
Зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хүчин чадлаасаа хамаарч өөр өөр хөрөнгө оруулалт шаардана. Тухайлбал, 130 мянган тонн цэвэр зэс боловсруулдаг үйлдвэртэй болно гэж үзвэл 500 сая ам.доллар шаардана. Харин 70 мянган тонн цэвэр зэс боловсруулдаг үйлдвэртэй болоход дээр дурдсан хөрөнгөөс хоёр дахин бага хэмжээний зардал шаардана. Нөгөөтэйгүүр, зэс хайлуулах үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Орхон аймагт байгуулах уу, эс бөгөөс Сайншандад байгуулсан нь дээр үү. Хэрвээ Сайншандад байгуулна гэвэл “Эрдэнэт” үйлдвэрт боловсруулсан баяжмалыг Сайншанд хүртэл зөөнө. Энэ явцад мөн зардал шаардана гээд ярвигтай асуудал нэлээд байгааг гишүүд хэлж байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэр Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай. Зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэхэд тус улс хамтарна гэх үү. Аль эсвэл Монгол Улс дангаараа 100 хувь бие даасан үйлдвэртэй болох уу. Хэний ч оролцоогүйгээр үйлдвэртэй болно гэж үзэхэд хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тэр дундаа байгаль орчинд халгүй, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглах үйлдвэр байгуулна гэж үзвэл хөрөнгөтэй гадаадын хөрөнгө оруулагчтай хамтрахаас өөр аргагүй гээд зөв шийдлийг олох шаардлага тулгарч байна. Оновчтой шийдлийг Засгийн газраас УИХ-д оруулж ирнэ. Эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргана. Тэр болтол энэхүү төсөл багагүй цаг хугацаанд боловсруулагдахаар болж, ямартай ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны босгыг давж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулагдаар боллоо.
Г.Дарь