Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Шинэ өдөр”

Өнөөдөр Наурызын баярын өдөр. Өчигдөр Сүхбаатарын талбайд казах түмний үзэсгэлэн гарч, бүргэд бүжиглүүлэн олныг цэнгүүлсэн. Энэ нь Монголд анх удаа Наурызын баярыг улсынхаа нийслэлд тэмдэглэж байгаа тохиолдол болсон юм. Наурыз гэдэг нь перс үг бөгөөд Нау гэдэг нь шинэ, рыз гэдэг нь өдөр гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Тэд гуравдугаарр сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагт бурхан бууж ирдэг тул энэ өдрийг жилийн эхэн хэмээн үздэг. Ер нь Монгол түмний их баяр цагаан сартай утга төстэй баяр гэнэ. Бурхан ирдэг тул гэр орноо цэвэр цэмцгэр байлгах нь тэр жилдээ өвчин зовлон, гай түтгэргүй байна гэдэгт итгэж найддаг нь цагаан сар тэмдэглэх үеийн Лхам бурхан ирнэ хэмээдэгтэй утга нэг ажээ. Энэ баяраар эрчүүд нь гараа зөрүүлж, бие биедээ цээжээ хүргэн золгодог бол эмэгтэйчүүд нь тэврэлдэн мэндчилдэг байна. Наурызын баяр бол ямар нэгэн шашинтай огт холбоогүй цэвэр ёс заншлын баяр. Казах түмэн баярынхаа өдрөөр тас таркан буюу идээ засахаас гадна Наурыз көже буюу Наурыз шөл хийдэг байна. Энэхүү шөд нь найрын ширээний ууцны үүргийг гүйцэтгэдэг тул тухайн айлд орсон хүн бүр энэхүү шөлнөөс амсах ёстой байдаг. Мөн Наурыз шөлөнд долоогоос доошгүй идээний дээж хийх ба хуучин оноо төлөөлүүлж өнгөрсөн жилийн идээний дээж, шинэ оныг төлөөлүүлж шинэ төлөлсөн малын сүү, уургийг хийдэг гэнэ. Наурызын баяр 22-ны өглөөний нарыг харахаас эхэлдэг. Энэ өдөр хүн болгоныг баярлуулахыг хичээж, архи дарс уухыг хатуу хориглон сайн сайхныг хүхдэг. Тэд өөр хоорондоо “Улыс он болсын, ак мол болсын” буюу Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай хэмээн мэндчилдэг байна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж