Оршин суугч иргэдийн гомдол, хаврын шар усны үерээс дутахгүй, цэлийж нэлийсэн муу усны балгаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нэлээд завгүй хаврыг угтаж байгаа бололтой. Учир нь Ургах наран хороолол тус дүүргийн 11 дүгээр хорооны нутагт оршдог. Өвлийн турш бохир усаа ил задгай асгаж, орчны газарт хөлдүү нуур бий болгосон Ургах наран хорооллын СӨХ-ын арчаагүй үйлдлээс болж эдүгээ оршин суугчид төдийгүй мал ахуй ч бэлчээр гарах боломжгүй болоод байгаа талаар нутгийн иргэд өгүүлж бухимдах болсон байна.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших найман айл шар усны үерт нэрвэгдэхэд тун ойрхон байгаа талаар дүүргийн Онцгой байдлын албанаас анхааруулав.
Ирж буй цагийн аясаар уулын цас хайлж, шар усны үер буух нь байгалийн жам. Харин нийслэлд ойр газар амьдрах гэсэн иргэдийн хүслээс үүдэлтэй хэзээ нэгэн цагт ирэх аюулыг үл тоож буусан айлуудын хэнэггүй байдал албаны хүмүүсийг айлгах болсон байна. Үүний нэг жишээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд орших найман айл гэнэ.
Эдгээр айлыг үерийн зам газраас холдон нүүх тогтоолыг холбогдох байгууллагаас удаа дараа гаргадаг ч гэнэт л нөмөрч мэдэх аюулыг үл тоосон иргэд, зүгээр олдсон газраа орхихыг хүсдэггүйгээс холбогдох байгууллагаас өгсөн шаардлагыг ч тоодоггүй гэнэ.
Тиймээс дээрх айлуудыг албадан нүүлгэх, хэрэв нүүхгүй бол захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй байдал үүсээд байгааг дүүргийн Тамгын газраас мэдэгдлээ.