“Авилгагүй ажлын байр” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

“Авилгагүй ажлын байр” аян эхэллээ

Дархан-Уул аймгийн төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх “Авилгагүй ажлын байр” аян өрнөж эхэллээ. Аймгийн ИТХ-ын 2013 оны хоёрдугаар хуралдааны 2/03 дугаар тогтоолоор баталсан “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Авилгагүй ажлын байр” аяныг эхлүүлж байна. Аяны гол зорилго нь Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, шударга, шуурхай үзүүлэх, төрийн албан хаагчдыг авилгад өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, авлигатай тэмцэх ажилд бүх нийтийн оролцоо, анхаарлыг хандуулж, мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж “АВЛИГАГҮЙ АЖЛЫН БАЙР”-ыг төгөлдөржүүлэхэд оршжээ.

Аяныг зохион байгуулах ажлын хуваарь


Энэхүү батлагдсан хуваарийн дагуу”Авлигагүй ажлын байр” аяны дэвтэр, тугийг төрийн байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжүүдэд аялуулна.  “Аяны дэвтэр, туг”-ийг хүлээн авсан төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд дараах чиглэлийн үйл ажиллагааг  өөрийн байгууллага дээрээ 1 сарын хугацаанд хэрэгжүүлж, хэвшүүлэх аж. Үүнд:

  • Авлигаас ангид байх амлалтын дэвтэрийг хүлээн авч ажилтан, албан хаагчиддаа сурталчлах, сайн дурын үндсэн дээр элсэхийг уриалах, авлигагүй ажлын байр тугийг олгох ажлыг байгууллагынхаа хэмжээнд зохион байгуулах
  • Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг төрийн болон ТББ-уудтай хамтран зохион байгуулах
  • Байгууллагынхаа “Ажлын байрны тодорхойлолт”, “Хөдөлмөрийн дотоод журам” зэрэг бичиг баримтуудыг шинэчлэн боловсруулж, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй  тэмцэх, таслан зогсоохтой  холбогдсон заалтуудыг  тусгаж,  авлигад автсан болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг бодитой болгож, ажлын үр дүн, төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх
  • “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа авлигаас ангид байх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлаа үйлчлүүлэгч иргэдэд сурталчлан таниулах
  • Аяны хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол сурталчилан ажиллах
  • Тухайн байгууллага нь аяны хүрээнд авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах чиглэлээр шинэлэг ажил санаачлан зохион байгуулж ажлын хэсэгт тайлагнасан байх
  • Сургалтын байгууллагууд хичээлийн хөтөлбөрт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр суралцагчдад хичээл заах
  • Спорт, урлаг, соёлын арга хэмжээгээр дамжуулан авлигын хор уршгийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээх

Дээрх чиглэлийн хүрээнд байгууллагууд төлөвлөгөө боловсруулан ажиллана.
Уг төлөвлөгөөг дараах 4 хэсэгтэйгээр боловсруулна.

1.Сарын эхний 7 хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах

2.Сарын хоёрдугаар 7 хоногт байгууллага, салбарын хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, хүнд суртал, чирэгдлийг илрүүлэх чиглэлээр судалгаа хийх, нээлттэй утас ажиллуулах

3.Сарын гуравдугаар 7 хоногт хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүн /оновчтой санал, санаачилга, шийдэл/-г  байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх

4.Сарын дөрөвдүгээр 7 хоногт үйл ажиллагаагаа дүгнэж, тайланг ирүүлэх

Дээрх үйл ажиллагааг байгууллагууд үйл ажиллагаандаа хэвшүүлэн тогтмол хэрэгжүүлж ажиллах юм байна.

Эх сурвалж: www.info.e-darkhan.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж