
Айлчлалын хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэх гол асуудал нь хоёр орны хоорондох газрын тосны худалдааг нэмэгдүүлэх, нефть дамжуулах хоолой барих асуудлаар байх гэнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чен Гуопин мэдэгджээ. Хоёр орны лидерүүд ерөнхийдөө дээрх асуудлаар тохиролцоонд хүрсэн гэнэ.
БНХАУ-ын шинэ даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын хөтөлбөрт 20 орчим арга хэмжээ багтсан байна. Си Жинпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, ерөнхий сайд Дмитрий Медведев болон бусад улс төрийн хүрээний эрхмүүдтэй уулзах аж. Мөн Орост болох Хятадын аялал жуулчлалын жилийн нээлтийн арга хэмжээнд оролцох юм байна.
Үүнээс гадна Москвагийн их сургуульд лекц уншиж, Батлан хамгаалах яаманд зочлон, Орос дахь хятад судлаачид, хятад судлалаар мэргэшиж буй оюутнууд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчидтэй уулзах юм байна.