&#34АТГ И.Нямгавааг шалгавал их &#34но&#34 илэрнэ&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

&#34АТГ И.Нямгавааг шалгавал их &#34но&#34 илэрнэ&#34

Хүүхэд, залуучуудад зориулсан барилга байгууламжаас ор сураггүй устаж алга болсон газрын нэг нь  Хүүхэд, залуучуудын театр. Уг театр нь тухайн үедээ залуучуудын зорих дуртай газруудын нэг байсныг дурсах хүн олон. Гэтэл одоо Хүүхэд, залуучуудын театрын барилга ХААН банкны эзэмшилд очсон. Үүнээс болоод залуучууд “Өргөө, “Соёмбо” гэх хоёрхон монополь газарт өндөр үнэ төлж кино үзэх төдийгөөр оюуны талхнаас хэмэлж байна. Үүний гол буруутан нь найруулагч И.Нямгавааг хэмээдэг. Тэрбээр Менежментийн хувьчлалаар авсан театраа үгүй болгож, барилгыг нь зараад алга болсон гэдэг юм. Театрын барилгын хувь заяаны талаар сайн мэдэх хүний нэг, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.

-Хүүхэд залуучуудын театрыг анх хэдэн онд байгуулсан юм бэ?

-1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байж. Одоо байсан бол 60 гаруй настай туршлагатай, хүүхэд залуучуудын хэрэгцээг хангасан театр байх ёстой. Тэр театрт 100 гаруй хүн ажиллаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зарим нь насаараа хөдөлмөрлөсөн гэдгээ нотлох бичиг баримтгүй сууж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Тэдний нэг нь би. Театрын архивыг байхгүй болгосон. Тиймээс Хүүхэд, залуучуудын театр ор мөргүй алга болсон гэсэн үг. Уг нь энэ театрыг миний аав Цагааны Цэгмид төрийн шагналынхаа мөнгийг хандивлаж, байгуулалцаж явсан түүхтэй.

-Театрын нэр хүнд, үйл ажиллагаа ямар байсан бэ?

-Миний үеийнх­нээс Хүүхэд, залуучуудын театр гэж ямар газар байсныг асуувал андахгүй мэднэ. Улсын драмын эрдмийн театртай өрсөлдөж, зарим үед илүү ч гарч байсан. Үйл ажиллагаа нь өндөр түвшинд явж байсан. Энэ театрт дэлхийн сонгодог зохиолуудыг тавьдаг байлаа. Тухайлбал, Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта”-г тоглож байлаа. Мөн “Дээрэмчид”, “Авьяастанд өшрөгчид” гээд л том зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байв. байсан. Манай театрын тоглолтыг үзэх гээд өглөө дөрвөн цагт ирж дугаарлаж зогсоод билетийг нь авч чадаагүй хоцрох тохиолдол ч гардаг байсан гээд бод л доо. Манай театрын шинэ жилд орох гэж хүмүүс маш их өрсөлддөг байв. Хошин шогийн программыг нь үзэх гэж багагүй  юм болдог байлаа. Ингээд бодохоор Хүүхэд, залуучуудын театр асар их хэрэгцээтэй газар байсан байгаа биз.

-Хүүхэд залуучуудын театраар овоглодог олны танил уран бүтээлчдээс та нэрлэвэл?

-Анх байгуулахад нь ажиллаж байсан байснаас одоо амьд сэрүүн байгаа долоо, найман хүн бий.  Театр нь үгүй болсон тэднийг Драмын эрдмийн театрынхан цагаан сараар нэг хүлээн авч баярлуулдаг юм. Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан гэвэл олон хүн бий. О.Энхтуул, И.Одончимэг, Б.Батзаяа, миний бие, А.Очирбат гуай, Б.Энхтуяа эгч, Л.Цэндсүрэн, Б.Туяа, “Энэ хүүхнүүд”-ийн Думаагийн дүрд тоглож байсан С.Мандах эгч байна. Ч.Авирмэд гуай, Ц.Цэнд-Аюуш гуай, жүжигчин Ж.Сүххуяг ч тэнд ажиллаж байлаа. Найруулагчид нь ч томчууд байлаа. Ө.Эрэнцэнноров эгчээс эхлээд С.Гэндэн гуай, Арслан тайжид тоглож байсан А.Цэрэндэндэв гуайг нэрлэж болно. Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн, С.Сугар найруулагч энэ театрын бүтээгдэхүүн. Ер нь хошин шогчдын эхлэл манай театраас эхтэй шүү дээ.

-Хүүхэд, залуучуудын театр яагаад ор сураггүй болсон юм бэ?

-1991 онд И.Нямгаваа найруулагч менежментийн хувьчлал нэрийн дор баг бүрдүүлж, удирдлагыг нь гартаа авсан. Ингэхдээ театрын нийт төсвийн 50 хувийг өөрсдөө олох үйл ажиллагааг явуулах үүрэгтэйгээр ажиллахаар болсон. Гэтэл гэнэтхэн толгойд нь “Энэ театрыг авбал надад ашигтай юм байна” гэж бодогдсон биз. Хөрөнгө оруулна гэсэн нэрийн доор Төрийн өмчийн хороонд “Энэ театрыг хувьчлах хэрэгтэй” гэсэн саналыг тавьсан. Тэгээд Төрийн өмчийн хороо “эзэмших” гэсэн тогтоол гаргасан. Эзэмших гэдгийг И.Нямгаваа хараад “АНУ-аас хөрөнгө оруулалт татах гэтэл хувийнх биш бол боломжгүй. Хувьчилбал 100 хувийн хөрөнгө оруулалт хийгээд театрын барилгыг засварлаж өгнө гэсэн” гээд баахан явсан. Тэгээд хувьчлахын тулд янз бүрийн л зүйл хийсэн дээ.

“Барилга баригдаад олон жил болж байгаа учраас суурь нь нурж дарах аюултай. 500 хүн суугаад тоглолт үзэж байтал дээвэр нь нурвал хэн хариуцах юм” гэсээр  байгаад Мэргэжлийн хяналтын газар буюу хуучнаар Барилгын зургийн институтэд хандсан байгаа юм. Гэтэл тус газраас нь “Нурах аюул байхгүй. Дахин сайн шалгах хэрэгтэй” гэсэн хариулт   өгсөөр байтал Нямгаваа то­дорхой хүмүүстэй үгсэн хуй­валдаад хувьчилж авсан. Гэхдээ Хүүхэд залуучуудын театрын барилгыг Нямгаваад хувьчилж өгсөн болохоос биш Хүүхэд залуучуудын театрыг өгөөгүй юм шүү дээ. Хүүхэд залуучуудын театрыг хувьчлаагүй, татан буулгаагүй учраас түүний гарт тамга тэмдэг, статус нь байсан. Жил бүр улсаас өгдөг цалин, уран бүтээлд зориулсан мөнгийг Нямгаваа л “иддэг” байсан.

-Хувьчлалын хуйвалдаанд ямар хүмүүс оролцсон юм бол?

-1998 оны үед  нийгмийн өмчийг хувьчлах нэрийн дор маш их сүйтгэж байсан. Салбарын яамных нь сайд байсан А.Цанжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж, мэргэжилтнүүд нь, Ням­гаваа­тай үгсэн хуйвалд­сан.  Уг нь Төрийн өмчийн хороо энэ театрыг хувьчлах тогтоол гаргахдаа “Хэвийн ажиллагааг нь үл эвдэнэ” гэсэн байдаг юм билээ.

-Хэчнээн төгрөгөөр хувьчилж авсныг нь та мэдэх үү?

-Эхлээд тэр байшинг 415 саяар зарна гэж байсан юм. Тэгээд Нямгаваа хөөцөлдөж гүйж байгаад  анхны хувьч­лал нэрийн доор 50 хувь хөнгөлүүлээд 215 саяар авсан байдаг.

-ХААН банкинд зургаан тэрбумаар зарсан гэдэг бил үү?

-Тийм ээ.  Хувьчилж   авсны­хаа дараа Нямгаваа ХААН банкинд зарсан. Байшингаас гадна театрын өмч болох аж ахуйн хашаа, агуулах, зуслангийн га­зар, тоног төхөөрөмжүүд, эд хогшил, гутал хувцас, хуучны эд зүйлс буу, зэвсэг, сэлэм жад энэ хүний гараар ороод л алга болсон.

-ХААН банк буруутай юу?

-Би ХААН банкийг буруут­гаад байдаггүй.

-Гэхдээ залууст зориулсан обьектыг бизнесийн хэрэг­сэл болгосон нь бас л нэг хуйвалдаан байсан юм биш биз?

-Тэр үед хүүхдийн цэцэр­лэг, кино театр гээд бүх л зүйлийг нь булааж байсан. Тийм болохоор ялгаагүй л өрс­­сөн байх. Өөрийнхөө үйл ажиллагааг явуулахын тулд аятайхан байрлалтай бай­шинг авалгүй яах билээ дээ. Ганцхан өгч байгаа хүмүүс нь Монголын ирээдүйд маш том нүгэл хийсэн. Урлагт ч мөн том толбо үлдээсэн дээ.

-Тухайн үед хувьчилж байж АНУ-аас хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн юм байна. Тэгээд жаахан ч болов хөрөнгө оруулалт хийсэн болов уу?

-Үгүй. Ямар юмных нь хөрөнгө оруулалт хийх  вэ дээ. Хувьчилж аваад л шууд зарчихсан шүүдээ. Хувьчлал нь бүтнэ гэдгийг дуулаад л жүжигчдээ халаад эхэлсэн. Гэтэл тэнд ажилчдынх нь цалин орж ирээд л байсан. Энэ цалинг хэдэн он хүртэл авсныг бүү мэд. Би ойлгохгүй байгаа юм. Хүүхдийн театрын уран бүтээлд зориулж өгдөг 10 гаруй сая төгрөг яасныг бүү мэд. Энэ мөнгийг Нямгаваа аваад л явж байсан байх. Одоо хүртэл статус нь татан буугдаагүй явж байна. Гэтэл хариуцлага тооцохгүй л яваад байна. Авлигатай тэмцэх газар Нямгавааг дуудаж, бүх зүйлийг нь шалгавал маш том но илэрч, асуудал үүснэ.  АТГ энэ асуудлыг хамгийн түрүүнд л авч хэлэлцмээр байгаа юм.

-И.Нямгаваа найруулагч одоо хаана байдаг юм бэ?

-Тэр одоо АНУ-ын иргэн болчихсон. “Тэр театр чинь одоо ч байгаа шүү дээ. Та нар очоод ажилла л даа” гэж байгаа хүн шүү дээ.  Гэтэл тэр хэлээд байгаа театр нь ХААН банкны доод давхарт байгаа. Театрын зориулалтаар ашиглаж бай­сан бүх зүйлийг нь устгаж хаячихаад дэгслэн хэлсэн хүнд жижиг өрөө болгож орхисон. 100 гаруй хүний амьдралаар тоглосон хүнд 2012 онд Хүүхэд, залуучуудын театрыг устгасан гэж Урлагийн  гавьяат  зүтгэлтэн цол өглөө. Гавьяа шагнал өгч байгаа хүмүүс нь юугаа харж, мэдэж байсан юм бол. Эсвэл мөнгө төгрөг авдаг юм уу, танил талаараа хөөцөлдөж авсан ч байж магадгүй. Шоронд орох хүн гавъяа шагнал авчихаад явж байна гэхээр энэ нийгэм утгагүй байгаа биз.

-Ер нь Хүүхэд, залуу­чуу­дын театраа буцааж аваад, зориулалтаар нь үйл ажил­лагаа явуулах боломжтой юу?

-Боломжтой. Болохгүй юм байхгүй. Ахмадууд нь байна. Жүжигчид нь, найруулагчид нь байна. Байрыг нь бариад өгчихвөл эргээд л сайхан театр босоод ирнэ шүү дээ. Байрыг нь устгачихсан болохоор юу ч үгүй болчихоод байгаа. Гэхдээ дахиад эмхэлж цэгцэлвэл амархан босоод ирнэ. Яагаад гэвэл 60 жил амьдарсан театр шүү дээ. Гол нь Нямгаваагаас асуумаар, хариуцлага тооцмоор байна. Хариуцлага тооцох олон шалтгаан бий. Нэгдүгээрт, яагаад статус нь өдий хүртэл хэвээрээ байгааг, хоёрт нь, театрт ажиллаж байсан 100 гаруй хүний цалин хаагуур алга болсныг, гуравт нь, яагаад архив устгасныг асуух хэрэгтэй.

-Хүүхэд, залуучуудын теат­рын барилгыг зарсан мөн­гөөр дахиад хэдэн ч театр барьж болохоор байж дээ?

-Тэр хүн зургаан тэрбумаар театрын барилгыг зарсан. Цаана нь хэчнээн сайхан үнэтэй зүйл байсан билээ. Тэр галерей, хоёр том кино аппарат, орчин үеийн гурван пульт, радио техникийн бүх хэрэгсэл, хивс, диван,сандал, тайзны мод төмөр хаачсан бэ.Аж ахуйн хашаанд байсан эд материалууд, ноён, хатны хуучны хувцас, бурхан шүтээний зүйл, тэр олон буу, сэлэм гээд тооцвол маш их хө­рөнгө тэр хүний гараар ороод алга болсон. Гэхдээ энэ их хөрөнгийг тооцох нь яах вэ хамгийн гол нь Хүүхэд, залуучуудын театрыг л бий болгоод өгөх хэрэгтэй байгаа юм. Ажиллах хүн зөндөө байна.

-“Улаанбаатар” чуулгын байранд Хүүхэд залуучуудын кино, театрын хүрээлэн байгуулах тухай ярьж байсан. Тэр юу болсон бол?

-Уг нь их зөв санаа гар­гасан юм. Одоо чимээгүй л болчихлоо. Ямар нь танил талаараа хөөцөлдөж байгаад чимээгүй болгосон юм бүү мэд.“Улаанбаатар” чуулга нийс­­лэлийн төсвөөс жилд 600 сая төгрөгийн татаас авдаг гэж байгаа юм. Тэгээд буцааж 60 сая төгрөг өгдөг гэхээр алдагдалтай ажиллаж байна шүү дээ.

Б.АЗЗАЯА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН"  сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж