Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Дайны “эзэд” хэн бэ

Иракад дайн дэгдээд 10 жилийн нүүрийг үзжээ. АНУ-ын хамгийн сүүлийн цэргийн анги 2011 оны 12 дугаар сард эх нутаг руугаа буцсан. Энэ хугацаанд нас барсан хүмүүсийн тоог нэгтгэж үзвэл нэг сая хол давах тоо гарч ирдэг. Засаглалын хэлбэрийг өөрчилж, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглалтай үндсэн хуульт орон болж өөрчлөгдсөн. Засгийн эрх нэг хүний гараас олон хүний гарт ийнхүү шилжжээ. Гэтэл исламын шашны хүч нөлөө менталитетэд нь нэвт шингэсэн энэ улсад эрх чөлөө, ардчилал тийм ч амархан ирчихсэнгүй. Дайн хийсэн гол хүчин зүйл нь ч огт өөр зүйл байсныг дэлхий нийт мэдээд багагүй хугацааг үджээ. Цэрэг оруулах анхны санал санаачилга гаргасан Жорж Буш, түүний саналыг дэмжиж багагүй цэргийн хүчийг нэвтрүүлсэн Тони Блейр нар ямар хариуцлага хүлээх вэ…

Хөшигний цаана

Викиликс анх энэ талаар дэлгэсэн. Гэхдээ дайн дэгдсэнээс хойш долоон жилийн дараа л       дэлхий нийт үүнийг мэдсэн хэрэг. 391,382 мянган Иракийн дайнтай холбоо бүхий баримт, Афганы дайнтай холбоо бүхий 90 мянган баримт олонд ил болсон байна. Энэ бүгдээс харахад Иракийн газар нутагт пуужин ч юм уу, цөмийн зэвсэг хайх гэж биш газрын тосны нөөц, улс төрийн нөхцөл байдлыг нь өөрчлөхийн тулд л дайн хийсэн нь тодорхой болсон.

“Энэ бол үнэхээр зүрх шархлуулсан материалууд байсан. Өдөр бүр дайн хийж ардчилал авчрах нэрээр харгислалыг үйлдэж байсан нь тодорхой болсон. Үүнийг олон нийт мэдэх ёстой шүү дээ” гэж Der Spiegel сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жулиан Ассанж ярьжээ.

Янз бүрийн судалгаагаар Иракийн дайнд 600,000-1 саяын хооронд хэлбэлздэг. Викиликсийн судалгаар 1 сая 100 мянган хүн нас барсан байдаг бол бусад судалгаа 600-800 мянгыг заадаг. Энэ хооронд ямаршуухан үйл явдал “Иракийн дайн” гэх хөшигний цаана болж байсныг хэн бүхэн таашгүй. Ямар ч байсан олзлогдсон цэргүүдийн нүцгэн зураг олон нийтэд ил болсоны дараа чухам юу болоод байгааг дэлхий анзаарч эхэлсэн юм. Чухам энэ шалтгаанаас болж Жорж Бушийг АНУ-ын хамгийн нэр хүндгүй ерөнхийлөгч болгон хувиргасан ч байж болох.

1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэрэгжиж эхэлжээ. Дэлхийн 50 гаруй орны эрх зүй болоод хүний эрхийн асуудлыг нэгдсэн хүрээлэлд оруулах зорилгоор АНУ, Их Британиар толгойлуулсан улсууд энэ тунхаглалыг боловсруулсан хэрэг. Гэтэл үүнийг хэрхэн зөрчсөнийг олон жишээ харуулдаг. АНУ-ын Вьетнамтай хийсэн дайн, Их Британийн Аргентинтай хийсэн Фолклэндийн төлөөх бэсрэг дайн гээд явж өгнө. Хамгийн сүүлд Ирак болон Афганистаны дайнд энэ хоёр улс хамтарсанаар тунхаглалыг зөрчсөн хэрэг болсон юм.

Дайн дэгдсэнээс хойш 2,4 сая иракчууд хаа нэгтээ дүрвэсэн гэсэн судалгаа гарчээ. Одоог хүртэл дэлхийн амьдрахад хамгийн тааламжгүй орны жагсаалтад Ирак улс бичигдсэн хэвээр байна.

Тайзан дээр

Тайзан дээр юм бүгд харагдаж байгаа шигээ байсангүй. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрөөр шалтаглан Афганистанд дайн зарласан даруйд Ирак дараагийн бай болон хувирсан. Учир нь АНУ-ын ТТГ-ын мэдээллээр Аль Кайдатай Ирак улс нарийн холбогдож байсан бөгөөд зэвсэг солилцож, 9/11-ний өдөрт ямар нэгэн байдлаар оролцсон гэдгийг олж тогтоосон. Энэ бүх мэдээллийн дараа Австрали, Польш, АНУ, Их Британын цэргүүд Иракад дайн зарласан юм. Тэд эхлээд нууц зэвсэглэлийг илрүүлнэ гэж байсан ч сүүлдээ өөр газруудыг судалгаандаа хамруулж эхлэв. Сүүлд АНУ-ын батлан хамгаалах яаманд ажиллаж байсан “шүгэл үлээгч” ямарч зэвсэглэл байгаагүй гэдгийг батлав. ВикиЛиксийн мэдээлэл ч түүний хэлсэнийг баталдаг билээ. Саддамыг баривчлах ажиллагааг явуулж байхад ч жирийн иргэдийг хөнөөсөн тухай Их Британи даяар мэдээлж байв. Тони Блейрийн засаглалын үед хамгийн толгой өвтгөсөн асуудал нь Ирак, Афганистаны дайн байсан гэдгийг хожим нь өөрийн дурьдатгалдаа тэмдэглэсэн байдаг. Жорж Буш албан тушаалаа өгсөний дараа түүний хэргийг шүүх ажиллагаа зохион байгуулна гэж байсан ч амьдрал дээр хэрэгжээгүй билээ.

Зөвхөн энэ дайнд АНУ өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг их наяд 374 тэрбум долларыг зарцуулсан гэсэн судалгаа бий. Үр дүнд нь хөнгөлөлттэй үнээр газрын тос Иракаас авч байгаа. Их Британи гэхэд 32,1 тэрбум фунтийг энэ дайнд зориулжээ. Тэд ч газрын тосноос ашиг хүртэж суугаа. Олон улсын эрүүгийн шүүх энэ хэргийг 2007 онд хоёр ч удаа хэлэлцэх гэж оролдсон ч ямар нэгэн шалтгаанаар хэлэлцээгүй юм.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж