Ардын багш, хуульч Б.Чимид таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Ардын багш, хуульч Б.Чимид таалал төгслөө

Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны эцэг, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид таалал төгслөө. Хөвсгөл аймагт 1934 онд малчны гэрт төрсөн тэрээр бага насандаа эцэг эхээсээ өнчирч, хатуу хүтүү цагийг туулсан ч эрдэм номын мөр хөөж, улмаар улс эх орондоо хэрэгтэй, ард түмэндээ нэр хүндтэй хүн болж, өөрөө өөрийнхөө амьдрал, замналыг босгосон юм. Тэрээр хүнд өвчний улмаас ийнхүү 79 насандаа таалал төгслөө.

Б.Чимид нь 1934 онд тэр үеийн Архангай аймгийн Чандмань сумын 5-р баг, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг “Зөөлөн” гэдэг газар малчин ард Бяраагийн анхдугаар хүү болон төржээ. Бага сургууль дүүргээд нутагтаа мал маллаж байв. Улмаар 1953-1962 онд цэргийн алба хааж, цэргээс ирснийхээ дараа нутагтаа багийн дарга, аймгийн намын хорооны зааварлагч хийж байсан түүхтэй. 1966 онд МУИС-ийг хууль мэргэжлээр төгсгөж, 1966-1978 онд МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1978-1986 онд Шүүх Яамны Сайд, Улсын Дээд Шүүхийн дарга, 1986-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга,  1990-1992 оны 8-р сар хүртэл Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Тэрээр Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогдож байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас /хоёр удаа/, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон, Гавьяат хуульч, Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдаж байлаа.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж