Эвдэрхий замаар 500 төгрөг төлж зорчсоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Эвдэрхий замаар 500 төгрөг төлж зорчсоор байх уу?

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын цаад талд Биокомбинат явах чиглэлд авто замын шалган нэвтрүүлэх товчоо бий.

Бусад товчоодын адил 500 төгрөгийн хураамж авдаг. Гэтэл товчооны цаана нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваа, Биокомбинат, Шувуун фабрикийн айлууд амьдардаг. Гэрээсээ явж, гэр рүүгээ буцаж байгаа жолооч нараас 500 төгрөгийн хураамж авдаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг юм. Албаныхан тухайн товчооноос цааш амьдарч байгаа айлууд жилдээ 11 мянган төгрөгийн хураамж төлөөд үнэмлэх авахыг шаарддаг. Мөн тус товчооноос цаашхи автозам маш их эвдрэлтэй, жил бүрийн засвар, шинэчлэлтээс хоцордог нь тухайн газрын оршин суугчдад хамгийн хэцүү зүйл нь болоод байгаа юм. Тиймээс хот дотроо яагаад шалган нэвтрүүлэх товчоо байлгаад байдаг, мөн тухайн хэсгийн замыг хэзээ янзлах талаар тодорхой мэдээлэл авахаар энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ БАЙХАД ИЛҮҮ МӨНГӨӨР ЯАХ ЮМ


Юуны өмнө тухайн товчоогоор байнга нэвтэрдэг жолооч нарын байр суурийг сонирхлоо.

Жолооч Н.Батбаяр :

-Энэ постыг хотоос гаргах хэрэгтэй шүү дээ. Үүгээр нэвтэрдэг жолооч бүр тийм шаардлага хэлэх байх. Ажилдаа явна 500 төгрөг. Гэртээ харина 500 төгрөг. Гэртээ байгаа хүн хоол идсэнийхээ төлөө мөнгө төлдөггүй биз дээ. Хэрэв энэ товчоонд орсон мөнгөөр замаа засдаг байсан бол энэ зам одоо ийм байх байсан гэж үү. Та нар хар л даа. Өвлийн улиралд би дор хаяж 3-4 амортизатор сольж байна. Нэг амортизатор 45 мянган төгрөг. Жилд 11 мянган төгрөг төлөөд зүгээр гар гэнэ. Энд оршин суугаа нь үнэн гэдгийг баталсан иргэний үнэмлэх байхад илүү мөнгөөр яах юм.

Жолооч Д. Чинбат:

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 1700 хүн амьдардаг. Уг нь мөнгө хураадаг товчооны байх ёстой газар бол хуульдаа зааснаар Улаанбаатар хотын зах хязгаарт байх ёстой юм гэнэ билээ. Хорооны нутаг дэвсгэрийн дунд байна гэдэг утгаараа ард түмэн жаахан таагүй л ханддаг юм. Бид яваад сурчихсан болохоор гайгүй л дээ. Гэхдээ ах дүү, хамаатныдаа ирж байгаа хүмүүс 500 төгрөг төлөөд л гарч байгаа. Түүнээс гадна энэ замын асуудал үнэхээр хүнд байна. Машины амортизатор тэсэхгүй болсон шүү дээ. Жилд 11 мянган төгрөг төл гэсэн. Ер нь Монголд татварын дарамт иргэдийн нуруун дээр байгаад байна. Хот дотроо иргэдээс мөнгө авна гэсэн чинь юу гэсэн үг юм. Тийм бол Засгийн газрын ордны дөрвөн хаалганд пост гаргачих. Их хурлын гишүүд мөнгөө төлөөд орж гарч байна биз.

ТӨВ ЗАМ ДЭЭР Ч ТОВЧОО БАЙГУУЛЖ БОЛНО ГЭВ

Товчоонд мөнгө хураадгаас болоод Морингийн даваа, Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн нийтийн тээвэр иргэдээс илүү мөнгө авдаг. Энэ талаар Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны иргэн Ц.Цэрэн “Тэтгэврийн биднээс 200 төгрөг нэмж авдаг юм. Уг нь үнэмлэхний ард нийтийн тээврээр үнэгүй зорчино гээд бичсэн байдаг. Товчоо байгаа учраас илүү мөнгө авдаг гэж тайлбарладаг юм билээ. Гэтэл бид чинь нийслэлийнхээ нэг дүүргийн нэг хороонд амьдарч байгаа биз дээ” гэв. Ингээд хот дотор яагаад мөнгө хураах товчоо ажиллуулаад байдаг талаар албаны хүмүүсийн хариултыг сонирхсон юм.

Нийслэлийн автозамын газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Т.Сугар:

-Нийлэлд автозамын дөрвөн товчоо жилийн дөрвөн улиралд 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Жил бүр нийслэлийн төрийн сангаас төлөвлөгөө өгдөг. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 70 гаруй сая төгрөгийн орлого нийслэлийн авто замын санд оруулсан. Эдгээрээс орж байгаа хөрөнгөөр замаа засч, арчилдаг. Тэдгээрээс Нисэхийн товчоо нийт орлогын хамгийн бага буюу таван хувийг оруулдаг юм. Том, жижиг тэрэг ялгалгүй 500 төгрөг авдаг бөгөөд орон нутгийн жолооч нар жилд 11 мянган төгрөг төлөөд бүтэн жил орж гарах зөвшөөрөл авах ёстой ч ихэнх нь авдаггүй. Тэд мөнгөө төлж л байвал зам болоод машин тэргэнд нь тустай. Манайд зар сурталчилгаа дутмаг учир мэддэггүй бололтой. Энэ жил тухайн хэсгийн 22.5 км замыг шинэчлэхээр 30.4 тэрбум төгрөгийн төсөв мөнгө нь батлагдсан. Одоохондоо тухайн товчоог нүүлгэх асуудал яригдаагүй байна. Иргэд дургүйцэх хэрэггүй, авто зам ашигласан бол төлбөрөө төлөх ёстой. Улаанбаатар хотын замд бөөгнөрөл үүсдэггүй бол төв зам дээрээ ч товчоо байгуулж орсон мөнгөөр нь замаа сайжруулж болно гэж мэргэжилтнүүд үздэг.

Нэрээ хэлэхийг хүсээгүй зохион байгуулагчаас энэ тухай лавлахад;

– Харилцаанаас харилцаа үүсдэг шүү дээ. Одоогийн залуус их ухамсар муутай болжээ. 500 төгрөгөө төлөөд орж чадахгүй хэл амаар доромжилно. Автобусанд 400 төгрөг төлөөд явдаг хэрнээ унаж яваа машин тэргээ бодоод замаа сайжруулахын төлөө 500 төгрөгөө хэл амгүй төлөөд явах ухамсартай хүн цөөрсөн нь харамсалтай. Ер нь үйлчилгээний байгууллагын хүндрэл иргэдийн ухамсар соёлоос их шалтгаалдаг. Ахмад жолооч нар арай дээр, ухамсар соёлтой хандаж мөнгөө төлдөг. Тэгээд ч нутгийн иргэд нэрээр мөнгөө төлөхөөсөө төлөхгүй гарах нь хэвийн үзэгдэл болсон гэв.

Нийслэлийн тээврийн газрын санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Б.Дөлгөөн:

-Жил бүр тэтгэвэр болон групптэй иргэдэд нийтийн тээврээр зорчиход зориулж татаас өгдөг. Биокомбинатийн чиглэлд нэг суухад 500, Налайхын чиглэлд 800 төгрөгийн татаас өгдөг гэсэн үг. Харин иргэдийн хувьд зөрүүгээ төлж, өөрөөр хэлбэл, Биогийн чиглэлийнх 100 төгрөг, Налайхын чиглэлийнх 400 төгрөг төлж суух ёстой. Ирэх есдүгээр сараас нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжихээр төлөвлөж байна. Тэр үед энэ байдал арилах байх. Албаны хүмүүс ийм тайлбар хэлж байна. Замаа засахын тулд төв зам дээр ч товчоо бариад мөнгө хурааж болно гэнэ. Гэвч Нисэхийн товчоогоос цаашх зам зөвхөн энэ жил эвдрээгүй гэдгийг жолооч нар хэлсэн. Тухайн замыг жил бүрийн замын ажлаас хоцроодог, эвдэрсэн нүх сүвийг нь шороогоор дүүргэсэн болоод олон жил өнгөрч байгаа гэсэн юм.

Д.БАТТОГТОХ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж