Харин энэ жилийн хувьд МЗЭ-ийн “Яруу найргийн үндэсний төв”-өөс санаачлан, ССАЖЯ, Хүүхдийн номын ордны дэмжлэгтэйгээр Монголд анх удаа зохиолчдын анхны номын үзэсгэлэнг зохион байгууллаа.
Хүүхдийн номын ордонд 11.00 цагаас нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд ССАЖЯамны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил, Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар оролцож үг хэлсэн юм.
Нээлтэнд ахмад болон дунд, залуу үеийн зохиолч, яруу найрагчид ихээр хүрэлцэн ирсэн байлаа. Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир уг үзэсгэлэндээ өнөөдрийн билэгдэлээ бодож 321 зохиолчийн анхны номыг дэлгэн тависанаа хэлээд эдгээр номыг Үндэсний төв номын сан, МЗЭ-ийн архив, Хүүхдийн номын ордоны сан хөмрөг болон хувь уран бүтээлчдийн цуглуулагаас бүрдүүлсэн гэдгээ онцолсон.
Мөн шинэ яруу найрагч, зохиолчид “Үндэсний төв номын сан”-даа номоо хандивладаггүйгээс болоод тэдгээрийн номыг олоход жаахан хүндрэлтэй байснаа хэлж, цаашид гаргасан ном болгоноо номын санд хандивлаж байхыг уриалсан юм.
Ийнхүү анхны номын үзэсгэлэн гаргасанаар шинэ үеийн монголын уран зохиолын түүх, зохиолчдын анхны номыг хойч үеийн залууст танилцуулахаас гадна мэдээллийн томоохон сан бүрдүүлж байгаа хэрэг гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. “Анхны ном” уран бүтээлийн үзэсгэлэнд дэлгэгдсэн номуудын хамгийн ахмадууд нь орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр”/1928/, нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”/1929/, утга зохиолын анхны бүлгэмийг үүсгэн байгуулагч С.Буяннэмэхийн эмхтгэсэн “Уран үгсийн чуулган”/1929/, жүжгийн зохиолын нэрт төлөөлөгч Ши.Аюушийн “Харц Дамдин хатан Долгор”/1933/, зохиолч Д.Сэнгээгийн “Одон тэмдэгт дугаар застав”/1933/ зэрэг номууд байсан юм. Мөн эдгээр номуудын анхны эхийг дахин хэвлэлтэнд оруулж, олон нийтэд түгээх нь Монголын утга зохиолд үнэлж баршгүй хувь нэмэр болох бөгөөд цаашдын судлаачдад томоохон түлхэц болно гэдгийг хүрэлцэн ирсэн олон зохиолчид хэлж байсан. “Анхны номын үзэсгэлэн”-д шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн бүтээлээс эхлээд өнөө цагт яруу найраг, зохиолоо туурвиж яваа залуу үеийнхэний номууд багтсан байсан нь үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан юм. Дэлхийн яруу найрагчдын баярын өдрийг тохиолдуулан утга, уран зохиолд шимтэн дурлагч, зохиолч, яруу найрагчдад барьсан бэлэг болох “Анхны номын үзэсгэлэн” өнөөдөр, маргааш хоёр өдөр Хүүхдийн номын ордонд үргэлжлэх ажээ.