
Дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирж, улстөрчид, эдийн засагчид, бизнесмэн, хөрөнгө оруулагчдыг бодитой төвлөрч ярилцах боломжоор хангадаг Давосын чуулга уулзалт ирэх жил Монголын эдийн засгийн тоймыг хэлэлцэхээр болсон. Энэ хүрээнд шинжээчдийн багаа Монголд ирүүлж, Монголын эдийн засгийн хөгжлийг 2030 он хүртэл тоймлохоор болсон юм. Шинжээчид энэ долоо хоногт Улаанбаатарт хөл тавих гэж байна.
Тэгвэл шинжээчдэд судалгааны гол өгөгдөл болох учиртай статистик мэдээлэлд анхаарлаа хандуулья.
Экспортын 97.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна. /Үндэсний статистикийн хорооны тайлан/
Хэдэн жил дараалан экспортын 80 гаруй хувийг зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа, төсвийн орлогод уул уурхайн орлого жин дарах болсон. Гэхдээ уул уурхайн салбар үйлдвэрлэл болж чадаагүй, зөвхөн байгаагаа зөөж зарах замаар ашиг олж байгаа үзэгдэл гэж зарим нь үзэж буй. Уул уурхайн салбар жинхэнэ утгаараа үйлдвэрлэл болж чадаагүй байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдийн засгийн форумын үеэр Оюутолгойн ордоор жишээлэн тайлбарласныг энд дурдууштай. Тэрбээр “Хамгийн том ганц ордоо л босгох гэж байгаа биз дээ. Тэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад дахиад таван жил дутуу байна” гэжээ. Ийм нөхцөлд уул уурхайн тэсрэлт болж байна гэж андуурч болохгүй гэж тэрээр дүгнэв. Тэгэхээр уул уурхайн тэсрэлтээс үүдэлтэй эдийн засгийн үсрэнгүй хөгжил эхэллээ гэж үзэхэд эртдэх бололтой.
Үнэт цаасны арилжаа 2013 оны хоёрдугаар сард 18 өдөр явагдаж, 3.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 2.7 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна. /Үндэсний статистикийн хорооны тайлан/
Монголд үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржийг хөгжүүлэх асуудал бодлого тодорхойлогчдын анхаарлын төвд байгаа гэдэгт найдаж болох уу? Юутай ч өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ асуудал онцгой анхаарч, эрхзүйн зарим өөрчлөлтүүдийг хийсэн. Харин өнөөдрийн Засгийн газар энэ талаар юу бодож байгаа нь тодорхойгүй байгаа юм. Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай С.Батболдын үед өвөртөлсөн томилолтоо үргэлжүүлсээр байгаа бөгөөд түүний ажлыг авах сонирхолтой хүн Ардчилсан намд алга гэсэн албан бус мэдээлэл ч нисч явна. Үүнээс үүдээд Хөрөнгийн бирж хүн тоохооргүй “объект” гэсэн “онигоо” хүртэл гарчээ. Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөсөр хаясан уу, эсвэл…
Үндэсний хэмжээний компани, үндэстэн дамнасан корпораци гэдэг ойлголттой монголчууд нэлээд эртнээс танилцсан. “Үндэсний” компани болохын тулд хувьцаагаа бирж дээр гаргаж, олон нийтийн оролцоо, эзэмшилтэй болох ёстой. Харин үндэстэн дамнасан компани болохын тулд олон улсын хөрөнгийн бирж дээр гарч, дэлхийн өнцөг булан бүрт хувь эзэмшигчтэй болох ёстой аж. Монголд өнөөдөр амжилттай, ашиг орлоготой яваа компаниуд гэр бүл, ойр төрлийн хүрээнээсээ хэтрэхгүй байгаагаас нь эдийн засагтаа дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна гэж зарим эх сурвалж дүгнэж буй.
Эдийн засаг дахь эрээн цоохор дүр төрхийг статистикийн зарим үзүүлэлт түшиж ярихад иймэрхүү төлөв бууж байна. Бодлого тодорхойлогчид маань статистик үзүүлэлтэд үнэмшдэг эсэх, үнэмшлээ ч үүнд тулгуурлан бодлогоо гаргадаг эсэх нь эргэлзээтэй. Зарим тохиолдолд нэг “үзүүлэлт”-ийг хэд хэдэн янзаар “уншиж” өөр өөр дүгнэлт хийх нь ч бий. Иймд эдийн засгийн өгөгдлүүдээ үнэн зөв уншиж, ирээдүйн төлөвийг бодитой тодорхойлоход маань Давосын чуулга уулзалтын шинжээчдийн баг монголчуудад туслах болов уу гэсэн найдвар олон хүнд байгааг энд дурдууштай.