Малала дахин сургуульд явж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Малала дахин сургуульд явж эхэлжээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч Пакистан охин Малала Юсуфзай өнгөрсөн аравдугаар сард Талибанчуудын суманд өртөн хүнд шархатсан билээ. Үүнээс хойш Малала Их Британи улсад ирэн хоёр ч удаа мэс засал хийлгэж, удаан хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэснээр сургуулиасаа завсардаад байсан юм. Харин өдгөө 15 настай Малалагийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарснаар дахин сургуульд явж эхэлсэн байна. Нобелийн шагналд нэр дэвшээд буй Малала охин Английн Бирмингем хотын Эджебастон охидын ахлах сургуульд өчигдрөөс эхлэн үе тэнгийхэнтэйгээ мөр зэргэцэн хичээллэж эхэлжээ. Малала Юсуфзай дахин сургуульд явж буй анхны өдрөө амьдралынхаа хамгийн чухал өдөр гэж тодорхойлсон бөгөөд “Хүүхэд бүр үндсэн эрхийнхээ дагуу сургуульд явах ёстой” хэмээн ярьсан байна. Түүнчлэн тэрээр цаашдаа улс төр, хууль эрх зүйн чиглэлээр суралцах хүсэлтэй буйгаа ярьжээ.

 Малала өдгөө есдүгээр ангид суралцах ёстой бөгөөд тэрээр ирэх хичээлийн жилээс есдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэж эхлэх аж.

Малала охины аав Зиаудуддин Юсуфзай Бирмингем хотод орших Пакистаны консулын газарт боловсролын атташегаар ажиллах болсноор тэрээр Англид амьдарч, суралцах боломжтой болсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж