
Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Шарын гол суманд ажиллах үеэрээ “Шарын гол” ХК, Эрүүл мэндийн төв, 12 жилийн 2-р сургууль, Дулаан шарын гол ТӨХК-ийн ажил байдалтай газар дээр нь танилцсан байна.
1965 оноос олборлолт хийж эхэлсэн Шарын гол ХКомпанид Эрдэнэт, Дарханы ТЭЦ-үүдийн өрийн сүлжээг шийдвэрлэх, түүний дотроос иргэдээс авах авлагын хэмжээ дийлэнх хувийг эзэлж байгаа нь тулгамдаж буй асуудал болжээ. Авлагын нийт өр төлбөр 3 тэрбум 860,5 сая төгрөгт хүрсэн байна. Үүнээс Дархан Дулааны сүлжээ 1 тэрбум 791,1 сая, Дулаан шарын гол 150,6 сая, Эрдэнэтийн Цахилгаан Түгээх сүлжээ 1 тэрбум 918,8 сая төгрөгийн авлагатай байгаа аж. 2013 оны 7 дугаар сараас өмнө иргэдээс авах өр төлбөрийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг хурлын даргад танилцууллаа.
"Шарын Гол” компани нь 2013 онд нэг сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа бол 2016 онд 5 сая тонн нүүрс олборлож, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх зорилготой ажээ. Мөн “Дарханы Шаазгайтын нүүрсний ордын ил уурхайг нээхээр зэхэж байгаа юм байна. "Stewart” лабораторид хийлгэсэн шинжилгээгээр ордын нүүрсний илчлэг нь 6500 ккал, үнслэг чанар 10 хувиас, хүхрийн агууламж 0.5 хувиас бага аж. Ордын нөөцийн талаарх мэдээлэл одоогоор ил болоогүй байгаа ч Шаазгайт нь эрчим хүчний нүүрсээр баялаг болох нь тогтоогджээ. Шаазгайтын уурхайн үйлдвэрлэлийг энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ онд техник технологийг сайжруулахын тулд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд хөрс булалтын ажлыг эрчимжүүлжээ. Одоо тус компанид 385 гаруй ажиллагсад ажиллаж байна Ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, хувцас тоног төхөөрөмжөөр хангахад ихээхэн анхаарч, Улаанбаатараас хоёр ширхэг ажиллагсдын зөөврийн автобус худалдан авахаар захиалаад байгаа юм байна. Өнгөрсөн онд хоёр удаа ажилчдын цалинг нэмж, дундаж цалин 540,0 мянган төгрөг болжээ. Мөн ХК-ийн хувьцааны борлуулалт сайн байна. Дэлхийн уул уурхайн стандартад нийцүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. 2013 онд 1 экскавотор, Шведийн өрөмний экскавотор, 40 тн даацтай 6 ширхэг бутлагч худалдаж авсан. Цаашид 60 тн-ын даацтай КОМАЦУ, мөн 5 ширхэг экскавотор худалдан авахаар төлөвлөж байна. Техникийн шинэчлэлийг иж бүрэн шийдвэрлэхийн тулд 1 миллиард 500,0 мян.тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Шарын гол ХК-ийн нүүрсний чулуулгийн талаарх иргэдийн гомдлыг өөр аргаар зохион байгуулахыг төлөвлөж байгаа юм байна.
Харин Дулаан Шарын гол Төрийн өмчит ХК нь оны тэргүүний байгууллага болсон бөгөөд 2013 онд хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн тухай “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг аймгийн ИТХ-ын хурлын даргад танилцууллаа. Үүний дотор Шарын голын цэвэрлэх байгууламжийн төслийг хэрэгжүүлэх, мөн орон сууцнуудын люкийг шинээр солих юм байна. Тулгарч буй гол асуудал нь Шарын голын орон сууцнуудын подволийг гэрээгээр иргэдэд эзэмшүүлснээр люкээр орж, засвар үйлчилгээ хийхэд хүндрэл учирч байгаа юм байна. Тус асуудлыг Шарын голын ИТХ, ЗДТГ шийдвэрлэж өгөхөөр болжээ.
Шарын голын нэгдсэн эмнэлэг нь 250,0 сая төгрөгийн сантехникийн засвар, 52,131 сая төгрөгийн дээврийн засварыг хийх шаардлагатай байгаа тухай Шарын голын нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Гэрэлмаа ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
Мөн сумын эмнэлэг нь нарийн мэргэжлийн мэс заслын эмч байхгүйгээс Дархан сум руу явж эмчлүүлдэг нь иргэдэд ихээхэн чирэгдэл учруулдаг байна.
Шарын голын статистик мэдээгээр амьсгалын зам, зүрх судас, осол гэмтэл зонхилдог юм байна. Шарын голын сувилал нь нийгмийн даатгалын сангаас санхүүжигддэг, 410 гаруй силикозтой өвчтөн бүртгэлтэй байдаг юм байна.
Түргэн тусламжийн 4 бага эмч, 4 жолооч , 3 машин /1 фургон, 2 УАЗ 469/-тайгаар 24 цагаар иргэдэд үйлчилдэг бөгөөд бензин шатахууны хүрэлцээ муу байгаа юм байна. Тус эмнэлэгт Тогтвортой амьжиргаа төслөөр шүдний кабинетийг иж бүрэн техник тоног төхөөрөмжөөр хангажээ.
Мөн тус сумын сургуулийн барилга нь 1986 онд ашиглалтанд орсноос хойш иж бүрэн барилгын засвар хийгдээгүй байна. Тэгэхээр 170 гаруй сая төгрөгийн дээврийн засварыг нэн даруй хийх шаардлагатай аж. Мөн тус сургууль нь энэ жил сурагчдын дотуур байрыг барих тендер зарлаж байгаа бөгөөд уг ажил удаашралтай явагдаж байна гэж тус сургуулийн захирал Б.Батбаяр ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнд танилцууллаа.
Мөн багш нарын ур чадварын нэмэгдэл 30 хүртэл хувь олгогдох ёстой ч төсөв санхүүгийн улмаас 3-8 хувийн нэмэгдлийг л олгодог талаараа дурдьлаа. Шарын голын 2 дугаар сургууль нь 32 удаагийн төгсөлт буюу байгуулагдсаны 50 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлэхдээ үе үеийн төгсөгчдөө сум, орон нутагтаа бүтээлч ажил хийхийг уриалаад байгаа аж.