Бэлчээрийг эзэмшүүлэх боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Бэлчээрийг эзэмшүүлэх боломжтой юу?

Газар
гэх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал монголчуудын
амьжиргаа дээшилж, тэр хэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөх боломжтой
тухай эдийн засагчид онцолдог ч Газар өмчлөлийн тухай хууль хэрэгжээд
10 гаруй жил болоход нийт иргэдийн 10 хүрэхгүй шахам хувь нь газраа
өмчилж авчээ. Тодруулж хэлбэл, 300 мянга орчим иргэн газраа өмчилж авсан
юм байна. Ийм нөхцөлд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж
хязгаарлагдмал аж. Мөн өнгөрсөн хугацаанд бэлчээрийг малчдад эзэмшүүлж,
өвөлжөө, хаваржааг нь өмчлүүлэх асуудал хэдэнтээ сөхөгдөж ирсэн ч хууль
болж батлагдсан удаагүй. Малчдын хувьд өвөлжөө, хаваржааны газраа өмчилж
авах сонирхолтой ч бэлчээрийг нийтийн эзэмшил хэлбэрээр үнэгүйгээр
ашиглах сонирхол нь давамгайлдаг. Түүнд нь үе үеийн Засгийн газар
хөтлөгдөж ирсэн бололтой, малчдад бэлчээр ашигласны татвар ногдуулахаас
зайлсхийж иржээ. Шинэчлэлийн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн
Газрын тухай багц хуулийн төсөлд ч бэлчээрийн асуудал өмнөхөөсөө
хазайсангүй. Тухайлбал, дээрх төсөлд “Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг
эзэмших эрхийг зохион байгуулалтад орсон малчдын холбоо нөхөрлөлд нэг
удаа үнэгүй олгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалттай бэлчээрийн
газрыг тодорхой болзол гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгжид нэг удаа
үнэгүй эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны бэлчээрийг эзэмшүүлэхдээ Засгийн
газраас баталсан журмаар зохицуулж байхаар тусгасан аж. Ер нь бэлчээрийн
газрыг одоохондоо журмаар зохицуулж байгаад журмын хэрэгжилтээс хамаарч
цаашдаа хуульд тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион
байгуулсан Газрын тухай багц хуулийн төсөлтэй холбогдуулан мэргэжлийн
байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийн үеэр судлаачид “Малчдад
өвөлжөө, хаваржааг нь өмчлүүлж, бэлчээрийг эзэмшүүлэх байдлаар
төлбөртэйгээр ашиглуулах цаг болсон” гэж үзэж байна. Ийм орчинг
бүрдүүлэхгүй бол газрын даац хэрээс хэтэрч цөлжилт нүүрлэж экологийн
тэнцвэрт байдал алдагдахад тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэх
болжээ. Монгол Улсын нийт газар нутгийн 76.5 хувийг хөдөө аж ахуйн
эдэлбэр газар эзэлдэг ч  96.3 хувь нь талхлагдаж өвс ургамлын гарц
буурсан гэх дүн мэдээ байна. Тиймээс ийм эдийн засгийн арга хэмжээ
авахгүйгээр малчид малын чанарт бус тооны хойноос хэт хөөцөлдөх байдал
зогсохгүй гэж судлаачид үзэж байна. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар
“Өвөлжөө, хаваржааг малчинд нь өмчлүүлэх тохиолдолд хэдий хэмжээний
газрыг зөвшөөрөх. Нэг өвөлжөөн дээр хоёроос гурван өрх байгаа тохиолдолд
хэнд нь өвөлжөөг нь өмчлүүлэх вэ зэрэг маргаантай асуудал үүсэх тул тэр
бүгдийн алтан дундажийг олсон шийдэл хэрэгтэй” гэж байв.  Үйлдвэр хөдөө
аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 160 мянган малчин
өрх байдаг аж. Тэр бүгд өвөлжөө, хаваржаагаа өмчилнө гэж үзвэл тэр нь
урт нэртэй хууль шиг аль нэг усны эх, ойн сан бүхий газарт
харьяалагдахгүй гэх баталгаагүй бөгөөд кадастрын зураглалыг
гаргахгүйгээр шийдэх нь эргээд хүндрэл үүсгэх талтай гэх болгоомжлол ч
бас байна.
Гэхдээ эцсийн шийдлийг УИХ гаргана.

Ашигт малтмалтай газруудыг яах вэ?

Малчид
мал ихтэй байхын зовлонг эдэлж хонхор дотроо багталцахгүй ядаж байхад
уул уурхайн компаниуд бэлчээр лүү нь довтлон ашигт малтмал олборлох
болсон нь бас нэг том айдас дагуулах болжээ. Доктор С.Авирмэдийн
тайлбараар бол  4000 орчим лиценз олгогдсон байдаг аж. Үүнээс 1200 нь
ашиглалтын, бусад нь хайгуулынх юм байна. Тиймээс Газрын тухай багц
хуулийн төслийг УИХ-аар батлахын өмнө Монгол Улс газар нутгийнхаа аль
хэсэгт ашигт малтмал олборлох, хайхыг зөвшөөрөх, аль хэсгийг нь бэлчээр
гэж тодорхойлох, аль нь тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагдах,
аль хэсэгтээ хот шинээр бий болгох вэ гэдэг үндсэн асуудлаа
тодорхойлохгүйгээр шууд дээрх хуулийг батлах нь эргээд холыг хараагүй
бодлого болж хувирна гэж үзэж байна. Мөн Хөвсгөл, Завхан, Архангай
аймгуудад ашигт малтмал хайх, ашиглахыг бүрмөсөн хориглох ёстой гэсэн
байр суурийг илэрхийлсэн юм. Учир нь өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн
нийт нутгийн 70 шахам хувь нь лицензит талбай эзэлдгээс малчид нь
мөнхийн айдастай амьдардаг байна. Дорноговийн Хар айраг сумын нутаг
дэвсгэрийн 90 хувь нь мөн лицензит талбай. Уул уурхайн компаниуд эхлээд
хайгуулын лиценз авч улмаар ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг учраас
малчдын хувьд хэзээ малаа бэлчээрлэх газаргүй болж хөөгдөх бол гэж
түгшиж суудаг аж. Тиймээс энэ бүхнээ цогцоор харах ёстой гэж үзэж байгаа
юм.

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц
хуулийн төсөлд ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах
зориулалттай газрыг Газрын нэгдмэл сангийн ангилалд шинээр нэмж
тусгахаар зохицуулжээ. Ингэхдээ ашигт малтмал, газрын тос, байгалийн хий
хайх ашиглах тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эзэмших хүсэлт
гаргаж тухайн шатны Засаг даргатай гэрээ байгуулдаг болох бөгөөд
гэрээндээ орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйл аливаа ажиллагаанд
саад учруулахгүй байх, малчдын эрх ашгийг хангах, худаг ус ашиглах, зам
шугам сүлжээ тавих, нөхөн сэргээлтийг тусгуулахаар заагаад байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж