
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Ноэлин Хэйзерийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарын хүрээнд ядуурал, ажилгүйдэл, хөдөө орон нутгаас төв суурин газар руу чиглэж буй шилжилт хөдөлгөөн, хүн амын хэт төвлөрөлт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, тэтгэврийн хууль эрх зүйн шинэчлэл, ажлын байрыг бий болгох зэрэг олон тулгамдаж буй асуудлууд бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд гадаад харилцаа, хамтын ажиллагааны боломжуудыг оновчтой ашиглах шаардлагатай. Тиймээс цаашид ядуурлаас гарахад чиглэсэн эдийн засгийн өсөлт, ядуурал, хөдөлмөр, хүн ам, нийгмийн хамгааллын статистик, мэдээллийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа НХХ-ийн сайд Т.Ганди илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Ноэлин Хэйзер Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгджээ.