Хувьцаа ээлжит хууран мэхлэлт биш байгаасай

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Хувьцаа ээлжит хууран мэхлэлт биш байгаасай

Хууль чангарахаар хулгайч нарын арга нарийсдаг гэдэг. Түүнтэй агаар нэгэн үйлдлийг улстөрийн намууд, тухайлбал эрх баригч хүчин гаргаж байдгийн бодит жишээ бол   “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр. 2008 оны сонгуулийн үеэр “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гэсэн чамин нэртэй амлалтыг бие биестэйгээ барьцан байж гаргаж ирсэн МАН, АН хоёр 2012 оны сонгуулийн өмнө  мөн л хулгайчийн нарийн арга хэрэглэсэн нь эхнээсээ илэрч байна. Зуун мянган айл нэрээр гаргасан хөтөлбөрийг батлах үед Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарчихсан байсан гэж байгаа ч асуудал аль эртнээс яригдаж эхтэйг сонин хэвлэлийн хуудас бэлээхэн батлаад өгнө. БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанитай үзэглэсэн гэрээг ч шинэчлэлийн  Засгийн газар МАН-ын хийсэн балаг мэтээр тайлбарлаж байгаа. Гэтэл тухайн үед АН-ынхан Засгаас салсан ч УИХ-д хүчирхэг сөрөг хүчин хэвээр байсан шүү дээ.

Уул уурхайн сайдын тайлбарласнаар өнгөрсөн оны сонгуулийн өмнөхөн 350 сая ам.долларыг  Чалкогоос аваад, түүнийхээ  65 хувийг нь иргэн бүрт 21 мянган төгрөг болгон тараагаад дуусчээ. Дараагийн бас нэгэн аз одгүй тохиол нь дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт гэнэ. Өнгөрсөн оны хавраас эхэлсэн нүүрсний үнийн бууралт өнөөг хүртэл олигтой сэргээгүй.  Энэ бүхнээс үүдээд Тавантолгойн хувьцааг гадаад зах зээлд гаргах, IPO хийх ажил хойшлогдсоор байгааг Д.Ганхуяг сайд учирлаж байлаа. Харин иргэд энүүхэнд хууртаад амаа таглуулахааргүйгээр хашир суужээ. Тэд иргэн бүрт олгохоор амлсан 1072 ширхэг хувьцааг яаравчлахыг, ядаж л хэзээнээс олгож эхлэх талаар тов тодорхой хариулт нэхэж байна. Тиймээс бид хувьцаатай холбоотой мэдээлэл өгч болох хэд хэдэн газрын хаалга татахад хүрсэн юм. Хамгийн түрүүн зорин очсон газар бол Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар. Халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг энэ байгууллагын зүгээс “Хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлтэй эхний ээлжийн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  тус бүр нэг сая төгрөгийг энэ оны хоёрдугаар сард олгож дууссан. Тэдгээр хүмүүст олгосон нэг сая төгрөг бол 1072 ширхэг хувьцааны мөнгөн хэлбэрт шилжсэн үнийн дүн” хэмээн тайлбарлалаа. Хөгжил хэвийн, нас залуу боловч хувьцааг бус бэлэн мөнгийг илүүд үзэх хүн цөөнгүй байсан бөгөөд одоогоос бараг хоёр жилийн өмнө тэдгээр хүмүүсийн өргөдлийг харъяа хороогоор нь дамжуулан авч байсан. Гэвч тэдэнд бэлэн мөнгө олгох санхүүжилт байхгүй тул хүссэн ч эс хүссэн ч хувьцаагаа авахаас аргагүй гэнэ. Санхүүжилт нь тодорхойгүй хувьцааг бүү хэл сар тутам иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөгийг ч 40 гаруй мянган иргэнд өгч амжаагүй байгаагаа тэд нуусангүй.

Хамаг найдвар тээн очсон Санхүүгийн зохицуулах хорооныхон ч тоймтой мэдээлэл өгсөнгүй. Тэд иргэдэд нээсэн дансны тоо төдийхнөөр ам таглав.  “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр үйлчлүүлэгсдийн тоо эрс нэмэгдэж 2009 онд нийтдээ  8803 иргэн данс нээлгэж байсан бол  2010 онд 5884 иргэн,  2011онд  113255 данс нээжээ. 2012  онд шинээр нээсэн дансны тоо  200 мянгыг хол давсан байна. Энэ нь мэдээж Засгийн газрын амлалттай холбоотой. Ерээд оны үеийн хувьцааны цэнхэр, ягаан тасалбарыг авахаар данс нээлгэсэн иргэдийг оролцуулан тоолбол хүн амын тэн хагас нь өөрийн гэсэн данстай болжээ. Одоохондоо хоосон боловч хэзээ нэгэн цагт данс дүүрнэ гэж итгээд хүлээгээд л байх уу гэсэн асуултад бидний зорьж очсон газрын мэргэжилтнүүд “Засгийн газрын л шийдвэрлэх асуудал. Бид мэдэх юм алга” хэмээн үнэнээ өчлөө. Гашуун боловч үнэнийг өгүүлсэн тэдний буруу ч юу байхав. Гагцхүү шийдвэр гаргах, гүйцэтгэх засаглалынхны  хичээл зүтгэл, мэдлэг боловсролоос хувьцааны хувь заяа шийдэгдэх ажээ. Өнгөрсөн бүхнийг буруутган “Манайхан хамаагүй. Гэрээ үзэглэж сураагүй хүмүүсийн л хийсэн ажил” гэдэг үгээр ам таглахгүйгээр хувьцааг жинхэнэ утгаар нь эрдэнийн хувь хишиг болгохын тулд юуны өмнө “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг яаравчлан батлах хэрэгтэй гэх хүн ч бас байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад орсон эл хуулийг баталчихвал монголчуудад ирэх өгөөж нь илүү байх магадлалтай.  "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 10 хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр иргэддээ эзэмшүүлнэ. Ингэхдээ  2011 оны гуравдугаар сарын 31-ээс өмнө төрсөн иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ” гэсэн шийдвэр харин хэвээр ажээ. Анх эхлэх үед иргэдэд 536 ширхэг хувьцаа олгож, үндэсний компаниудад 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдахаар гаргасан шийдвэр иргэдээ хөрөнгөтэй,  хөрөнгүйгээр нь ялгаварласан гэх эсэргүүцэлтэй тулгарч эцэстээ иргэдэд  эзэмшүүлэх хувьцааны тоог хоёр дахин үржүүлэхэд хүргэсэн. Одоогоор нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцож байгаа юм. Хувьцаа худалдаалагдах үед нэгж хувьцааны үнэ хэд хүрэхийг таашгүй. Гэхдээ иргэд хувьцааг арилжиж наймаалах эрхийг хоёрдогч зах зээлд гаргасны дараа эдлэхээр заасан. Салбарын сайд Тавантолгойн анхдагч IPO 2015 оноос наашгүй гэснээс үзэхэд хувьцааны үр шимийг үзэх цаг үе тийм ч ойрхонгүй бололтой. Тэгж байтал 2016 оны сонгууль ч дөхнө. Тэр үед иргэдэд олгох хувьцаа ээлжит шоу байжээ гэж бичиж суухгүй юмсан.

Д.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж