
Өнгөрсөн оны газар тариалангийн жилийн эцсийн тайлангаар газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэд 46,1 мянган га талбай эзэмшин үйл ажиллагаа явуулж үүнээс 18,1 мянган га талбайд уриншийн боловсруулалт, тариалалт хийсэн нь эзэмшил талбайнхаа 39 хувийг ашиглаж 61 хувийг нь атаршуулан өнжөөжээ гэсэн дүгнэлт гарсан байна.
Аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн талбайн ашиглалтыг өнгөрсөн жилийн байдлаар авч үзвэл, Биндэр сумын Амжилт, Баян-Адрага сумын Идэр-Онон, Мөнхийн Дуурлиг, Хурх тосгоны Өндөрхаан компаниуд 100 хувь, Баян-Адарга сумын Мөнх-Онон, Хурх тосгоны Агро-Импекс, Норовлин сумын Мөнх-Улз компаниуд 87,4-89,1 хувь, Хурх тосгоны Хурх гол компани 70,2 хувь, Эвийн хүч, Алтан хурх, Эл-Ди компанууд 45-48,2 хувь, Хэрлэн сумын Атар Чандган сүү, Хурх тосгоны МЭОМЭ компанууд 32,8-20,6 хувь, Дадал сумын Баян Тэв, Балжхаан, Өмнөдэлгэр сумын Магнай трейд, Сэлэнгэ стандарт, Уневирсал трейд компанууд эргэлтийн талбайг ашиглаагүй атаршуулсан байна.
Орон нутгийн төсөв, аймгийн тариаланг дэмжих сангаас нийт 4 иргэн, 1 аж ахуйн нэгжид 17,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг газар тариалангийн тоног төхөөрөмж болон үр худалдан авах зорилгоор олгосон байна. Мөн 22,0 сая төгрөгөөр Хурх тосгонд төмс, хүнсний ногоо тариалах иж бүрдэл буюу хүлэмж, услалтын систем, бага оврын тракторын хамт худалдан авч хүлээлгэн өгсөн. 2010 онд Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Хэсэг усны дэнжид ховордсон эмийн ашигт ургамал үржүүлэх зорилгоор 5 га-д, Цэнхэрмандал сумын Ташгайн ард эмийн ургамал тариалж сургалтын баазад ашиглах зорилгоор 5 га, Хэрлэн сумын Өлзийт тосгонд тэжээлийн ургамал тариалах зорилгоор 75 га-д услалтын систем барьж ашиглалтад орууллаа. Үүнд улсын төсвөөс 263,2 сая төгрөг, аж ахуйн нэгж иргэдээс 348,0 сая төгрөг зарцуулжээ.
Энэ хавар аймаг 8100 га талбайд тариалалт хийх ба тариалалтанд 1495 тонн үр шаардагдана. Үүнээс аж ахуйн нэгж, иргэд 746 тн, аймгийн нөөцөд 98 тн бүгд 844 тонн үр нөөцөлж, цаана нь 651,3 тонн үр дутагдаж байгаа бөгөөд Шар талын улсын үрийн нөөцөд 120 тонн үр хадгалагдаж байна. Энэ хаврын тариалалтанд зүтгэх хүчний техник 49, үрлүүр 151 ажиллах бөгөөд нийт 10 мянган га талбайд уриншийн боловсруулалт хийж, 19 га талбайд чацаргана жимс, жимсгэнэ тариалан, үрийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа аж.