“Роснефть” ТНК-ВР-ийг авах хэлэлцээрээ дуусгажээ

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

“Роснефть” ТНК-ВР-ийг авах хэлэлцээрээ дуусгажээ

Оросын төрийн өмчит “Роснефть” компани
Их Британийн PB болон Оросын AAR консорциумаас ТНК-ВР компанийг
худалдан авах гэрээ хэлэлцээрээ дуусгаснаа мэдэгдлээ. Хойд хөршид газрын
тос олборлолтоороо гуравдугаарт ордог ТНК-ВР компанийг худалдах
хэлэлцээр хагас жил үргэлжлээд ийнхүү өндөрлөж байна.

Тус
компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Альфа групп”, “Access Industries”,
“Ренова групп”-ээс бүрддэг Оросын AAR консорциумд “Роснефть” 27,73
тэрбум ам.доллар төлжээ. Харин үлдсэн 50 хувийг эзэмшигч Их Британийн PB
компанийн хувьд “Роснефть”-ийн 12,48 хувийн хувьцааг эзэмшихээс гадна
16,65 тэрбум ам.долларыг мөнгөн хэлбэрээр авчээ. Мөн Роснефтийн эзэмшил
“Роснефтгаз” компанийн 5,66 хувийн хувьцааг 4,87 тэрбум ам.доллараар
худалдан авах эрхтэй болсон байна.

61 тэрбум ам.долларын мөнгөн
дүн бүхий энэхүү гэрээ Орос төдийгүй дэлхийн газрын тосны салбарт
“түүхэн” хэлэлцээр болсныг “Роснефть” компанийн Ерөнхийлөгч Игорь Сечин
онцлов. ТНК-ВР-ийг худалдах хэлэлцээр дууссан тухай мэдэгдлийн дараа тус
компанийн нэр бүхий топ менежерүүд өөрсдийн хүсэлтээр халагдах өргөдлөө
өгчээ. Гэхдээ энэ талаар аль аль тал мэдэгдэл хийхээс татгалзсан байна.

Нэгэн цагт Оросын газрын тосны монополь “Роснефть “компаниас
тасран гарч, дэлхийн газрын тосны томоохон тоглогчтой нэгдэн шуугиан
тарьж байсан Тюменийн нефтийн компани буюу ТНК ийнхүү буцаад Оросын
төрийн мэдэлд очлоо. Энэхүү хэлэлцээр дууссаны дараа Лондонгийн бирж
дээрх “Роснефть” компанийн хувьцааны үнэ 2,5 хувиар өсчээ.   

Э.Од    

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж