гаруй аж ахуй нэгж оролцох аж.

Арга хэмжээний хүрээнд уул, уурхай, эрчим хүч, зам, барилга, эрүүл мэнд, боловсролын салбарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үйлдвэрлэгч-худалдан авагч талууд бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, цаашид төр, хувийн хэвшлийнхний холбоог сайжруулах бодлого, чиглэлээ тодорхойлох хэлэлцүүлэг хийх болон гэрээ, санамж бичиг байгуулах талаар албаныхан мэдээллээ. Үзэсгэлэнд бүртгүүлэхийн тулд  Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн 314579, 99096553 дугаарын утсанд хандах боломжтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж