Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Талцал ба хэлцэл

(Монголын Засгийн газар гэж бий болох уу)

1. Энэ
өгүүллийг би улс төрийн чанартай эд боллоо гэж бодохгүй байна. Төр
засаг, нам эвлэлийн тухайд бичигдэхээр л манайхан улс төржлөө гэдэг. Уг
нь заримдаа тэр нь улс төр биш байдаг. Бидний багад  пионерийн зуслан
гэж багачуулыг амраадаг газар байлаа. Тэгэхэд багачуулд хүүхдийн кино
үзүүлнэ гээд “Улаанбаатарт байгаа миний аав”, “Уулзалт” гээд киног
тавьдаг байв. Уг нь энэ нь хүүхэд тоглосон том хүний кино л доо. Энэ
хоёр кинон дээр эхнэр нөхөр салж нийлсэн, эхнэр нь нөхрөө “гол гаргаж”
хүүхэд дунд нь хохирч дэмий тэнэх, бүр хүүхдийн колонид орох зэрэг тийм л
юм гарна. Тэгсэн хэрнээ кино механикч ч юм уу, хэн ч юм хүүхдийн кино
гээд бидэнд үзүүлээд байна. Эр, эм хоёр тэврэлдэх юм уу, үнсэлцэхээр
киномеханикч дэлгэцийг гараараа харанхуйлна. Бид шүгэлдэх, хөлөөр шал
дэвслэх, хашгирч гуагчиж хөөрцөглөнө. Уншигч Та харав уу? Яах аргагүй л
хүүхэд тоглосон том хүний кино байгаа биз? Бас хөгжилтэй байгаа биз?! 
Зарим пионерийн зуслан дээр ийм л байсан юм.

Үүн лүгээ төр засаг,
нам эвслийн талаар иргэн хүн санал санаачлагаа бичиж, хэлэх төдийд улс
төржөөд байгаа юм биш. Жишээ нь, эдийн засаг гэж байна. Гэтэл эдийн
засгийн нэг буруу, бүр гаж гэмээр үзэгдэл бол хэт халалттай эдийн засаг
юм. Яг үүн шиг манайд хэт халалттай улс төр явж байх шиг. Монголчууд бид
улс төрд амь наана, там цаана ач холбогдол өгсөөр сүүлийн 20 гаруй
жилийг үдэж байна. Баянхошууны лангууны ард сууж байгаа авгайгаас баруун
дөрвөн замын сонин борлуулдаг өвгөн хүртэл улс төрөөр амьсгална.
Гачууртад гурван үнээнийхээ дэлэнг шувтарч суудаг эмгэнээс Нарантуулын
гутлын наймаачин хүртэл цул улс төр. Сонгуулийн үеэр бол  амьсгалдаг
агаар нь улс төр байхаас гадна уудаг цай, иддэг хоол нь улс төр болно.
Энэ бол төлөвшиж амжаагүй нийгмийн дүр зураг юм. Энэ бол улс төржиж байж
л амь зуухад тус нөлөөтэй гэсэн манай нийгмийн толь юм. Энэ бол ядуу
нийгмийн дүр зураг. Адаг гар нь таньдаг нэгнээ Иргэдийн нийтийн хурлаар
хороогоор лоббидож байгаад багийн дарга болгочихвол тусламжийн гурил
будаа хүртэх магадлал нь их болно гэсэн ирээдүйнхээ хүлээлтийг хангах
гэсэн эрмэлзлэл. Нарийндаа  энэ бүхэн дээр доргүй масштаб нь том жижиг л
болохоос биш бүх төвшинд хийгддэг ажил. Уг нь улс орон хөгжих үү? Сум
дүүрэг, аймаг нийслэлийн төр, захиргааны байгууллагаас хамааралгүй
бизнес бий болох уу? Татварын бодлого яах бол? Хууль, шүүх тэгш эрхийн
концепциэ барьж чадах уу, эс чадах уу? Түрэмгийлэл, далайлгалт төрийн
зүгээс байх уу, эс байх уу? Төрийн албан хаагчдыг алагчлан халах уу, эс
халах уу? Анги намчирхах үзлийг аль нам нь дэлгэрүүлэх нь вэ? Хэн гэдэг
албан тушаалтан үүнийг гаргуудаар хийж байна вэ? гэх мэтчилэн суурь
асуудлыг бодож иргэд маань энэ зүгт анхаарлаа хандуулах ёстой л доо.
Товчхондоо, хэн нийгмийг гажуудуулж байна, түүнд нийгэм дургүйцэх ёстой.

2.
Дэлхий хавтгай болжээ гэж бид ярих дуртай. Энэ чинь хүн төрөлхтөн нүүр
нүүрээ харж байна л гэсэн үг. Бөөрөнхий байхдаа нүүр нүүрээ харж
чаддаггүй байсан нь үнэн. Дэлхий ертөнц хэд ч хуваагдсан байсан юм бүү
мэд. Гэтэл өнөөдөр Монгол орон өөрөө хавтгай болох цаг нь иржээ. Талцах
биш хэлцэх цаг. Тодорхой хэлбэл консенсусын цаг. Америк орон юугаараа
агуу билээ. Тэд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг даван
туулснаараа агуу юм. Тэд Америкийн иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш
эрхийг эдэлж чаддагаараа давуу юм. Тэд ардчилал гэдгийг нийтийн хүртээл
болсноороо давуу юм. Америк нийгэм консенсусыг эрхэмлэж чаддагаараа агуу
юм. Тэд хэлцэл хийж чаддагаараа агуу юм. Гэтэл бид яаж байна вэ?
Талцал. Дахиад талцал. Уг нь арьс өнгөний үзэл баймааргүй юм. Тэгсэн
атлаа талцал. Бид үнэхээр ХХI зууны ардчилсан орныг хүсч байгаа бол, ХХI
зууны хөгжил дэвшилтэй орныг хүсч байгаа юм бол ядаж эвлэрэх зайтай
эвдэрч сурцгаая. Гол эрх ашгийнхаа төлөө хоёр улс төрийн хүчин байтугай,
хоёр хүн консенсус хийж чаддаг болох соёлыг эзэмших нь Монголчуудын цул
байх чадварт маш их нөлөөлөх нь. Иймд нам эвслийн амбицийг хойшоо гэх
цаг болжээ.  Үүний цаана тухайн ард түмний эрх ашиг жинхэнэ утгаараа
бүгдийн оройд байхыг хэлнэ. Консенсус гэдэг бол эрүүл саруул
сэтгэлгээгээр олон бодолтой хүмүүс тал талаасаа эв эеийг хичээж тодорхой
байр сууриа нэгтгэхийг л хэлээд байгаа юм. Өнөөдөр манай улстөрчид “Та
нар ингэж байсан бид ингэнэ”, “Биднийг ингэсэн учраас Та нарыг ингэнэ”,
“Та нарыг ингэвэл бид тэгнэ” гэдэг. Энэ нь нөхөр нь эхнэрээ хаяад явахад
эхнэр нь: “Чамайг явбал би боож үхнэ” гэдэгтэй агаар нэг юм. Өөрөөр
хэлбэл, нийгмийн амьдралын бүх л шатанд консенсус хөгжөөгүй туйлшрал
хөгжсөний илрэл юм. Гэтэл орчин цагийн цэцэрлэгийн хүүхдүүд ч
консенсусыг ойлгоод муудах цагтаа муудаад, нийлэх цагтаа нийлээд явдаг
болжээ. Гэтэл манай улстөрчид нэг жалгын хоёр муйхар өвгөн шиг бие
биедээ муу санасаар насыг бардаг шиг долгион дээр сэтгээд байх шиг.
Манайхан : “Яасан муухай харцтай новш вэ?” гээд хоорондоо зүв зүгээр
байж байгаад зодолддог. Уг нь энгийн логикоор хэн нэгэн муухай харцтай
байлаа гээд зодолдох шалтгаан мөн үү?! Үүн шиг улс төрийн хүрээнд ч
гэсэн амьдралд ямар ч ач холбогдолгүй өчүүхэн төдий урдын яль шальгүй
алдаа эндэгдэл, факт баримт дээр суурилсан агуу том хорслоор амьдарч
байна. Энэ бол консенсусыг эвдэж байна. Үүний цаана зөвхөн эвдрэл,
талцал амилж байна. Эвдрэл талцал бидний улс төрийн утга учир болж
байгаа нь манай нийгмийн амьдрал ургашлахгүй, нэлээд тохиолдолд хойшлож
байгаагийн гол буруутан. Намууд хоорондоо аливаа асуудал дээр
консенсусын зарчмыг барьж байж гэмээ нь нийгэмд тогтвортой байдал үүснэ.
Гэтэл манайд гомдол, хэрүүл, занал, зандрал үл тасрана. Ганц жишээ.
Долоо хоногийн өмнө МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал
хатагтай: “Биднийг “Гээгдсэн эгшиг”, “Балархай эгшиг” гэж ярьдаг байсан
МАН-ынхантай эвсэхийг тийм амар шийдэхгүй” гэж байх жишээтэй. Н.Удвал
хатагтай уг нь Өрнө, Дорноор явж юм үзэж, нүд тайлсан л сэхээтэнсэн дээ.
МАН, МАХН-ыг балархай эгшиг, гээгдсэн эгшиг л болгочихоогүй бол энэ 
асуудлын цөм нь биш шүү дээ. Үг хэлэх эрхийг үндэстнээрээ хүлээн
зөвшөөрчихсөн байхад “Гээдсэн эгшиг”, “Балархай эгшиг” гэж хэлэх чинь
нэг их эвлэрэл, хэлцлээс ач холбогдолтой эд гэж үү?!  Хэрэв МАН-хан
МАХН-ыг: “Гэрэлт гийгүүлэгч”, “Балт гийгүүлэгч” гэж магтсан бол эвлэрэл,
хэлцлийн талаарх консенсусыг хийх байсан юм уу?! Өнөө л урдын яль
шальгүй алдаа эндэгдэл, факт баримт дээр тулгуурласан агуу том хорслыг
үндсэн суурь ашиг сонирхлоос дээгүүр тавьж байна.

Саяхан гэхэд л
МАН-ын хэдэн нөхөд МАХН-ын хэдэн нөхөдтэй золголт хийсэн төдийд л 1962
оны Карибын тэнгэсийн хямралын үед Жон Кеннеди, Н.С.Хрущев хоёр уулзаад
тэврэлдэн үнсэлцсэн мэт нийгэмд сүр дуулиан, шагшаан шуугиан үүсч байх
жишээтэй.  Одоогоор манай намууд юун цул хүчин. 50 жилийн өмнөх Ж.
Кеннеди, Н.Хрущев, Мао Зэдун нар шиг хоорондоо хямралтай байна. Гурван
сэлэм, гурван жад. Уг нь ХХI зуун өнгөрөөд 13 жил боллоо доо. Уг нь…
Феодалын нийгэмд удсан улс ийм байдаг юм уу?!

3. АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама 2013 оны хоёрдугаар сарын 27-нд Пентагоны эзнийг
тодруулсан юм. Тодорсон тэр хүн нь Чак Хэйгел гэдэг нэгэн байлаа.
АНУ-ын Батлан хамгаалах яамны 2013 оны жилийн төсөв 647 тэрбум доллар
байх жишээтэй. Хамгийн том төсөвтэй байдаг яам юм. БХЯ нь төсөв гэдэг
утгаараа ч биш стартегийн маш том ач холбогдолтой байгууллага билээ.
Нөгөөтэйгүүр, Афганистан болон элдэв улс оронд байдал сайнгүй байгаа нь
нууц биш. Гэтэл Чак Хэйгэл ялсан Ардчилсан намын хүн биш. Ялагдсан Бүгд
найрамдах намын хүн юм.  Барак Обама Ерөнхийлөгч, Чак Хэйгэл Бүгд
найрамдах намын хүн гэдэг нь хамаагүй. Манай Засгийн газар нэг намын бус
АНУ-ын Засгийн газар гэдэг нь л хамгийн чухал гэсэн үг хэлээд бүх
Америкчуудын амыг хаалаа.  Чак Хэйгэл Вьетнамын дайнд оролцож явсан,
хоёр ч удаа “Гоц улаан зүрх” (Purple Heart) одонгоор шагнуулсан. Цэрэг
дайны мэдлэгтэй нэгэн. За энэ яах вэ гэе. Нээрэн үнэхээр нэг намын
засгийн газар байх нь чухал биш, бүхэл улсын засгийн газар байх нь нэн
чухал гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч тунхаглаж чадлаа. Ертөнц бүү хэл улс
гүрэн дотроо ингэж хавтгайрч байна. Иймэрхүү жишээ соёл иргэншлийн
тодорхой төвшинд хүрсэн улс гүрнүүдэд байдаг л нэг үзэгдэл болоод удаж
байна.  Сэтгүүлч Баарангийн Пүрэвдаш аль 1997 онд бил үү, “Өнөөдөр”
сонин дээр  Дани улсад явж ирснийхээ дараахан “Данид Ерөнхий сайдыг
Балбарын намаас томилдог” гэсэн замын тэмдэглэл бичсэнийг би уншиж
билээ. Миний бие тэр үед үнэхээр гайхсансан. Тэр үед УИХ-д О.Дашбалбарын
нам хамгийн цөөн суудал авсан байсан юм. Тодруулж хэлбэл 76-ын нэг
байлаа.  Данийн парламент буюу Фолькетинг гэдэг нь 179 гишүүнээс
бүрддэг. Гэтэл Дани улсад Ардын социалист хэмээх нам 10 суудал авсан
хэрнээ Ерөнхий сайдын суудлыг хүртэж л дээ. Манайд бол ийм парадокс тэр
үед ч тархинд багтахгүй байлаа. Одоо бол энэ бүр үлгэр домог шиг
сонсогдоно. Дани орны ард түмэн энэ хэмжээгээрээ эв нэгдэлтэй, ард түмэн
нь цул зорилготой, амар амгалан аж төрдөг ажээ. Гэтэл өнөөгийн дүр
зургийг харцгаая.  Манайд юун ялж олонх болох нь бүү хэл дөнгөж олон
болсон нам нь хүч түрэмгийлж байгаа нь өнөөгийн улс төрийн аж амьдралаас
харагдана. Уншигч Та эрхбиш анзаарч буй биз дээ. Ил байгаа юм чинь
анзааралгүй дээ. Гэтэл Ардын намын С. Баяр, Сү.Батболд нар 2008-2012 онд
Засгийн газрыг тэргүүлж байх үедээ талцлаас хэлцэл рүү тэмүүлж байсан
хөдлөшгүй баримт бий. Ардын нам нь 45 суудалтай, Ардчилсан нам нь 27
суудалтай атал улс эх орны нэгдмэл цул бодлогын төлөө эвсэж байсныг
уншигч Та санаж буй. Харамсалтай нь эцсийн үр дүнг нь Та бас санаж
байгаа байх. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг л болсон доо.
Урагшгүй ч юм аа даа. 2008-2012 оны төгсгөлийг сайхан хийгээд одоо ч
эвлэрлийг сайхан хийсэн бол мөн гоё оо. Иймд бид АНУ ч биш юм байна.
Дани ч бүр биш юм гэдэг ганц дүгнэлт л үлдлээ дээ. АНУ-д ийм байдаг,
Дани улсад тийм байдаг гэж хий хоосон ярьдаг л улс юм байна. Уг нь нам
эвсэл дагасан Засгийн газар биш, Монгол Улсын ЗАСГИЙН ГАЗАР байж чадвал
ард бидэндээ өлзийтэй билээ. Үнэхээр өнөөдөр тийм Засгийн газар байж
чадаж байна уу?! Ирээдүйд тийм Засгийн газар төрөх үү?

Талын
Монголчууд талцалд дасмааргүй байна!!! Хүүхэд тоглосон том хүний киног
хүүхдийн кино гэж андуурах ч хаашаа юм. Том хүн тоглосон хүүхдийн кино
бас байдаг шүү. Түүнийг л том хүний кино гэж андуурахгүй юмсан.

Нийтлэлч Хайнжамцын Бүрэнтогтох

-1966 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн.

-1974-1984
онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын дунд сургууль, Эрдэнэт хотын 10
жилийн нэгдүгээр дунд сургууль, Нийслэлийн 6, 67, 76 дугаар дунд
сургуулиудыг дамжин суралцаж бүрэн дунд боловсролтой болсон.

-1984-1990 онд Москва хотын Энергетикийн дээд сургуулийг (МЭИ) төгсөж, дулааны инженерийн диплом эзэмшсэн.

-1994-1996 оны хооронд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуульд суралцаж эрх зүйч хэмээсэн дипломтой болсон.

-1990-1997
онд “Монголын залуучууд”, Монголын радио, “Үнэн” сонинд сурвалжлагч,
редактор, “Соёмбо” хамтлагийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга
зэрэг ажил хөдөлмөр эрхэлж байв. 1993-1994 онд Улсын Ерөнхий Прокурорын
газарт ажилтан байв. 1992 онд “Капитал” хэмээх сониныг Ш.Уянга, Ц.Батбаяр нартай хамтран байгуулж байсан болно. 1994-1996 хуулийн төв
байгуулагуудын “Монгол тамга” сонины Ерөнхий эрхлэгчээр ажилласан. 1997-
2003 онд “Гэгээ” компаны захирал, Уурын зуухны ашиглалтын газрын дарга
зэрэг ажил эрхэлж байв. 2003 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албанд хэлтсийн даргын ажлыг хэдэн сар эрхлэв. 2006 он хүртэл хувийн
журмаар амьдарч байгаад 2006-2009 оны нэгдүгээр сар хүртэл Барилга, хот
байгуулалтын яаманд газрын орлогч дарга, сайдын зөвлөх, мэргэжилтэн
зэрэг ажил хийв. 2009 оны 10 дугаар сар хүртэл хувийн журмаар амьдарч
байгаад Онцгой байдлын ерөнхий газарт олон нийттэй харилцах хэлтсийн
даргын ажлыг 2012 оны 5 дугаар сар хүртэл хашиж  байгаад хувийн
гачигдлаар гарч, мөн ондоо Үндэсний өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд
тоймчоор ажиллаж байна.

-1989 онд хүүхдийн кино бичиж “Ганаагийн паян” гэдэг кино болж 1991 онд гарсан болно. Мөн
“Хадагтай ембүү” кино бичилцсэн. Радио жүжгүүд бичиж радиогоор
нэвтрүүлж байсан болно. (1987-1990 он)  2010 онд  “Аварга мод” номыг Х.
Наранхүүгийн хамт бичсэн. Өгүүлэл, нийтлэл, ярилцлага, найруулал 1000
гаруйг сонин хэвлэл болон радио нэвтрүүлгээр олон түмэнд хүргэсэн болно. 

-1990 онд Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны гишүүн болсон.

-Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж