-Орон сууцжуулах хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх зэрэг асуудал тавигдаж байна. Энэ тухай тодруулахгүй юу?
-Бид яах гэж байна вэ гэхээр санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газраас зохион байгуулж өгье гэж байгаа юм. Түүнийгээ МИК-д олгоно. Тэгэхээр арилжааны банкууд мөнгөтэй болчихно. Тэд цаашаа иргэдэд моргейжийн зээл өгнө, иргэд орон сууцтай болно. Арилжааны банкууд моргейжийн зээлийн сайн багц бүрдүүлж чадан тэрийгээ буцаагаад Засгийн газарт зарна. Засгийн газарт мөнгө босгох бол нэг их хүндрэлтэй асуудал биш. Бид гадаадын зах зээл дээр ч дотоодын зах зээл дээр ч мөнгө босгож чадаж байгаа. Энэ маягаар үргэлжлээд цикл явна. Ийм маягаар орон сууцны зах зээлээ хөгжүүлсэн АНУ, Япон зэрэг орнууд бий. Бид ч энэ замаар явна. Ийм л шийдэлд очиж байна.
-Хүү хэдэн хувьтай байх бол. Өмнөх Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээл хэрэгжүүлж байсан?
-Жилийн зургаан хувийн хүүтэй эх үүсвэр Монголд байхгүй. Бүх моргейжийн зээлийн дундаж хүү 15 орчим хувь байгаа. Яагаад гэхээр бүх хадгаламжийн хүү 11-12 хувь байгаа. Засгийн газар 4-5 хувийн хүүтэй зээл олон улсын зах зээл дээрээс авчираад арилжааны банкууд 3-4 хувиа нэмээд иргэдэд 9-10 хувиар өглөө гэдэг нь том дэвшил. Арилжааны банкууд мөнгөтэй болоод ирэхээр хоорондоо уралдаад эхэлнэ. Түүнийгээ дагаад хүү буурах бололцоо бүрдэнэ.