ОХУ-ын Буриад Улсын Их Сургуулийн Үндэсний Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн төлөөлөгчид гуравдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Хэнтий аймагт айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Үндэсний Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн захирал, доктор Зандараев Б.Б, тус сургуулийн буриад утга зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор Халхарова Л.Ц, буриад хэлний тэнхмийн багш, доктор Патаева В.Д, сибирийн үндсэн ардын хэлний тэнхмийн эрхлэгч, доктор Афанасьева Е.Ф нар багтсан бөгөөд “Тэмүүжин” цогцолбор сургуулийн орос хэлний кабинеттэй танилцаж төвийн сургуулийн орос хэлний багш нартай уулзалт хийлээ.
Үндэсний Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн захирал, эрхлэгч багш нарыг аймгийн ЗДТГ-ын дарга М.Болд, НХХ-ийн дарга С.Эрдэнэжаргал, ТЗУХ-ийн дарга Д.Ганболд, БСГ-ын дарга З.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзан цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
2012 онд түүхт 80 жилийн ойгоо хийсэн тус их сургууль 170 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд Хэнтий аймгаас баклавр, магистр, аспирантурт элсэн суралцах боломжтой юм байна. Цаашид тус их сургуульд Хэнтий аймгийн орос хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх, сурагчдыг зуны зусланд амрааж орос хэлний мэдлэгийг дээшлүүлэн улмаар тус сургуульд элсэн суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар санал солилцлоо.
Тус сургуулийн дотуур байрны жилийн төлбөр 800 рубль, сургалтын жилийн төлбөр гадаад, дотоодын оюутан ялгаагүй 2000 ам.доллар бөгөөд 8 сарын 15-наас өмнө төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд 30 хувийн хөнгөлөлт үзүүлдэг юм байна.
Буриад улсын Их сургуулийн Үндэсний Хүмүүнлэгийн ухааны сургуульд Хэнтий аймгийн орос хэлний мэдлэгийн түвшин өндөр, 11 дүгээр ангиа төгссөн сурагчид элсэн суралцахад үүд хаалга нь нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.